Хурд хязгаарлагч нь гэмтсэний улмаас цахилгаан шат гацсан гэв

Баянзүрх дүүргийн XV хорооны нутаг дахь “Тарвалин” хотхоны 48а байрны цахилгаан шат энэ сарын 28-ны шөнийн 02.00 цаг орчимд эвдэрч, нэг иргэн дотор нь гурван цаг гаруй саатжээ. Тухайн үед цахилгаан шат (лифт) хэвийн дээшилж байснаа гэнэт зогсож, зоорийн давхарт очиж гацсан аж.

Энэ талаар цахилгаан шатанд гацсан иргэний хүү “Бид аавыгаа цахилгаан шатанд гацсаныг 06.00 цагт мэдэж, гаргаж авсан. Цахилгаан шат зоорийн давхарт гацсан атлаа “Зургадугаар давхарт байна” гэсэн дохио өгч байв. Хаалганы мэдрэгч нь ч ажиллахгүй байсан” хэмээв.

“Манай хотхоны “Элч хишиг” СӨХ цахилгаан шатны ашиглалтын зардал гэж нэг өрхөөс сард 9000 төгрөг хураадаг. Дөрвөн байрнаас багадаа нэг сая гаруй төгрөг авч байгаа. Гэвч цахилгаан шатаа засуулдаггүй. Өнгөрсөн 27-нд 48б байрны цахилгаан шат гацсан” хэмээн өөр нэг оршин суугч ярив. Эл явдлын талаар өчигдөр тус хотхоны лифтчинээс тодруулах гэсэн боловч эзгүй байлаа.

“Элч хишиг” СӨХ-ны удирдлагууд “Тухайн иргэн өөрөө согтуу байсан. Цахилгаан шатанд хэдэн цагт орсныг бид хяналтын камераа шүүж, тогтооно. Манай лифтчин 24 цаг ажлын байран дээрээ байдаг. Ажил гараад эзгүй байсан ч орцны жижүүр, харуулууд цахилгаан шатны гацааг гаргах чадвартай” гээд цахилгаан шатанд гацсан иргэнийг 05.00 цагт гаргасан гэв.

Эвдэрсэн цахилгаан шат осол мэдээлэх товчгүй аж. Тус хотхоны цахилгаан шатны засвар, арчлалтыг “Бүлэнтэй” компани хариуцдаг юм байна. Цахилгаан шатанд ямар гэмтэл гарсныг тус компанийнхнаас тодруулахад “Цахилгаан шат алдаа заагаад, үйлдлээ эргүүлэн танихдаа хамгийн доод давхарт очиж зогсдог. Түүнээс биш унана гэсэн ойлголт байхгүй. Хурд хязгаарлагч алдаа заасан учраас цахилгаан шат зоорийн давхарт очиж зогссон юм билээ. Энэ бол маш жижиг саатал.

Тус хотхоны СӨХ байрныхаа зоорийн давхрыг агуулах хэлбэрээр ашигладаг, шат зогсдоггүй учир хаалгыг нь онгойлоход хугацаа алдсан байж магадгүй. Яагаад хонх тавиулаагүйг нь мэдэхгүй. Жижүүрийн өрөө байхгүй учир тавиулаагүй байх магадлалтай.

Манай байгууллага “БЛТ” брэндийн цахилгаан шат борлуулах эрхтэй, Хятадын хөрөнгө оруулалттай компани. Цахилгаан шат унасан гэх ташаа мэдээлэл тараасаар байвал хуулийн байгууллагад хандана. Ер нь цахилгааны хэлбэлзлээс шалтгаалж цахилгаан шат гацах нь элбэг” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)