“Хунт нуур” шинэ ханхүүтэй боллоо

Дэлхийн сонгодог бүтээлүүдийн нэг П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг ДБЭТ-ын уран бүтээлчид уржигдар тоглолоо. Энэ удаа шинэ ханхүү “мэндэлсэн” юм. Тодруулбал, “Хунт нуур”-ын ханхүү Зигфридийн дүрд тус театрын залуу гоцлооч Ө.Мөнхжин тоглов. Тэрбээр “Ханхүүгийн дүрд бүжиглэх сэн гэж нууцхан хүсдэг байлаа. Эл балетыг манай театрын уран бүтээлчид сар бүр тоглодог. Би ч уран бүтээлийн гараагаа тус балетын туслах дүрээр эхэлсэн. Энэ удаа найруулагч надад боломж олгож, хүсэж явсан дүрийг минь оноолоо” гэж ярилаа.

Гоцлооч Ө.Мөнхжин найман настайгаасаа спортын гимнастикаар хичээллэжээ. 10 настайдаа ХБК-д шалгуулан тэнцэж, улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний тэтгэлгээр ОХУ-ын Пермь хотын Бүжгийн урлагийн сургуульд найман жил суралцсан байна. Ө.Мөнхжин өнгөрсөн онд ДБЭТ-ын босгыг давснаасаа хойш “Щелкунчик”-ийн ханхүү, “Амттаны доктор”-ын Шоргоолжны хаан зэрэг дүрд бүжиглэж байв. Сонирхуулахад, тэрбээр 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон олон улсын IBCC уралдааны хосын төрөлд тусгай байрт шалгарч, өнгөрсөн сард ОХУ-д зохион байгуулсан Евразийн балетын урлагийн уралдаанаас мөнгөн медаль хүртжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)