Худалдааны маргааны улмаас хамтарсан мэдэгдэл гаргасангүй


Олон улсын худалдааны асуудлаарх АНУ, БНХАУ-ын санал зөрөлдөөний улмаас Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага түүхэндээ анх удаа дээд хэмжээний уулзалтаа хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөв. 

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орон харилцан тохиролцоонд хүрч чадсангүй гэж Папуа-Шинэ Гвинейн Ерөнхий сайд Петер О’Нил мэдэгджээ.

Тэрбээр дээд хэмжээний уулзалтыг тэргүүлэгчийн хувиар мэдэгдэл хийхдээ 2020 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутагт чөлөөт, нээлттэй худалдаа хийдэг болохын төлөө тус байгууллага ажиллах зорилт тавьсныг дурдав.

Дээд хэмжээний уулзалтад оролцогч улсуудын нэрийн өмнөөс мэдэгдэл хийх эрхийг Папуа-Шинэ Гвиней улсад үлдээснээ Хятадын төлөөлөгч Жан Сяолон мэдэгджээ. Тиймээс уулзалтын дараа маргаантай асуудлуудыг хассан мэдэгдэл гаргах аж.

Уулзалтын үеэр Папуа-Шинэ Гвинейд тэнгисийн цэргийн бааз байгуулах Австралийн үйл ажиллагаанд АНУ нэгдэнэ гэж тус улсын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс мэдэгдсэн нь тус бүс нутаг дахь Хятадын нөлөөг бууруулах зорилготой гэж ажиглагчид үзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)