Хумсаа мэрдэг, шүдээ угаадаггүй

“Алдартай болж, олны танил байхын давуу тал гэж бараг байхгүй, үзвэр, худалдааны газарт л хааяа хэрэг болдог” гэж Холливудын олон жүжигчин, найруулагч, продюсер ярилцлагадаа дурдсан байдаг. Тэгвэл хүмүүст танигдсаныхаа “төлөөсөнд” тэд заримдаа хувь хүн биш болох шахдаг. Уг нь тэд ч гэсэн бидний л “өрөөсөн” шүү дээ, уйлна, дуулна, унтана, иднэ гээд ялгаагүй л бие махбодтой, физиологийн шаардлагатай. Гэтэл үзэгчид, шүтэн бишрэгчид нь алдартай жүжигчин, дуучдыг үргэлж тэнгэрийн од мэт гялалзах ёстой гэж “шаардаж”, сэтгэлд нь таалагдахгүй бол, эсвэл жирийн бидэн шиг байсных нь төлөө газар доор ортол муулдаг. Үргэлж өлөн нүдтэй явдаг папарацциуд бол бүр ярих юмгүй. Тэд олны танил хүмүүсийн гэдсэнд орсон хоол хэр исэлдэж, хэрхэн боловсорч байгааг “уудлан, гаргах” шахдаг. Тэдний аманд “орсон” оддын талаар, бүр тодруулбал олны танил хүмүүсийн муу зуршлын талаар түүвэрлэн хүргэе.


РОБЕРТ ПАТТИНСОН

Охид, бүсгүйчүүдийн шүтээн болсон “хөөрхөн” залуу Р.Паттинсон ариун цэвэр сахих талдаа маруухан гэнэ. Тэрбээр үрчийсэн, хиртэй хувцастай явах нь бараг хэвийн үзэгдэл. Нүднийхээ нуухыг ч угаалгүй явж байгаад папарацциудын “хоол” болсон нь олонтаа.

ЖУЛИЯ РОБЕРТС

“Хөөрхөн хүүхэн” орлогоороо мэргэжил нэгтнүүдээ байнга шахам тэргүүлдэг. Тэгсэн хэрнээ гоо сайхандаа мөнгө зарцуулдаггүй, хэнэггүй гэж муулуулдаг. Биеийнхээ “илүүдэл” үсийг хусалгүй явж байгаад “гардуулсан” нь ч цөөнгүй аж. Ингэж муухайгаараа цоллуулдгаа мэдсээр байж алдаагаа засах гэж оролддоггүй нь хамгийн их асуудал гэдгийг Хэвлэлүүд байнга онцолдог. Ж.Робертс энэ тухайгаа нэгэн ярилцлагадаа “Дэлхийн усны нөөц хомсдож байхад өдөр болгон шүршүүрт орж, шингэн алтыг урсгах хэрэггүй” гэж учирласан байдаг.

ЖЕССИКА СИМПСОН

Үзэсгэлэнтэй, сайхан хоолойтой дуучин бүсгүй өөрийн муу зуршлыг нуудаггүй. Долоо хоногт гурав, дөрвөн удаа л шүдээ угаадаг, заримдаа цамцаараа “сойзоддог” талаараа мөн л ярилцлагадаа дурдсан нь бий. Харин сүүлийн үед шүд цоорох өвчнөөс болоод ариун цэвэр сахихдаа жаахан анхаарах болсон гэнэ.

Үүний эсрэг буюу шүдэндээ анхаардаг оддын нэг нь дуучин Кэтти Перри. Тэрбээр шүд цайруулагч наалтнаас салдаггүй гэнэ. Зав л гарвал хаана ч хамаагүй наачихна. Мөн өдөрт зургаагаас дээш удаа шүдээ угаадаг гэсэн.

КЭМЕРОН ДИАЗ

Дэлхий дахинд танигдсан жүжигчин К.Диаз бохир хувцастай явдаг “нүгэлтэй”. Нэг хувцсаа өдөр алгасахгүй өмсөхдөө угааж, цэвэрлэдэггүй гэсэн, тэрбээр. Ингэж “үнгэж үлгэж” байгаад нөгөөх хувцсаа угааж, цэвэрлэхийн оронд шууд л хогийн сав руу шидчихдэг юм байна. Үүнээс гадна биеийн үнэр дарагч огт хэрэглэдэггүйн улмаас заримдаа эвгүй байдалд ордог аж. Үүнийгээ ч нуулгүй ярьсан удаатай. Тэрбээр хумсаа мэрдэг, хүнтэй мэндэлдэггүй гээд өчнөөн муу зуршилтай аж.

Хумсаа “иддэг” Дэвид Бекхэм, Кристен Стюарт, гэх зэрэг алдартан цөөнгүй.

ЖЕННИФЕР ЭНИСТОН

Түүний зуршлыг муу гэх, эсэх нь эргэлзээтэй. Хэтэрхий сүсэг бишрэлтэй тэрбээр онгоцонд орохдоо заавал баруун хөлөө эхлээд тавьдаг гэнэ. Орсныхоо дараа бүхээгийн цонх, хаалга, ханыг заавал тогшиж үздэг байна. Ингээд болоогүй, замын турш хумсаа мэрдэг болохыг гэрчлэх хүн олон ажээ.

Өөр нэг хачин хүн бол Кристиан Бейл. Тэрбээр үнэндээ бүтээсэн дүрээсээ тэс өөр хүн гэнэ. Үзэгчдийн хайртай “Бэтмэн” хар мууртай таарвал замаа заавал буруулдаг аж. Яг ийм шалтгаанаас болж ослын шатаар өгсөж, бүр толь хагалж явсан удаатай.

ЖАСТИН ТИМБЕРЛЕЙК

Дуучин, хөгжимчин энэ залуу хамраа ухах дуртай. Олон нийтийн газарт явахдаа ч өөрийн мэдэлгүй ийм үйлдэл хийж хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргадаг гэнэ. Энийгээ өөрөө мэддэг ч засах, нуух оролдлого хийдэггүй “Багаасаа л сурчихсан юм” гэж хэнэггүй хариулдаг аж.


Бэлтгэсэн: Э:Хана


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)