Хурал бидний “брэнд” болжээ

-Хурлын утгыг алдуулж, хэлбэрдэж байна-

Ажил муутын хурал их, ам муутын шүлс их гэсэн үг өнөөгийн Монголын нийгмийн дүр төрхөд яг тохирох аж. Бүр голыг нь олчихож. Сүүлийн хэдэн арваны хугацаанд монголчууд бидний хийж гаршсан ганц ажил нь хурал зохион байгуулах гэчихвэл буруудахгүй. Улсын, байгууллагын, сургуулийн, ангийн, зөвлөлийн, бүлгийн, хорооны, холбооны гээд нийгмийн шат, нэгж болгоны хурал, цуглаан, зөвлөгөөн, форум, конференц, чуулган, зөвшилцөл зэрэг гоё нэртэй үйл ажиллагаа өдөр тутам болно. Хэтрүүлээд хэлчихэд, цэцэрлэгийн багачууд хүртэл чуулж, хуралдах л дутуу байна. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэсэн егөөдөл шиг ингэж цаг, наргүй хуралдсаар байгаад “хурал” гэдэг нь монгол брэнд болох хэмжээнд хүрч балрах вий дээ. Уг нь хуралдаж, хэлэлцсэнээрээ сайжирдаг бол бид өмнөө хэнийг ч гишгүүлэхээргүй л хөгжих ёстой.

Хурал хийж, зөвлөлдөж, зөвшилцсөний үр дүн гардаг бол “хөшөө” болтлоо суусан ч яах вэ дээ. Харамсалтай нь, бид хуралдаад байгаа хэрнээ ажил ахидаггүй нь уг арга хэмжээг утгаар нь бус, хэлбэрдэж, сүржигнэж, дүр эсгэх маягаар явуулаад байгаатай холбоотой юм болов уу. Ямартай ч хурал, цуглааныг үргүй зардал гэж шүүмжлэх хүн олон байна.

ХУРАЛ ДАГАЖ МӨНГӨ

Гуя дагаж хүзүү гэдэг биз. Тэгвэл хурал дагаж мөнгө урсана. Аливаа арга хэмжээ зохион байгуулахад эдийн засгийн хөшүүрэг байх нь гарцаагүй. Хурал, зөвлөгөөн хийх талаараа хуралдан, ярьж, төлөвлөж, танилцуулга бэлтгэх, зар түгээхээс эхлээд өчнөөн ажил ундарна. Тэр тоолонд мөнгө хэрэгтэй. Энэ бол юу ч биш, улс, аймгийн хэмжээний том хурал, семинар, чуулганд оролцох зочдын унаа, байрлах газар, хоол, ундны зардал гэж нүсэр зүйл бий. Үүнээс гадна хуралдах ордон, танхимын түрээс гэж “хөөрхөн” юм байгаа. Монголчууд бидний нэрэлхүү зан юм хойно яалтай билээ, нэр төрөө хичээж хурлаа аятайхан, гоё газарт хийхгүй бол болохгүй. Сүүлийн үед Төрийн ордондоо чуулдаг “моод” дэлгэрсэн. Ордны хурлын хоёр танхимын түрээсийнх нь үнэ цагт 100, 800 мянган төгрөг. Доторх тоног, төхөөрөмж, хэрэгсэл зэргийн үнэ тусдаа. Үүнээс ч үнэтэй түрээстэй газар өч төчнөөн бий л дээ. Төрийн ордон гэдэг утгаар нь онцолсон юм.

Хуралдаж болно оо. Гэхдээ үр бүтээлтэй, бүтээмжтэй, үр дүнтэй баймаар байна. Харамсалтай нь, олон хүнийг хамрах тусмаа сүртэй харагдах нь хурал зохион байгуулагчдын зорилго, “имиж” юм уу гэлтэй 100, 1000-гаар нь цуглуулдаг “ёс” бий болж, ялангуяа төр, засгийнхны дунд. Ерөнхийлөгч, гүйцэтгэх засаглалын тэргүүнээ дуурайгаад ийм жишиг тогтсон гэж болно. Иргэний андгай өргөх ёслол, тийм ийм өдөрт зориулсан цуглаан, шилдэг сурагчдын чуулган гэхчлэн нэг талаасаа үр өгөөжтэй мэт боловч нөгөөтээгүүр, үрэлгэн ажилд хэчнээн төгрөг зарлагадаж, тэр мөнгийг хаанаас гаргадаг бол. Жинхэнэ зардал нь хэд гарч, түүнийг нь шат шатанд хэд дахин “хавагнуулаад” эцэст нь улсын халааснаас хэчнээнийг хэн, хэн авдаг бол. АСЕМ-ын хүрээнд болсон молиго шиг хурал, зөвлөгөөн нэрээр мөнгө иддэг юм биш байгаа гэж хардах сэтгэл эрхгүй төрөх боллоо.

