Худалдааны дайн Монголд ч сорилт болох нь

Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцуулах ээлжит хэвлэлийн бага хурлаа өчигдөр зохион байгууллаа. Уг тайлан нь хагас жил тутамд шинэчлэгдэн гардаг юм. Хэвлэлийн бага хуралд Монгол, Индонез, Малайз, Филиппин, Тайланд, Вьетнам, Лаос зэрэг Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй 13 орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл онлайнаар оролцож, бүс нутгийнхаа эдийн засгийн хэтийн төлөвийн талаар мэдээлэл авдаг билээ. Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2018 онд 6.3 хувь байсан. Тэгвэл энэ онд 5.8, ирэх жил 5.7, 2021 онд 5.6 хувь болж, өсөлт нь саарах төлөвтэй байгаа аж. Энэ нь бүс нутгийн ихэнх орны экспорт болон аж үйлдвэрийн салбарын идэвхжил саарч буйгаас шалтгааллаа гэж Дэлхийн банкны эдийн засагчид үзэж байна. Тиймээс ч энэ удаагийн тайлангаа “Өсөн нэмэгдэж буй эрсдэлийг даван туулах нь” гэж гарчиглажээ.

Дэлхийн эдийн засгийн идэвхжил энэ оны нэгдүгээр улирлаас саарах дүр зурагтай болжээ. Цаашдаа ч эдийн засгийн идэвхжил саарах төлөвтэй гэнэ. АНУ, БНХАУ-ын худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалсан тодорхой бус байдал нэмэгдсэн нь экспорт, хөрөнгө оруулалтын идэвхжил саарахад нөлөөлж, улмаар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн дархлааг шалгасан үйл явдал болно гэж тайландаа онцолжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийн идэвхжил саарсан нь, АНУ болон БНХАУ-ын худалдааны дайнаас шалтгаалсан тодорхойгүй байдал нь ирээдүйд учрах эрсдэлийг нэмэгдүүлжээ.

Монгол Улсын эдийн засаг 2018 онд 6.8 хувиар өссөн. Тэгвэл энэ оны эхний хагаст 7.3 хувиар нэмэгдээд байгаа билээ. Эдийн засгийн өсөлт тогтвортой байхад нүүрсний салбарын гүйцэтгэл, хувийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг нь голлон нөлөөлжээ. Хэвлэлийн бага хуралд оролцсон Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану, эдийн засагч Б.Даваадалай нар “Монголын уул уурхайн салбарын өсөлт сайн байлаа. Үүнийг дагаад тээвэр, худалдааны салбар өндөр хувиар тэлсэн нь эдийн засгийн өсөлтөө хадгалахад голлон нөлөөлсөн” гэж онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн ОУВС-гийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагуудын 5.5 тэмбум ам.долларын зээлийг үргэлжлүүлэн олгосон нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлд эергээр нөлөөлсөн гэж тэд үзэж байв. Үүний зэрэгцээ макро эдийн засаг, тэр дундаа төсвийн менежмент оновчтой байсан, эдийн засгийн бүтцийг өөрчлөх шинжтэй бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй нь багагүй хувь нэмэр оруулсан гэлээ.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөв богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байна гэж Дэлхийн банкныхан дүгнэжээ. Тэд манай улсын эдийн засгийг энэ онд 6.9 хувиар өснө гэж таамаглаж байна. Тэгвэл 2020 онд 6.3, 2021 онд 5.9 хувиар өснө гэж төсөөлөв. Зүүн Ази, Номхон далайн улс орнуудын эдийн засаг жилд дунджаар тав орчим хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Тэгэхээр манай улсын эдийн засаг бүс нутгийн зарим оронтой харьцуулбал дунджаас өндөр хувиар өсөж байна гэж хэлж болно. Гэсэн ч улс төрийн тодорхой бус байдал нэмэгдэх эрсдэл бий гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагчид үзэж байна. 

Манай улсад ирэх онд УИХ-ын сонгууль болж, эрх баригчдаа тодруулна. Дараагийн эрх баригчид эдийн засгийн орчиндоо авч хэрэгжүүлж буй өнөөгийн зөв бодлогыг үргэлжлүүлэхгүй байх вий гэж тэд санаа зовжээ. Тиймээс сайн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөмж гаргасан байна. Үүнээс гадна худалдааны дайнаас шалтгаалж, Хятадын эдийн засгийн өсөлт саарч буй нь Монгол Улсын гадаад зах зээлд экспортолж, чамгүй орлого олдог ашигт малтмалын үнийг бууруулах хандлагатай аж. Энэ нь манай улсын эдийн засагт бодит эрсдэл учруулах нь дамжиггүй. Хэвлэлийн бага хуралд оролцсон Малайз, Вьетнамын төлөөлөл худалдааны дайн улс оронд нь ашигтайгаар нөлөөлж байгааг онцолсон. Тэгвэл энэ дайн Монголд сорилт болох нь. Эрдэс түүхий эдийн үнийн хэлбэлзлээс гадна мега төслүүдийн хэрэгжилт болон банкны салбарын шинэчлэл удаашрах эрсдэл манай эдийн засагт байгаа аж.

Өсөн нэмэгдэж буй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд улс орнууд төсөв болон мөнгөний бодлогоор эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж Дэлхийн банкныхан дүгнэж байна. Ингэхдээ төсөв болон өрийн тогтвортой байдлыг анхаарлаасаа холдуулж болохгүйг тайландаа тусгажээ. Мөн бүс нутгийн улс орнуудын хувьд худалдааны нээлттэй бодлого баримталж, интеграцыг гүнзгийрүүлэх нь үр өгөөжтэй байх болно гэж үзсэн аж. Зүүн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Виктория Кваква “Эдийн засгийн өсөлт саарахын хэрээр ядуурал буурах хурдац саардаг. Бидний тооцоолсноор Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын хүн амын бараг дөрөвний нэг нь өндөр болон дундаж орлоготой орнуудын ядуурлын шугам болох нэг өдрийн 5.5 ам.доллароос бага орлогоор амьдарч байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард бидний тооцож байснаас ядуурал буурах хурд долоон сая хүнээр саарна” гэв.

Худалдааны сөргөлдөөн нэмэгдэж байгаа нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд урт хугацаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг тайландаа мөн дурджээ. Зарим орон дэлхийн худалдааны одоогийн нөхцөл өөрчлөгдөх явцад илүү ашиг хүртэнэ гэж найдаж буй гэнэ. Тэгвэл зарим улсын худалдааны уян хатан байдал маруухан байгаа нь ойрын хугацаанд өндөр үр өгөөж хүртэх боломжийг нь хязгаарлана гэж тайланд тэмдэглэсэн байна. Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн тэргүүлэх эдийн засагч Эндрю Мейсон “Зүүн Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй бусад орны дэд бүтэц сул, үйлдвэрлэлийн хэмжээ хязгаарлагдмал байгаа нь дэлхийн зах зээлд Хятадын гүйцэтгэж байсан үүргийг богино хугацаанд орлуулахад хүндрэлтэй” гэжээ.

АНУ, Хятадын худалдааны маргаан үргэлжилж, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад бүтээмжийг дээшлүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн шинэчлэл хийх шаардлагатайг харуулж байна гэж Дэлхийн банкныхан зөвлөв. Тодруулбал, улс орнууд хөрөнгө оруулалт татах, бараа, бүтээгдэхүүн, технологи, ноу-хаугийн “хөдөлгөөн”-ийг зохицуулахад чиглэсэн шинэчлэл хийх нь зүйтэй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)