ХУН гэхнээ ХҮН...

Монголын балетын урлагт тодоор гэрэлтэх од, Ардын жүжигчин Ю.Оюун агсан, түүний хань Г.Баясгалан нарын “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагаас 19 жилийн өмнөх урлаг, спортынхны бэлтгэл сургуулилалтын нөхцөл байдал, хангамж ямар байсан нь харагдана. Ардын жүжигчин, Төрийн шагналт балетмейстер Б.Жамьяндагвын хэлснээр “Хамгийн гоё гартай хун” маань эл ярилцлагаас гурван жилийн дараа 48 насандаа тэнгэрт хальсан билээ. 

1997 оны дөрөвдүгээр сарын 12. Бямба ¹ 073 (111)

Хөлгүй цэнхэр нуурын дээгүүр хөмсөг гоо саран алгуур мандаж, сарны цагаан цэнхэр туяа нуурын долгисыг хучин авахуй, усны мандалд ойсон гэрэл ганцаардах мэт алс тэнгэрийн тэртээд уусаж одно.

Нуурын эргээр даль цагаахан үзэмж гоо хун шувуу хөнгөхнөөр дэгдэн, нойтон элсэн дээр мөрөө үлдээхүй мөнөөх мөр нь шувууных бус үзэсгэлэн төгөлдөр бүсгүй хүний нүцгэн хөлийн мөр байв аа. Энэ чинь хүн үү дээ. Хүн гэхнээ хун, хун гэхнээ хүн...

Түүнээс цацрах гэрэл гэгээнд шөнийн харанхуй зайгаа тавин өгч, уран тансаг хөдөлгөөн, гуалиг гарынх нь гоёмсог бүжихийг даган сэтгэл минь үелзэнэ. Одоо бол тэр хун ч биш, хүн ч биш болжээ. Түүний хөдөлгөөний аясаар сэтгэл минь нэгэнтээ агаар тэнгэрт эрчээ аван нисэж, тэгснээ цагаан гунигт автан гиюүрч, уйтгарлан шаналж, бас хоромхноо баяр жаргалаар бялхах аж. Цагаан хунгийн араас гэтэх мэт гарч ирсэн хар хунг хараад зүрх минь түгшүүрээр дүүрч, цээжиндээ багтахгүй болтол цовхчин айж, өширхөж... Цагаан хунг хайрласан хайр минь хар дарсан зүүдээр солигдох нь тэр. Хун гэтэл хүн, хүн гэтэл хун... Би орчлон хорвоогийн хаахна нь явна аа. Тэр чухам хэн юм бол?

П.Чайковскийн “Хунт нуур”, “Нойрсож буй гоо бүсгүй”, “Шелкунчик”, Л.Минкусийн “Дон Кихот”, А.Аданы “Жизель”, Ж.Чулууны “Уран хас” зэрэг сонгодог балетын гоцлол дүрүүдээр 1970, 80-аад оныхны сэтгэл зүрхэнд амьдарч Монголын сонгодог урлагийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан хүн бол Ардын жүжигчин Ю.Оюун билээ.

1964 онд “Ленинград гэдэг сайхан хотод очиж суралцана” гэсэн дэврүүн хүслээс өөр юмгүй дөнгөж арван настай жаал охин шалгалт өгсөн 1500 хүүхдээс эхний аравт багтан шалгарч А.Я.Вагaновагийн нэрэмжит бүжгийн академийн дунд сургуулийг зорьсноор их урлагт анх хөл тавьжээ.

-Хоёул тэр үеийн арван настай Оюунаа охины тухай ярилцвал яасан юм. Сонгодог урлаг, балетын талаар ямар нэгэн ойлголт байсан уу?

-Их хурдан хөдөлгөөнтэй, жижиг биетэй сэргэлэн охин байсан. Ээж маань намайг зургаан настайд нас барж, би эмээ, өвөө хоёр дээрээ өссөн юм. Тэр үед хүүхэд байтугай томчууд балетын тухай ямар ч төсөөлөл, ойлголтгүй байсан цаг. Ленинградад суралцах хүүхэд шалгаруулж авна гэхээр нь л ямар сургууль, юу заадгийг нь ч мэдэхгүй шалгалт өгсөн нь тэр. Хувь тавилан намайг балеттай учруулсанд би одоо ч баярлаж явдаг.

-Хүний нутагт найман жил сурна гэдэг хүүхдэд ахадсан хэрэг. Нутаг, гэр орон, эмээ, өвөөгөө их санадаг байсан байх даа?

