Хулгайгаар нүүрс тээвэрлэвэл машиныг нь хураах хүртэл арга хэмжээ авч байна

“Өлзийт” шалган нэвтрүүлэх товчоогоор өнгөрч байсан уг машиныг шалгахад 100 гаруй кг нүүрс нийслэл рүү оруулах гэж байсныг илрүүлэв

Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэхийн тулд эрх баригчид зөвхөн сүүлийн 10 жилд 800 тэрбум гаруй төгрөг зарцуулсан ч амжилт олоогүй. Энэ оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглож, иргэдэд сайжруулсан шахмал түлш хэрэглүүлэх болсон нь хоолой хорсгож, олон өвчний эх болсон утааг багасгахад чухал ажил болов. Энэ арга хэмжээний дагуу нийслэлийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг бүсчлэн хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоол энэ оны тавдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Тус тогтоолын хүрээнд иргэд “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшийг түүхий нүүрсний оронд хэрэглэж эхлээд байгаа. 

Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, МХЕГ, ОБЕГ хамтран Улаанбаатар хотыг тойрсон долоон цэг буюу Налайх, Өлзийт, Морингийн даваа, Эмээлт, Баруун туруун, Тахилт, Гүнтийн даваагаар түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх, хууль бус үйлдлийг таслан зогсоох шалгалтыг 24 цагаар зохион байгуулан ажиллаж буй. Гэвч түүхий нүүрс тээвэрлэн нийслэл рүү оруулахыг завдсан зөрчил илэрсээр байна. Энэ мэт асуудал гарсаар буй нь зөрчил үйлдэгч иргэд дээрх захирамжийн талаар дутмаг мэдээлэлтэй байгаатай холбоотой юу, эсвэл шахмал түлшинд итгэхгүй байна уу. Уг нь энэ талаар хууль хяналтын байгууллагынхан иргэдэд хангалттай мэдээлэл түгээсээр байна. Сайжруулсан шахмал түлшний хувьд аюулгүй байдлын шаардлага хангасан гэдгийг Орос, Хятад, БНСУ-д хийлгэсэн шинжилгээний хариу бүрэн нотлов. Тийм байтал яагаад нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг завдагсад байсаар байна вэ. Хулгайгаар нүүрс оруулах нь дүн өвлийн хүйтэн эхлэхээр иргэд буцаад нүүрс түлж магадгүй, тэр үед зарж, ашиг олох гэсэн нэгний үйлдэл гэхэд хэлсдэхгүй.

Бид энэ талаар сурвалжлахаар “Өлзийт” тээврийн хэрэгсэл шалган бүртгэх товчоог зорилоо. Хөшигийн хөндий рүү явах шинэ хурдны замын хажууханд байрлах уг хяналтын цэгт Байгаль орчны болон Хүрээлэн буй орчны хяналтын газрын зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байлаа. Хяналтын цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж байв. Тухайн өдөр байцаагчид гурван ч зөрчил илрүүлжээ. Биднийг очиход түүхий нүүрс ачсан хоёр машин журамлаад байгаагаа хэллээ. Эхнийх нь “HOWO” маркийн чиргүүлтэй авто машин. Уг тээврийн хэрэгсэл нь дамжин өнгөрөх зөвшөөрлийн бичигтэй боловч нүүрсний хучлага нь тэвшээ бүрэн хаагаагүй гэсэн шалтгаанаар саатуулагджээ. Харин нөгөөх нь “ЗиЛ-130” машинаар Багануураас Төв аймгийн Бүрэн сум руу зөвшөөрөлгүй түүхий нүүрс тээвэрлэж явсныг саатуулсан байлаа. Жолооч Д.Дашдаваа “Зөвшөөрөл авах байсныг сая л мэдлээ. Уг нь нүүрсээ авчихаад гэрийн зүг явж байсан юм” хэмээсэн. Тэрээр “Манай сум руу явах замыг хаасан учраас энэ замаар зорчсон” гэж байцаагчдад тайлбарлаж байв. Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Бат “Түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг саатуулан, Мэргэжлийн хяналтын газраас зохих арга хэмжээ авах болсон. Зөрчил гаргасан иргэний түүхий нүүрсийг хурааж “Амгалан” цахилгаан станцад тушаах ёстой” гэв.

Багануур дүүргээс Төв аймгийн Бүрэн сум руу зөвшөөрөлгүй түүхий нүүрс тээвэрлэж байсныг саатуулав

Биднийг ийн ярилцаж байх зуур “HOWO” маркийн тээврийн хэрэгслийн тэвшинд 100 кг гаруй түүхий нүүрс ачин нийслэл рүү оруулах гэж байсныг үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч М.Сүхбаатар илрүүлэв. Жолоочийн хэлснээр “Хувийн машинаараа “Тавантолгой түлш” компанид нүүрс тээвэрлэдэг. Тэвшин дээр байсан нүүрсээ дутуу буулгаснаа мэдсэнгүй” гэв. Жолоочийн “Тавантолгой түлш” компанид ажиллах эрхийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна хэмээн ярьж байлаа. Энэ мэтээр ”Өлзийт”-ийн хяналтын цэгт өдөрт дунджаар 2-3 зөрчил илрүүлдэг талаар албаны хүмүүс ярив.

Үүний дараа бид “Өлзийт”-ийн хяналтын цэгээс Налайх дүүрэгт байрлах авто тээврийн хяналтын цэгийг зорив. “Баянзүрх” шалган бүртгэх товчооноос Налайх дүүрэг хүртэлх шинэ зам ашиглалтад ороогүй байсан тул хяналтын цэг Хонхор орчимд ажиллах болжээ. Биднийг очиход шалгалт хийж байгаа таван байцаагч түр зам дагуу хяналт, шалгалт хийж байсан. Бартаа, саад ихтэй шороон түр замаар хот хооронд яваа тээврийн бүх хэрэгсэл зорчино. Эсрэг урсгал бүхий хоёр эгнээтэй замд шалгалт хийж байгаа учраас түгжрэл үүссэнтэй зэрэгцээд маш их бохирдолтой орчин биднийг угтав. Тухайн өдөр хяналтын цэгт шалгалтын үеэр түүхий нүүрс тээвэрлэсэн, хот руу оруулахыг завдсан тохиолдол илрээгүй гэнэ. Хяналтын цэгт ажиллаж байсан цагдаагийн ахлагч М.Баяржаргалаас хяналт, шалгалтын талаар тодруулахад “Захирамж гарсны дараахан иргэдийн мэдээлэл дутмаг байсан учраас түүхий нүүрс зөөж байсан. Бид тэдэнд тухай бүрт нь шаардлага тавьж, тээврийн хэрэгслийг буцаах, эсхүл түүхий нүүрсээ үлдээгээд явахыг шаардсан. Иргэд ч тавьсан шаардлагыг хүлээн авч, хамтран ажиллаж байгаа. Сүүлийн үед зөрчил илт багассан” гэлээ.

Энэ мэтээр нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг завдагсдыг авто тээвэр шалган бүртгэх хяналтын цэгт ажиллаж буй байцаагчид илрүүлж, холбогдох арга хэмжээ авч байна. Гэсэн ч зөрчил гарсаар.

Бэлтгэсэн: Т.Идэр, Б.Мөнхбаатар


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)