Хулгайн анчдыг хазаарлах хүч зөрчлийн хуульд бий юү

Судлаач, эрдэмтэд байгаль орчны тулгамдсан асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр Монгол орны ховор амьтдын талаар сонирхолтой илтгэл тавьсан МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, дэд профессор Д.Лхагвасүрэн уртаар санаа алдан “Амьтны нөөцтэй холбоотой сайн, сайхан мэдээ даанч алга. Дандаа л агнасан, хорогдсон, устсан, худалдсан тухай ярих болох нь” хэмээн ихэд гонсгор өгүүлсэн.

Байгаль орчин, тэр дундаа зэрлэг амьтадтай ойр байх, тэдэнд тулгамдаж буй аюул бэрхшээл, алив мэдээллийг урьтаж мэдэх, тандах, хүлээж авах боломж олгодог мэргэжил нь түүнийг эл асуудалд хэн хүнээс илүүтэй эмзэглэж, хямрахад хүргэжээ. Тэр хэлсэн шигээ, зэрлэг амьтадтай холбоотой баахан бараан мэдээлэл, статистикаар биднийг “бөмбөгдчихөөд”, эцэст нь “Энэ байдал өөрчлөгдөнө гэж найдаж л байна. Хэрэгжүүлж, мөрдөж чадвал Зөрчлийн хууль амьтны хууль бус худалдааг таслан зогсооход их нэмэр болно” гэсэн юм.

Саяхан БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтнүүдтэй уулзахад ч яг ийм зүйл ярьж байв. Салбарынхаа халуун тогоонд ажиллаж буй тэд Зөрчлийн хуульд яагаад ингэтлээ найдах болов, цаашлаад хууль бус агнуур, амьтны эд, эрхтний худалдаа Монголд өдгөө ямар байгааг тандахад хүргэлээ.


ХОРООСООР, ХУДАЛДСААР...

БОАЖЯ, Лондоны амьтан судлалын нийгэмлэг, Гаалийн ерөнхий газар хамтран хэвлүүлсэн “Монгол орны хууль бус худалдаанд өртөж буй ургамал, амьтан” хэмээх шинэ номд дурдсанаар хууль бус агнуур, эд эрхтний худалдаа сүүлийн жилүүдэд дандаа дээш цойлсон үзүүлэлттэй гарчээ. Үүнд загас, шавьж, шувуу, хөхтний ангиллын 77 зүйл амьтан хамгийн ихээр өртөж буй гэнэ. Монгол орны амьтны нөөцийг бүрдүүлэгчдээс 768 толгой нь 2011 онд хомхой сэтгэлтнүүдийн гарт үхсэн бол дараа жил нь 1060 болж өссөнийг МУИС-ийн Биологийн тэнхимийн багш нар хэллээ.

Тусгай болон судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар, соёл, бэлэглэлийн журмаар гээд тэртээ тэргүй жилд хэдэн зуугаар нь зэрлэг амьтдаа “заазалдаг” байтал хулгайн анчдад ийн мянга, мянгаар нь “бэлэглэж” боломгүй. Гэвч бодит байдалд төр нь ч, хулгайн анчид нь ч хоттой хонь руу улангасан дайрах чоно аятай амьтдыг намнасан хэвээр. Холбогдох байгууллагаас хамгийн сүүлд гаргасан буюу 2015, 2016 оны статистик үүнийг бататгаж байна.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрынхан “Хил хамгаалах ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газраас авсан мэдээллээр саарал чоно, монгол бөхөн, буга, баавгайн эд, эрхтэн, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хууль бусаар хил давуулах нь энэ төрлийн зөрчилд давамгайлж буй. Эмчилгээний зориулалтаар амьтны эд, эрхтнийг худалдах нь дотоодын ч, гадаадын ч зах зээлд буурахгүй байна” гэсэн юм.

Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд дурдсанаар 2016 онд цоохор ирвэс, бөхөн, буга, хүдэр, хар сүүлт, бор гөрөөс, цагаан зээр, тарвага гээд нийт 799 амьтан хулгайн анчдын золиос болсныг хууль, хяналтынхан илрүүлсэн гэнэ. Түүнчлэн 63 идлэг шонхор, 3703 мөнгөлөг хэлтэг, 121 булуу цагаан, дөрвөн туулай хилээр гаргахыг завдсан гэмт хэрэг, 21 ногтруу, 127 тагтаа барьсан зөрчил бүртгэгджээ.

Загас 687, бугын ясан эвэр 65 кг-ыг, тарваганы 265, чоно, хярс, үнэгний арьс 50 ширхгийг хууль бусаар худалдах гэж байхад нь илрүүлсэн байна. Энэ бол зөвхөн хууль, хяналтын байгууллагынхан илрүүлж, бүртгэсэн тохиолдол. Үүний цаана илрээгүй, “дарагдсан” хэрэг, зөрчил хэчнээн буйг хэлэхэд бэрх.

ЗӨРЧЛИЙН ХУУЛЬД НАЙДАХ ШАЛТГААН

Хууль бусаар амьтан агнах, эд, эрхтнийг нь худалдах тохиолдол буурахгүй байгаа нь хууль сахиулагчид болон холбогдох албаны мэргэжилтнүүд ажлаа муу хийдгээс бус, ерөөс үүнтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт султай холбоотой гэж судлаачид үзсээр иржээ. Харин нэмэлт, өөрчлөлт оруулан өнгөрсөн оны долдугаар сараас мөрдөж эхэлсэн Зөрчлийн хууль энэ байдлыг бага ч гэсэн өөрчилнө гэсэн горьдлого, найдлага тэдэнд бий. Гэхдээ хэрэгжүүлж, мөрдүүлж чадвал шүү дээ.