-Хүүхэд юм болохоор эхэндээ санана гэдгийг ч мэддэггүй байлаа. Харин овоо том болоод ирэхээр нутаг ус санагдаж эхэлдэг юм билээ. Эх орон, монгол газар шороо, үндэсний бахархал тэнд бий болж төлөвшсөн.

-Тэр үеийн монгол үзэгчдийн сонгодог урлагийг хүлээн авах чадвар ямар түвшинд байв. Олон орноор явж тоглолт хийж, уралдаанд оролцож байхдаа гадаадын үзэгчдийг монголынхтойгоо харьцуулан боддог байв уу?

-1970-аад онд эвлэл, олон нийтийн шугамаар хүмүүсийг нэгдсэн журмаар тоглолт үзүүлдэг байлаа. Энэ нь ч манай ард түмэнд сонгодог урлаг, балет гэсэн ойлголт бий болоход их нөлөөлсөн. Анхандаа хүмүүс зүгээр л сонирхоод үздэг байсан бол сүүлдээ “Нойрсож буй гоо бүсгүй”-н Аврорад Оюун тоглож байна уу, эсвэл Галина тоглох уу гэдгийг ялгаж үздэг болсон нь тэдний ойлголт нэлээд өндөр түвшинд хүрснийг харуулах байх. Үзэгчдийн хэрхэн хүлээн авч буй нь алга ташилтаас шууд мэдрэгддэг юм. Сонгодог урлаг агуу болохоор хүнийг өөрийн эрхгүй л байлдан дагуулна шүү дээ.

-“Хунт нуур”-ын хар ба цагаан хун, “Мөнгөн залаа” бүжгэн жүжгийн шулам ба лусын охин гээд л эсрэг, тэсрэг дүрүүдийг нэгэн зэрэг тайзан дээр амьдруулж хүмүүст хүргэнэ гэдэг...?

-Тийм ээ, маш өндөр ур чадвар шаардсан хэрэг. Ингэж чадахгүй юм бол өөрийгөө балетчин гэж дөвийлгөж бодсоны хэрэггүй гээд хэлчихвэл онгирсон болохгүй байх. Нэгд нь тоглож болсон юм, нөгөөг нь чадах л ёстой. Урлагийн эзэн хаан нь, эцэг нь нөр их хөдөлмөр гэж би боддог.

-Урлагт, ялангуяа балетад хослон бүжиглэж буй хүн их чухал юм шиг санагддаг?

-Тэгэлгүй яах вэ. Нэгэн хүн шиг л зүтгэж, адилхан л хөлсөө урсгана шүү дээ. Тэр хэрээрээ уран бүтээлчийн аз жаргалыг ч бас хуваалцана. Төгсөж ирчихээд Оюунбаттай хэдэн жил бүжиглэсэн. Бид хоёр 1974, 1976 онд Болгар, Москвагийн олон улсын уралдаанаас тусгай шагнал авчирсан. 1978 оноос Ганбаатартай бүжиглэж, 1978, 1980 оны Японы олон улсын балетын жүжигчдийн урлагийн фондын тусгай шагнал, болор цомоор шагнуулж, хүрэл медалиар энгэрээ мялаасан. 1981 онд Москвагийн олон улсын балетын жүжигчдийн уралдааны хүрэл медалийг талийгаач Батсайхан бид хоёр авчирч байлаа. Энэ урлаг Монголд 20, 30-хан жилийн дотор ийм өндөр түвшинд хүртэл хөгжиж чадсаныг гайхан, толгой сэгсрэх хүн олон л таарсан. 70, 80-аад он бол Монголын балетын өрнүүн үе гэж би нүүр бардам хэлнэ.

-Шилжилтийн энэ үед урлаг тэр дундаа сонгодог урлаг хамгийн их хохирч байх шиг... Балетын жүжигчдийн хойч ирээдүй хаана явна?

