Хумсны “яриа”

Хүний эд, эрхтнүүд тодорхой хэмжээгээр эрүүл мэндийн толь байдаг. Ялангуяа хэл, арьс, хумс хамгийн “ховч” эрхтэн. Та хумсаа ажиглаад үзээрэй. Доод талд нь нумарсан цагаан хэсэг бий. Үүнийг сар гэдэг аж. Ямар нэгэн зовиургүй ч гэсэн хумсаа ажиглаад эмчид хандахад гэмгүй.

Хумсан дээрх цагаан толбо тодорхой хэмжээтэй буюу гурав хуваасны нэгд нь байх ёстой бөгөөд үүнээс том бол зүрх, судас болон мэдрэлийн систем асуудалтай гэсэн үг. Үүнээс эсрэгээрээ сарны хэмжээ хэт бага бол дархлаа суларсан, цусны даралт багын шинж гэнэ. В-гийн төрлийн аминдэм дутахад мөн ийм шинж илэрдэг байна.

Мөн аминдэм, төмөр зэрэг эрдэс бодис дутсаных. Хэрэв эл сар харагдахгүй бол мөн ийм асуудалтай гэсэн үг юм байна. Зарим хүн ажил, мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалан химийн бодистой харьцдаг. Үүнээс үүдэн хумсны сар харладаг бөгөөд тийм бол даруй эмнэлэгт хандаарай.

Хумсны өнгө нилэнхүйдээ шарлах нь элэг ямар нэгэн хэмжээгээр өөрчлөлттэйг илтгэдэг аж.

Үүнээс гадна олон жил тамхи татсан хүний хумсны өнгө шарлах нь бий.

Ходоодны хүчил, шүлтлэгийн тэнцвэр алддагдсан үед хүний хумс амархан сэтэрч, цуурдаг байна. Тодруулбал, давс их хэрэглэдэг хүмүүс үүнд анхаарах учиртай. Үүнээс гадна хумс нимгэрч амархан хугардаг болох нь цинк, селен хэмээх эрдэм бодис биед дутсаныг өгүүлж буй.

Хумсан дээр цагаан толбо гарвал цинк дутсаны шинж. Том хүн өдөрт хоол хүнсээрээ дамжуулан 9-11 мг цинк авах ёстой. Хүүхдийн хувьд эл хэмжээ 2-8 мг байдаг. Жирэмсэн болон хөхүүл эхэд хоногт 13 мг хүртэл цинк шаардлагатай. Ногоон навчит ургамал, мах, өндөгний шар уураг, гурил, самар, будаа цинкээр баялаг.

Саран дээр нь улаан хүрээ татсан бол та зүрхээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай.

Харин саран дээрх толбо хөх туяатай бол та уушгины эмчид хандаарай.

Хумс, хурууны зааг хэсэгт улайвал холбогч эдийн эмгэг байж болзошгүй. Манайхан үүнийг ганц хуруудах нь гээд тоохгүй явдаг талтай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)