Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк нэгдэв

Худалдаа, хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкууд нэгдэж буйг албан ёсоор зарлалаа.

Монголбанкнаас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын банкны нийт актив, пассив, хөрөнгийг салбар, тооцооны төвийн хамт Худалдаа, хөгжлийн банканд нэгтгэж, Улаанбаатар хотын банкны харилцагчид 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Худалдаа, хөгжлийн банкаар үйлчлүүлэхээр болж байна.

"Банк, санхүүгийн салбар өндөр хөгжсөн улс орнуудын практикт томоохон банкуудын нэгдэл нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх зорилгоор ихээр хийгддэг бөгөөд ингэснээр нэгдлийн дараах банкуудын үр ашигт байдал илүү сайжирч, зардал буурч, зах зээл дэх зээлийн хүүгийн түвшнийг бууруулах нөхцөлийг бий болгоход томоохон дэмжлэг болдог" гэж Худалдаа хөгжлийн банкнаас тайлбарлалаа. 

Ийнхүү, банкны системийн нөлөө бүхий банкууд нэгдсэнээр Худалдаа, хөгжлийн банк нь 400 орчим ажилтан, 33 салбар, тооцооны төв, 1900 гаруй мерчант байгууллагаар цар хүрээгээ тэлж байна.

Сонирхуулахад, тус хоёр банк нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн гэх "Сахал" Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн байгууллага аж. Тэрбээр Улаанбаатар банкны 99.9 хувь, Худалдаа хөгжлийн банкийг 100 хувь эзэмшдэг нэгэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)