Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцаагаа өргөжүүлэх боломжтой гэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Ерөнхий сайд хүндэт зочноо Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж, У.Хүрэлсүх, Ли Наг Ён нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсгээ зурсны дараа ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ эхлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ оны нэгдүгээр сард БНСУ-д айлчилсны хариуд ийнхүү Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн өдөр Монгол Улсад айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлж, “Энэхүү айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён “Энэ онд гадаад айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж буйдаа сэтгэл хангалуун байна” гээд, Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохирч, БНСУ-ын Ерөнхий сайд ирэх оныг Монгол, БНСУ-ын найрамдлын жилээр зарлах санал дэвшүүллээ. Ойг тохиолдуулан Төрийн тэргүүн нарын түвшинд харилцан айлчлал хийж, харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглах, үүний бэлтгэлийг хангах хүрээнд Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааныг энэ оны эхний хагаст багтаан зохион байгуулахаар тогтов. Түүнчлэн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр тал эрдэм шинжилгээний бага хурал, соёл, урлаг, спортын өргөн хүрээтэй арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ярилцав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүд дэх Солонгосын оролцоог нэмэгдүүлэх, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн түрээсийн орон сууцны төслүүдийг шуурхай хэрэгжүүлж эхлэх, манай улсын 10 аймагт дулааны станц барих төслийг ирэх ондоо багтаан дуусгах зэрэг чиглэлд дэмжлэг хүсэв. Мөн иргэдийн зорчих нөхцөлийг улам хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчдог болгох чиглэлд замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв.

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж байгааг хоёр орны Ерөнхий сайд нар тэмдэглэж, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах асуудлыг цаашид Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр дамжуулан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг БНСУ-ын тал санал болгов.

Талууд соёл, боловсрол, мэдээллийн технологи, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг цаашид улам дэмжиж ажиллана гэлээ. Байгальд ээлтэй эрчим хүчийг ашигласан, хотхон байгуулах төсөл БНСУ-ын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхий сайд Ли Наг Ён онцолсон. Мөн Монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах боломжтойг дурдаж, тус улсад эмчлүүлээд, буцаж ирсэн хүмүүст зориулж эмчилгээний дараах хяналтын тогтолцоог бий болгохын төлөө байгаагаа илэрхийлэв.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс Зүүн хойд Ази, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд хүч чармайлт гарган, хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлээд, тус улсын зүгээс дэвшүүлж буй “Азийн супер сүлжээ”, “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг” байгуулах санаачилгыг дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Үүний хүрээнд хамтран ажиллах асуудлыг Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдаан болон холбогдох бусад уулзалтын үеэр дэлгэрүүлэн ярилцаж, илүү тодорхой болгох нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, “UB smart card” төсөлтэй танилцан, Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн, Ли Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочилсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)