"Худалдааны салбарыг гадны сүлжээ дэлгүүрүүдтэй өрсөлдөхүйц хэмжээний болгож хөгжүүлэх бодлого хэрэгтэй байна"

“Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас өнөөдөр жижиглэн худалдаа эрхлэгчдийг ЖДҮС-гийн зээлд хамруулах, бизнесийн орчинг сайжруулах, Зөрчлийн хуулийн "зөрчлийн" асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус холбооны ерөнхийлөгч Д.Нарантуяа “Маргааш буюу дөрөвдүгээр сарын 09-ний өдөр МЖХЭХ ТББ-ынхан “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн орчинг хамтдаа бүрдүүлье” сэдвийн дор цуглаан хийнэ. Энэ талаараа мэдээлэл хийхээр энд цуглалаа.

Монголын худалдааны салбарт 204 мянган хүн ажиллаж байна. Үүний 70 гаруй хувь нь жижиглэн худалдаа эрхлэгчид байдаг бөгөөд энэ салбарыг зохицуулах хуулийн зохицуулалт байдаггүй. Ялангуяа дунд болон дундаас доош хүчин чадалтай жижиг худалдаачдад нэлээдгүй бэрхшээл тулгардаг. Нэгдүгээрт, банкны өндөр хүү бидэнд дарамт болж байна. Хоёрдугаарт, бидэнд хууль эрх зүйн орчин алга. Тухайлбал, 204 мянган ажилчдын эрх ашгийг хамгаалсан эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд Зөрчлийн хууль бодит амьдралд нийцэхгүй байна. Мөн амьдралд нийцдэггүй хэрнээ маш өндөр шалгуур тавьсан Тамхины тухай хуулийг эсэргүүцэж, тус хуулинд өөрчлөлт оруулахыг шаардаж 11 мянган хүн гарын үсгээ зураад байна.

Жагсаал цуглаан гэхээр төр нийгмийнхээ эсрэг тэрсэлж, тэднийг буруутгаж байгаа мэтээр Монголчууд ойлгодог. Харин худалдаа эрхлэгчид бол төртэйгөө хамтарч, ЖДҮХС-аас зээл авахад дэм болох зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж, төртэй санал солилцохыг хүссэн уриалгыг дэвшүүлэхийн төлөө цуглаж байгаа юм” гэлээ.

Мөн худалдааны салбар ДНБ-ий 16-17 хувийг бүрдүүлдэг, 204 мянган ажилтантай боловч бидэнд ЖДҮ-ийн зээл авах боломж байдаггүй. Иймд Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, худалдаа эрхлэгчдийг ЖДҮХС-гийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэхийг шаардсан өргөх бичгийг цуглааны үеэр өргөн барих юм байна.

Үүнээс гадна Монгол Улс үйлдвэрлэлийг дэмждэг хэрнээ худалдааны чиглэлийг дэмжихгүй байгаа талаар худалдааны төлөөлөгчид хэлж байлаа. Тухайлбал, монголд үйл ажиллагаа явуулж буй гадны сүлжээ дэлгүүрүүдтэй өрсөлдөх хэмжээнд хөгжүүлэх бодлого дутмаг байгааг онцоллоо. Тус бодлогоор гадны сүлжээ дэлгүүрийг эсэргүүцэж, шахах бус тэдэнтэй эн зэрэгцэн техник, инновацийг хөгжүүлэх тал дээр ажиллахад дэмжлэг авах талаар судалж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)