Хурдны хязгаарыг нэмэгдүүлж болохгүй гэж үү

Улаанбаатар хотын авто замыг нэг үеэ бодвол сайжруулж өргөтгөн, эвдрэл гэмтэл, энхэл донхол нь багассан. Хотоос баруун тийш 22-ын товчоо өнгөртөл, зуслангийн чиглэлийн замуудыг засаж сайжруулан толийлгосон нь иргэдийн талархлыг хүлээж буй билээ. Гэвч иргэдийн бухимдлыг төрүүлж буй зүйл байгаа нь Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн зөөврийн хурд хэмжигч авчран Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийнхантай хамтран байрлуулж хойд чиглэлийн зуслангийн замд суурилуулж. Улмаар түүгээрээ жолооч нарт өндөр дүнтэй торгууль тавих болжээ.

Сайхан замаар, ямар нэгэн саад бэрхшээлгүй үед салхи татуулан давхих нь монголчуудын гэм биш зан. Тэдгээр замаар 100 км/цагаар тогтохгүй хурдалж байгаа нь лавтай. Ингэж давхиад нэг жолооч хоёр ч удаа 200-гаад мянган төгрөгөөр торгуулсан тохиолдол бий аж. Энэ бол хотоос хойших чиглэлийн зуслангийн замд гарч буй бэрхшээл.

Баруун зүгт хуучин 22-ын товчоо хүртэл замыг нь өргөсгөн зургаан эгнээтэй болгоод нэлээд хэдэн жил болж буй. Энэ замд ч жолооч нар 80 км/цагаас дээш хурдтайгаар сүнгэнэдэг нь хэвшил болсон. Тэнд 60 км/цагаас дээш хурдалж байгааг анхааруулсан автомат хурд хэмжигч суурилуулсан ч зарим жолооч түүнийг төдийлөн ойшоолгүй улам л хурдаа нэмэх нь байна. Зарим хүн нь аюулгүй байдлаа бодолцон хурдаа сааруулах нь ч буй юм. Харин хотоос зүүн болон урагш чиглэлийн зам нарийн. Энэ замд л хурд хэмжигч төхөөрөмжүүд суурилуулж, хяналт тавимаар. Гэтэл тэдгээр замуудад хурд хэмжих нэг ч төхөөрөмж байхгүй.

Жолооч нар нарийхан зам дээр хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэхдээ дүрэм зөрчих явдал байнга гаргадаг. Үүнээс болж хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол гарсаар байгаа юм. Уг нь зүүн чиглэлийн замыг өргөтгөх тухай яригдсан ч хэзээ биеллээ олох нь тодорхойгүй.

Өнөөдөр мөрдөж буй Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” хэмээн заасан байгаа. Энэ нь сүүлийн үед импортоор орж ирж буй автомашинуудын хурд, хүчин чадалтай нийцэхгүй байгаа талаар олон хүн хэлдэг. Тиймдээ ч Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаарыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж буй юм. Хурдны хязгаарыг нэмэгдүүлэх боломж байгаа. Хууль, дүрэмд байгаа тоог л нэмэгдүүлэхэд болно.

Жолооч нар хүссэн, хүсээгүй хотоос гараад л хурдаа нэмдэг. 120-130 км/цагийн хурдтай давхих бол жирийн л үзэгдэл. Японоос импортолсон зарим машин 120 км/цаг хүрээд дохио өгч анхаарал болгоомжтой явахыг сануулдаг. Арабын орнуудад 130 км/цагийг хэтрүүлбэл торгодог юм гэсэн. Энэ мэтээс үзэхэд хурдны хязгаарыг нэмэгдүүлбэл зүгээр ч юм шиг. Хууль, дүрэмд зааснаар 60-80 км/цагийн хурдтай явахаар үхэр тэргээр явж байгаа юм шиг санагддаг хүн бишгүй л олон.

Замын цагдаа нар торгож, төсөвт орлого хийх үүргээ биелүүлэхийн тулд зөөврийн хурд хэмжигчийг урхи болгон ашиглаж байна гэх хүмүүс ч бий. Тэдэнтэй миний хувьд санал нийлнэ. Хэдэн жилийн өмнө дөө. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гуанзнуудын дундуур өнгөрч явтал замын цагдаа зогсоов. “Хэдэн км/цагийн хурдтай явж байна вэ” хэмээн надаас асуулаа. Би ч 75 км/цагийн хурдтай явснаа хэлбэл суурингийн доторх хурдны хязгаар хэтрүүллээ. Тэнд ямар тэмдэг байна вэ

 гэв. 50 км/цаг гэсэн тэмдэг байв. Тэгээд торгуулаад өнгөрлөө. Хоёр хоногийн дараа буцахдаа нөгөө 50 км/цагийг заасан хурдны хязгаарын тэмдгийг хайвал огт байсангүй. Чухамдаа замын цагдаагийн ажилтнууд урхи бэлтгэн жолооч нарыг торгож байж л дээ. Одоо ч тэр тэмдэг уг замд байдаггүй юм. Эндээс үзэхэд зөөврийн хурд хэмжигчээр “урхи” тавьж байна гэж жолооч нар шүүмжлэх нь үнэний ортой.

Аливаа зүйл хоёр талтай гэдэг. Хууль дүрэмд өөрчлөлт оруулаад хурдны хязгаарыг нэмчихвэл жолооч нар түүнээс нь бас л хэтрүүлэн давхих, осол гаргах нь нэмэгдэх вий. Судалгаа шинжилгээний үндсэн дээр замын нөхцөлөө сайжруулсан тохиолдолд үүнийг нэмэгдүүлбэл цаг нартай уралдан амьдарч буй орчин цагийн хүмүүсийн цагийг бага ч атугай хэмнэх боломж гарах байх. Харин өнөөгийн нөхцөлд хууль, дүрэмд өөрчлөлт ороогүй цагт суурин дотор 60, суурингийн гадна 80, тууш замд 100 км/цагаараа явахгүй л бол торгуулийн хуудас ирэх нь зүйн хэрэг болоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)