Ингэж найдахад хүргэсэн шалтгаан нь хууль бус агнуур, эд, эрхтний худалдаатай холбоотой харилцааг зохицуулах илүү тодорхой, чанга заалтуудыг Зөрчлийн хуульд оруулжээ. Д.Лхагвасүрэн “Өмнө нь хууль сул, гэмт этгээдүүдэд ял завших боломж олгодог байсан. Улсад үлэмж хэмжээний хохирол учруулаагүй бол торгож шийтгэнэ” гэсэн заалт мөрдөж ирсэн юм.

Үлэмж хэмжээний гэхээр 9.6 саяас дээш үнийн дүнг хэлж байгаа юм. Гэтэл Засгийн газар 2013 онд баталсан экологи, эдийн засгийн үнэлгээгээр цагаан зээрийн эр нь 500, эм нь 550 мянган төгрөг байв. Үүгээр бол эм зээр 18-ыг хөнөөвөл үлэмж хэмжээний хохирол биш гээд торгоод л өнгөрөх нь. Ийм сул заалтууд хулгайн анчдыг өөгшүүлж, торгох нэрээр толгойг нь илсээр ирсэн. Халиун бугын нөөц 70-80 хувиар буурсан нь хууль бус агнууртай шууд холбоотой.

Хэн нэгэн хууль бусаар хөнөөсөн баавгайны 500 арьс худалдаж авлаа гэхэд буруутан болохгүй, түүнийг тушаасан хүмүүсийг нэг бүрчлэн илрүүлж, хариуцлага тооцно гэсэн сонин зохицуулалттай байсан. Харин Зөрчлийн шинэ хуулиар бол агнасан, зарж борлуулсан, тээвэрлэсэн, дамжуулсан, худалдаж авсан гээд энэ үйл явцад оролцсон хүн бүрт хариуцлага тооцохоор тусгасан нь маш том давуу тал” хэмээн ярьсан.

“Алтайн эзэд” ТББ-ын гишүүн, амьтан судлаач С.Дарьсүрэн “Зөрчлийн хуулийн зарим заалт иргэдийг бухимдуулж байгаа. Гэхдээ байгаль орчны салбарынхан таатай хүлээн авч байна. Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тусгай зөвшөөрөл гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан, хувь хүнийг 300, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалт бий.

Худалдсан, худалдан авсан аль алиныг нь буруутан гэж үздэг болчихвол ийм төрлийн зөрчил буурна. Худалдан авагч хумигдахад нийлүүлэгч, хулгайчид буурахгүй яах билээ” гэв. Тусгай хамгаалалттай газар нутгийн дотор хууль бусаар амьтан агнавал 5.4-27 саяар, гадна бол 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгох юм байна.

Зөвшөөрөлгүйгээр амьтан барьсан, агнасан, ашигласан бол, агнах зөвшөөрөл, эрхийн бичгээ бусдад шилжүүлсэн, заасан хэмжээнээс хэтрүүлсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах гэхчилэн нарийн, тодорхой заалтуудыг Зөрчлийн хуулийн долоо, 11 дүгээр бүлэгт тусгасан юм.

ХАЙНГА ИРГЭДЭД ХУУЛЬ САНУУЛЪЯ

Амьтны тухай хуулийн 7.5-д “Ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар болон төлбөр төлсөн иргэд төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу барьж, агнана” гэж заасан байдаг. Зөвшөөрөл аваагүй худалдсан, тээвэрлэсэн тохиолдолд агнасан, барьсантай адилтган үзэж, Засгийн газраас тогтоосон экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөн төлүүлж, Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийтгэх зохицуулалт өдгөө үйлчилж буй.

Гэвч иргэд энэ талаар тодорхой мэдээлэлгүйгээс хэрэгт унах тохиолдол бий аж. Ялангуяа амьтны гаралтай бэлэг дурсгалын зүйлс худалддаг, жуулчид олноор очдог газрууд ийм зөрчил гаргах нь түгээмэл гэнэ.

Хууль бус агнуурыг дэвэргэж буй бас нэг хүчин зүйл нь бөөгийн шашин гэдгийг судлаачид хэлэв. Зан үйлд хэрэглэх, хувцас, хэрэгслээ чимэглэх зорилгоор амьтдын эд, эрхтэн ашиглах нь газар авчээ. “Монголд 20 мянга гаруй бөө, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус 21 байгууллага бий. Тэд хэнгэргээ хийхэд хүртэл согоо, буга, баавгай, хандгай, чонын арьсаар голдуу бүрдэг” гэж “Монгол орны амьтан, ургамлын олон янз байдал, экологийн төлөв” арга хэмжээний үеэр нэгэн судлаач ярьсан юм.

Санаатай, санамсаргүй аль нь ч бай амьтны аминд хууль бусаар халдаж буй энэ хандлагыг өөрчлөхийн тулд шинэчлэн баталсан Зөрчлийн хуулийг сурталчилж, сануулах нь чухал гэж нийслэлийн Байгаль орчны газрынхан үзжээ. Тэд Лондоны амьтан судлалын нийгэмлэгийнхэнтэй хамтран энэ сараас дэлгүүр, худалдааны төвүүдэд анхааруулга, сэрэмжлүүлэг түгээж, Зөрчлийн хуулийг сурталчилж эхэллээ. Хуулийг өөрчилж, батлаад орхих бус, хэрэгжүүлж, үр дүн гаргах нь чухал билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)