-Урлаг, тэр дундаа сонгодог урлаг нэгэнт олж авсан түвшнээсээ алгуур доош бууж, ур чадвар нь мөхөсдөж байгаа нь харамсалтай хэрэг. Өнөөдөр дуулж байгаа Сараа, марзганаж байгаа Батзаяа, Чаминчулууныг маргааш гэхэд орцны дуучдаас эхлээд орлох хүн мундахгүй. Харин сонгодог урлаг дахин хөл дээрээ бостол 20-30 жил шаардана гэдгийг мартаж болохгүй. Балетын хойч үе сайн бэлтгэгдэж байна гэж би хэлэхгүй. Үзэгчид маань ч, урлагийнхан, уран сайханчид ч өөрсдөө сонгодог урлагийг нийгмийн хөгжлөөр орж ирж байгаа урсгалаас ялгаж чадахгүй байх шиг. Балетын хойч ирээдүй уг нь Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид бэлтгэгдэх ёстой. Гэтэл тийм нөхцөл бололцоо алга. Дулаан байранд хөлсөө гартал дасгал сургууль хийх ёстой хүүхдүүд маань бэгнэж суухаас өөр аргагүйд хүрч байна. Шалгалт өгсөн 50, 60 хүүхдээс 10-ыг нь авдаг болохоор шалгуур өрсөлдөөн дэндүү явцуу хүрээнд өрөөсгөл болох боллоо. Нэг жишээ хэлэхэд л, ноднин манай заалны тааз, дээр нь явж байсан хүнтэйгээ нураад ороод ирсэн. Инээх ч юм биш л дээ. Ямар байгааг л харуулж буй хэрэг. Сонгодог урлагийн өнөөгийн байдлыг улсаас харж үзэхгүй бол тун ч удахгүй монголчууд дэлхийн дэвжээнээс шахагдах нь.

-Балетын жүжигчний хувьд таныхаар урлаг гэж юу вэ. Оюунаа дахин төрлөө гэж бодъё. Тэгвэл та урлагийн хүн болох уу?

-Нүсэр, уйгагүй хөдөлмөрийн дүнд бий болсон бүтээл бол урлаг. Хүний дотоод сэтгэлийн дээд хэмжүүр бол урлаг. Тиймээс ч урлагийг хэмжиж, тоймлож болдоггүй. Нууц нь үл тайлагдах, оргил нь үл үзэгдэх зах хязгааргүй... Би үгээр юу гэж илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Гэхдээ би дахин төрвөл урлагийн хүн болохгүй. Халширч байна гэх юм уу даа.

Оюунаа эгч бид хоёрыг ийн ярилцаад сууж байх зуурт гэрийн эзэн Баясгалан гаднаас орж ирсэн юм. Бөх сонирхогчид түүний тухайд сайн мэдэх болохоор элдвийг нуршихаа хойш тавья.

-Урлагийн хүний нөхөр байна гэдэг хэцүү юү. Оюунаа эгчийн тоглосон балетыг үзээд сууж байхад юу бодогдох юм?

-Шаналах, түгших, баярлах зэрэгцдэг. Одоо яачих бол, алдчих вий гээд л түгшинэ шүү дээ. Манайхны бөхчүүд “Авгайгаа харддаггүй юм уу, эвгүй, эвгүй барилт ч байна шүү” гэлцдэг. Хар багаасаа ханилсан болоод ч тэр үү, надад тэр хар гэдэг юм нь байдаггүй шиг байгаа юм.

-Оюунаа эгч танаар ардын бүжиг заалгасан гэж ярьсан?

-Би ардын бүжигт их дуртай. Оюунаад “Агсал”-ыг зааж байсныг л хэлээ юм болов уу. Хүү Цогтыгоо сургууль төгсөх концертод “Жалам хар”-ыг бүжиглэхийг үзээд уйлж билээ. Ээжтэйгээ хамт З.Хангалын “Эрдэнэсийн уулс”-ын балетын хослолд бүжиглэхэд нь их баярласан шүү.

-Одоо ч урлаг, спортынхон адилхан л бадар барих болж дээ. Амжилтад нөлөөлөх нь мэдээж?

-Тамирчид маань олон улсын тэмцээнд явах боллоо гэхэд л бэлтгэл сургуулилалтаа хаячихаад л мөнгө хайгаад харайчихна шүү дээ. Албан газар, компаниудын хаалга татаж харайлгаж харайлгаж онгоцонд суусан хойноо л тэмцээнийхээ тухайд бодож эхэлдэг гэхэд хилсдэхгүй. Урлагийнхан ч ялгаагүй. Хангамж, нөхцөл муу болохоор өндөр амжилтын тухайд ярихын ч хэрэггүй. Батбаяр яагаад ийм богинохон хугацаанд мэргэжлийн сүмод өөрийн байр суурийг эзлэх болов. Хангамж сайн, талх, сүү, мөнгө гэж санаа зовохгүй бүхий л нөөцөө зөвхөн бэлтгэлдээ хандуулдгаас л тэр шүү дээ.

-Оюунаа эгчийг Гавьяат жүжигчин, Ардын жүжигчин цолыг гардан авсан үеийг дурсахгүй юу?

