Хулгайч нарын барааг борлуулдаг “Урт цагаан”-ы ченжийг баривчилжээ


Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд оршин суух айлаас үнэт эдлэл хулгайлсан Б-г НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Иргэдэд их хэмжээний хохирол учруулсан дээрх этгээд хулгайлсан эд зүйлээ “Урт цагаан”-д үйл ажиллагаа явуулдаг алт, мөнгөний дархан ченжид авчирч худалдсан нь шалгалтын явцад тогтоогдсон аж. 

Улмаар хулгайн эд зүйл худалдан авсан байж болзошгүй ченжийн ажлын байранд прокурорын зөвшөөрөлтэйгөөр дээрх хэлтсийн алба хаагчид үзлэг, нэгжлэг хийж, 30 орчим хөөрөг, алт, монет болон бусад үнэт эдлэл хураан авч, мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж буй гэнэ. Тухайн ченжээс хураасан үнэт эдлэлээс дөрвөн хөөрөг нь хулгайч нараас худалдан авсныг цагдаагийнхан тогтоожээ. 

Тиймээс бусад эд зүйлийг айлуудаас хулгайлсан байж болзошгүй гэж үзэн хохирогчдыг эрэн сурвалжилж байгаа юм. Зураг дээрх эдгээр эд зүйлийн дунд таны хулгайд алдсан болон ижил төстэй үнэт эдлэл байвал НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандахыг сануулав. 

Зохих зөвшөөрөлгүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж, хулгайн эд зүйл худалдан авдаг байсан алт, мөнгөний дархан, ченж болон хулгайн хэрэг үйлдсэн Б нарыг өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид яллагдагчаар тооцон хорьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)