Хурдны замын барилга 39 хувьтай байна

Манай Засгийн газар болон БНХАУ-ын “Эксим” банкны хооронд 2011 онд 500 сая ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулсан. Энэ хөрөнгөөр Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барих төслийг санхүүжүүлж эхлээд байна.

Зам, тээврийн яам (хуучнаар) 2015 оны есдүгээр сарын 18-нд БНХАУ-ын “Чайна тиэсижу инженеринг групп”-тэй Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын барилгын ерөнхий туслан гүйцэтгэгчийн түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан юм. Тус компани зам барилгын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл 39 хувьтай явж байгаа аж.

Мөн Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замыг бариулахаар 2016 оны дөрөвдүгээр сарын 15-нд БНХАУ-ын “Шанхай констракшн групп”-тэй гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч компани энэ жил төслийн 53 хувийг гүйцэтгэх график төлөвлөгөө батлуулан ажиллаж байгаа аж. Зам барилгын ажил зургадугаар сарын 30-ны байдлаар 3.9 хувьтай байсан гэнэ.

Түүнчлэн энэ өдөр өмнөд хөршийн “Шинжаан бейшин роуд энд бридж групп”-тэй Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын барих гэрээ байгуулсан байдаг. Гүйцэтгэгч компани энэ онд төслийн 53.5 хувийг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Зам барилгын ажил уржигдрын байдлаар 20.5 хувьтай байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)