“Худалч, хулгайчаа! Чи надаас уучлалт гуйх ёстой”


Талбайн теннисний хамгийн өндөр чансаатай дөрвөн тэмцээнд 23 удаа түрүүлсэн Америкийн алдарт теннисчин Серена Уильямс шүүгчийг доромжилсон тухай асуудал спортын ертөнцийн гол дуулиан болоод байна. Тэрбээр Америкийн нээлттэй тэмцээний аваргын төлөө Японы Наоми Осакагийн эсрэг тоглохдоо албан ёсны завсарлага болоогүй байхад дасгалжуулагчаасаа зөвлөгөө авчээ. Тиймээс тоглолтын шүүгч Карлос Рамос дүрмийн бус үйлдэл гаргаж байгааг нь анхааруулж эхний сануулгыг өгсөн байна. Удалгүй цохиураа эвдэж танхайрсан тул шүүгч түүнд гэйм буюу нэг онооны торгууль хүлээлгэсэн.

Тоглолтод хожигдож буйдаа уур хилэн нь оволзон байсан Серена тэсвэр алдаж шүүгчийг худалч, хулгайчаар нь дуудаж “Чи надаас уучлалт гуйх ёстой” хэмээн агсамснаар тоглолт хэсэг хугацаанд завсарлав. Тэрбээр тэмцээний ерөнхий шүүгчдийг хүртэл дуудаж гомдол мэдүүлсэн ч дүрэм бол дүрэм учир Португалийн шүүгчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Уильямс уг тоглолтын эхний сетэд 2:6-гаар илт давамгай ялагдсан бол удаах сетэд онооны харьцаа 2:2 байхад уг асуудал үүсчээ. Эцсийн дүнд уг сет 6:4-өөр өндөрлөснөөр 20 настай япон теннисчин Осака Их дуулгын тэмцээнд анх удаагаа түрүүллээ.

Харин 36 настай америк бүсгүй нэр хүндтэй тэмцээний үеэр танхайрсан хэрэгт унаж 17 мянган долларын торгууль хүлээж байна. Үүнээс 10 мянган доллар бүдүүлэг аашилсан үйлдэлд нь оногдож байгаа бол дасгалжуулагчаасаа зөвлөгөө авсан асуудалдаа 4 мянга, цохиураа эвдсэн хэрэгтээ 3 мянган долларын торгууль авчээ. Энэ мөнгө US Open тэмцээнд гаргасан Серенагийн амжилтын нь урамшуулал болох 1 сая доллароос суутгагдах ажээ. US Open тэмцээний онцлог нь теннисчдийг сахилга баттай байлгахад онцгой анхаардаг тул бусад тэмцээнүүдэд гаргаж болдог олонх үйлдэл тэнд хориглогддог.

Серена болон түүнийг дэмжигч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар шүүгч гаргасан шийдвэрээрээ ялгаварлан гадуурхах үзлийг харуулсан гэнэ. Америк теннисчин дээрх төрлийн үйлдлийг урьд гаргаж байсан. 2009 оны Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээ шатанд Ким Клийстерст хожигдож байхдаа шугамын шүүгчийг заналхийлж 500 доллароор торгуулж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)