ХУРАЛ ХУЙВАЛДААНЫ ТАЛБАР

Уг нь ажлаа сайжруулах, төлөвлөх, хэтийн зорилгоо ярилцах гэж хуралддаг. Гэтэл хуралдаж байгаа нэрийн доор “хов базаж”, хор найруулдаг үзэгдэл манай нийгэмд газар авсан. Нам, тэдгээрийн доторх бүлэг, фракцынхны “хурлын” талаар бүр ярилтгүй, мэргэшсэн “хоролмаанууд”. Муу зүйл халдварлахдаа амархан. Улс төрийн хүрээнийхний ийм байдал спорт, урлагийнхныг ч уруу татсан. Угтаа бол нэг байгууллага хэрнээ дотроо өч төчнөөн “мөөгтэй” болчихоод, энд тэнд тусдаа хуралдахыг яана. Хоёр талд нэг байгууллагын хаягтай хурал болж, холбоод тус тусдаа шийдвэр гаргаад иргэдийг төөрөгдүүлэх нь хэвийн үзэгдэл. Сүүлийн үед олон нийтийн хурал гэж индэр дээр гарч, эсвэл микрофон бариад уйлдаг эрчүүдийн талбар болж. Хурал нэртэй тиймэрхүү шоуны үр дагавар чухам юу болох, хэнд ашигтай нь тун ойлгомжтой. Хурлын мөн чанар алдагдсан энэ мэт жишээ Монголд олон. Хамгийн гол нь хурлын шийдвэр, түүний хэрэгжилтээр тухайн арга хэмжээний үр дүнг хэмждэг жишиг дэлхийнх. Харин олуул цуглаж, сүртэй ёслол хийж, хэлбэрддэг, зарлагаддаг хурал Монголын жишиг болжээ.

Сүүлдээ олон нийт амьдралыг хуралгүйгээр, хуралдахгүйгээр төсөөлж чадахаа болих янзтай. Сүртэй нэртэй, төрийн өндөрлөг гэх болсон албан тушаалтнуудын ивээл доор явуулдаг хурал, чуулганд хөгшин хөвөөгүй одон, тэмдгээ гялалзуулаад сууж харагдана. Тэдний хажуугаар хурал чухам юуны тухай, ямар санаа, зорилготойг ч мэдэхгүй үл мэдэгчид танхимд өчнөөн байх. Ингэж хурал гэхээр уралдаж очдог бид олон нийтийн эрх ашгийн төлөө, иргэний тусын тулд зохион байгуулдаг ажил, цуглаанд харин ёстой хойрго хандана. Уг нь хурлынхаа тоогоор бол Монгол иргэдийнхээ чих, нүдийг хэдийн нээчихсэн, нийгмийн идэвхийг нь тэнгэрт тултал сэргээчихсэн байгаа. Гэтэл үнэндээ хуралдсаны үр дүн үгүй байгаа нь энэ мэт энгийн жишээнээс тод харагдана.

Баруунд олон жил ажиллаж, амьдарсан нэг уран бүтээлч залуу “Монголдоо ирээд ажил хөөцөлдөхөөр зундаа бараг бүгдээрээ амарчихсан байх юм. Намрын эхэн сард ч ийм л дүр төрхтэй. Навчис унах үеэр элдэв хурал, семинар гээд албаныхан нь олдохгүй зовлонтой. Өвөл болохоор тайлан тооцоо, дотоод хурал, шалгалттай гээд хаалга “мөргүүлнэ”. Хавар харин Цагаан сар, Март, Цэргийн баяр гээд эзэнгүй байх нь олонтоо” гэж инээх, ёжлохын хооронд ярьж билээ. Хэдийгээр тэрбээр бага зэрэг дэгсдүүлсэн ч гэлээ үнэндээ бол гурван удаа ажил хөөцөлдөж эх орондоо ирэхдээ хоёрт нь “Хуралтай” гэсэн тайлбар сонссондоо тийнхүү бухимдсан хэрэг. Түүний түнш, гадаадын нэг иргэн ч яг ийм утгатай зүйл ярьж, монголчуудын хуралддаг “хоббийг” шоглосон гэсэн. Саяхан Улаанбаатарт зохион байгуулсан олон улсын хуралд оролцсон гадаадын төлөөлөгч ч ийм утгатай зүйлийг ярилцлагадаа дурдсан байна лээ шүү. Нээрэн бүгдээрээ хуралдаж суусаар хөшөө болох вий дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)