-Баярлалгүй яах вэ. Оюунаа авах ёстой юмаа л авсан. Монголын 49 дэх Ардын жүжигчин, 457 дахь Гавьяат жүжигчин болсныг одоо ч тодорхой санадаг юм. Бурмаар шагнахаар урмаар шагна гэж үг бий. Урлаг, спортынхонд бол юунд нь харамлах вэ, болж л өгвөл бүгдийг энгэр дээр нь зүүгээд өгөх хэрэгтэй. Гэхдээ ямарваа шагнал урамшил, Төрийн соёрхолд ч гэсэн хэмжүүр гэж байх ёстой.

-Балетынхныг хүүхэд төрүүлэхийг хориглодог гэж хүмүүс ойлгодог?

-Тийм үе ч байсан шүү. Намайг 1974 онд 

Баянхонгорт ажиллаж байхад Оюунаагаас үр хөндөлт хийлгэх зөвшөөрөл гуйсан цахилгаан ч ирж байсан. Одоо хүртэл хадгалдаг юм. Бид хоёр олон шалгуур туулж байж хоёр хүүтэй болсон. Оюунаа маань 26-тайдаа том хүүгээ гаргасан даа.

-Оюунаа эгч ээ, та түрүүн “Баясаа надад их юм сургасан” гэж хэлсэн. Нөхөр тань спортын хүн болохоор та ч бас шаггүй тамирчин байх даа?

-Баясаагийн өрнүүн, оргилсон сэтгэл намайг дандаа тэжээж байдаг. Нээрэн ч би түүнээс их юм сурсан. Манай хүн толгой, шийр идэх дуртай. Ядаж л гэдэс арилгахаас өгсүүлээд айлын сайн эзэгтэй болоход Баясаагийн нөлөө их. Түүгээр ч барахгүй дугуй унаж, цанаар явж сурсан. ХБХБ тэмдгийн нормыг төвөггүй биелүүлнэ гэж боддог шүү. Бид амралтаараа аяллаар явдаг. Хэнтий, Архангай, Хөвсгөл гээд л ирэх зун хаашаа “тэнүүчлэхээ” товлоогүй л байна.

-Галина Ульянова 60 нас хүртлээ бүжиглэсэн. Одоо Таныг бүжиглэвэл хүмүүс их л хөхүүн хүлээж авна даа. Хүүхдүүд тань урлагийн хүн болж байгаа сурагтай?

-Би одоо 45 настай. Өдрийн од шиг ганц хоёр удаа тоглоход халуунаар хүлээж авдаг нь намайг баярлуулдаг. Тайзаа санадаг л юм. Хүүхдүүдтэй ажиллахад урамтай, сайхан байдаг болохоор Хөгжим бүжгийн коллеж миний сэтгэлийг татсан. Том хүү маань Өмнөд Африкт тоглож яваа. Бага нь ч гэсэн цирк сонирхоод байх юм. Хоёулаа л урлагийн хүн болох бололтой.

-Залуу гэр бүлд хандаж юу хэлэх вэ?

-Амьдрал хатуу хуулин дээр тогтдог юм. Сургууль, багш л гэнэ, үнэндээ гэрийн орчин хүүхдэд хамгийн их нөлөөлдөг. Хүүхдээ хүндэлж байж өөрсдийгөө хүндлүүлнэ. Боломжтой цагтаа Баясаа бид хоёр хааяа хүүхдүүдтэйгээ “Улаанбаатар” ресторанд ордог байлаа. Чамирхаж байгаа юм биш. Хүүхэд тэндээс наад зах нь сэрээ, хутга яаж барихыг, олны дунд биеэ хэрхэн авч явахыг сураад гарна.

Бид өөр олон зүйлийн талаар удтал ярилцсан юм. “Том хүүгээ Өмнөд Африкаас ирэхээр Оюунаагийнхаа тайлан тоглолтыг хийлгэх санаатай байгаа. Тэгэхэд л Оюунааг тайзан дээр харж болох юм” гэж гэрийн эзэн Баясгалан ярьж сууна. Тийм ээ, “Хунт нуур”-ын хар, цагаан хунгийн дүрийг тайзан дээр амьдруулж ур чадвараараа дэлхийд гайхуулсан тэр эмэгтэй бол Оюунаа, хун биш хүн байлаа. Гэхдээ тэр хун. Цагаахан далиа омог бардам дэлгэсэн, буцаад нуурандаа л буух хун бөлгөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)