Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн зарахыг завдсан компанийг цагдаагийн хурандаа хаацайлдаг уу

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт нэгэн иргэн “Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Чулуун-Овоод байрлах РМТ ХХК-ийн агуулахад хугацаа нь дууссан бүтээгдэхүүн их хэмжээгээр борлуулж байна” гэсэн гомдол, мэдээлэл өгсний дагуу өнгөрсөн сарын сүүлчээр мэргэжлийн хяналтын байцаагч нар шалгалт хийжээ. Шалгалтаар хадгалах болон хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалж байсан нь илэрсэн бөгөөд өдгөө зөрчлийн хэрэг нээгээд буй аж. Улмаар прокурорын байгууллагад хянуулан хариуцлага тооцохоор болж байгаа гэсэн. Прокуроруудын мэдээлснээр хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулахаар хадгалсан үйлдэлд нь РМТ компанийнханд таван сая төгрөгийн торгууль ногдуулж, 14 сая төгрөгийн үнэтэй барааг нь устгахаар болсон гэнэ.

Харин “РМТ ХХК-ийнханд хариуцлага тооцож чадах, эсэх нь эргэлзээтэй. Тус компанийн захирлаар А.Алтанцэцэг гэх хүн ажилладаг бөгөөд тэрбээр ЦЕГ-ын Төв архивын дарга, хурандаа Д.Батмөнхтэй хамаарал бүхий хүн учраас хууль хяналтын байгууллагынханд нөлөөлж хариуцлагаас мултарч чадна” гэсэн хардлага мэргэжлийн хяналтын байгууллагынханд ч, мэдээлэл өгсөн иргэдэд ч байгаа юм билээ. Олон хүний эрүүл мэндэд эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлснээр иргэд хордож болзошгүй байсныг тухайн иргэн үүргээ биелүүлж мэдээлэн НМХГ-ынхан таслан зогсоосон.

РМТ ХХК-ийн агуулахаас 30 нэр, төрлийн хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хураасан аж. Эдгээр нь хүүхдэд зориулсан зөөлөн боов, жигнэмэг зэрэг бараа гэнэ. Тухайн компанийнхныг хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийхээ огноог засдаг байж болзошгүй гэх мэдээлэл бий агаад түүнийг нь лавшруулан шалгахаар болсныг эх сурвалжууд хэлэв. Уг нь РМТ гэх компани өмнө нь РММТ ХХК нэртэй, хойд хөршийн иргэний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгж байснаа Монгол Улсын татвараас зайлсхийсэн гэх үйлдэлд холбогдон ОХУ-ын иргэн нь компаниа шилжүүлсэн гэсэн мэдээлэл бидэнд олдсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)