Хугацаа алдах тусам харьд хаягдсан монголчууд хэцүүдэж байна

БНХАУ-ын Ухань хотод анх илэрсэн коронавирус өдгөө дэлхийн бараг бүх улсад аюулын харанга дэлдэж, ард иргэдийг айдаст автуулаад долоон сарын нүүр үзлээ. “Ковид-19”-өөс сэргийлэхийн тулд Монгол Улс нэгдүгээр сарын 26- нд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, урд хөрштэй хиллэдэг авто замын боомтуудаа хаасан юм. Манай улс БНХАУ-ын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээврийг хоёрдугаар сарын 14-нөөс зогсоосноос хойш өдгөө хилээ бүрэн хаасан билээ. Энэ шийдвэр гэнэт гарсан тул өвчинтэй, зовлонтой, ажлын болон амин хувийн асуудлаар түр хугацаанд гадаад оронд зорчсон олон хүн эх орондоо ирэх боломжгүй болсон. Харьд үлдсэн монгол иргэдээ манай улс чадлынхаа хэрээр авчирсаар байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 14 367 иргэнээ татан авчээ. Гэвч 55 улсаас 11 000 орчим монгол хүн нутаг буцах хүсэлтээ УОК-ын Шуурхай штабт ирүүлсэн байна.

Монгол Улс өчигдрийн байдлаар нийт 14 646 иргэнийг тусгаарласан бөгөөд одоо тусгаарлах байруудад 2958 хүн байна. “Тусгай нислэгийн тоог нэмж, энэ сард 3400 гаруй иргэнээ татан авчирна, БНСУ, Япон руу сард хоёр удаа нислэг үйлдэж байна” гэж УОК болон ГХЯ-ны Консулын газрынхан бахдалтайгаар хэлж буй. Гэвч энэ нь харьд хаягдсан монголчуудад хангалттай биш байна. Эх орондоо ирэх гэсэн монголчууд Япон, БНСУ төдийгүй Турк, Франц, Австрали зэрэг оронд ч эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулж буй. “Эхлээд өвчинтэй, зовлонтой хүмүүс нь гэртээ хариг дээ” хэмээн уужуу сэтгэл гарган тайван суусан хүмүүсийн ч тэвчээр алдарч, гудамж, талбайд жагсахаас өөр аргагүйд хүрснээ харьд буй монголчууд учирласан юм. Тэдний нэг Норвег улсад гацсан У гэх эмэгтэй “Дөрвөн сарын 29-нд Норвег улсаас Монгол руугаа буцах тийзтэй байсан. УОК-оос гаргасан таван шаардлагад нийцэхгүй юм чинь эхлээд хэцүү нөхцөлд байгаа хүмүүс нь яваг гэж бодоод хүлээсэн. Хилээ нээнэ гэж найдаад өргөдөл өгөөгүй юм. Гэтэл нөхцөл байдал улам хүндэрлээ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар бид амьд явах эрхтэй биз дээ. Гадаадад гацсан монголчууд амиа алдаж, аюулт өвчний халдвар авч байна” хэмээн ярив. Мөн ХБНГУ-д хоёр долоо хоногийн сургалтад хамрагдахаар очсон нэг эмэгтэй орон гэргүй дүрвэгсдэд өгдөг хоолоор гол зогоож буй аж. Түүний гурван хүүхэд нь ээжийгээ санаж бэтгэрээд хэцүү байгааг хэлэв. Түүнчлэн Шведэд ажиллахаар очсон эмэгтэй нөхөртөө зодуулж, гэрээсээ хөөгдөөд орох оронгүй болжээ. Энэ мэтээр гадаадад цөөнгүй монгол иргэн хоол ундгүй, орох оронгүй, нутаг буцах зардалгүй хүнд байдалд орсон гэнэ. Европын өндөр өртөгтэй хотуудад ажлаар түр очоод гацсан, эмчилгээнд явсан, оюутан зэрэг олон хүн нэгдэж “Европт гацсан монголчууд” гэх цахим хуудас нээн, мэдээ мэдээллээ хоорондоо солилцох болжээ. Уг цахим хуудасны админ болон ХБНГУ-д түр хугацаанд ажлаар очоод гацсан монгол залуутай холбогдсон юм. Тэд овог, нэрээ бүтнээр нь бичүүлэхээс татгалзсан. Эх орондоо ирэх эрхээ хасуулчих вий гэж айсандаа тэр гэнэ.

“Европ руу нислэгээ нэмж, МИАТ-ийн тийзийн үнийг хямдруулаач”

(Унгар улсад байгаа иргэн Л.О)

-Би Унгар улсад хоёрдугаар сарын 18-нд нэг сарын сургалтад суугаад гуравдугаар сарын дундуур буцах тасалбартай байсан. Гэтэл цар тахал дэгдэж, гуравдугаар сарын 13-нд Унгарт онц байдал тогтоосон ч тавдугаар сарын сүүлчээс эхлэн хөл хориогоо сулруулсан юм. Зүүн Европын орнуудад халдварын тархалт харьцангуй гайгүй байгаа. Унгарт өдөрт 3-10 шинэ тохиолдол бүртгэгддэг. Би богино хугацааны сургалтад суухаар ирсэн ч харьд таван сар боллоо. Түрээсийн байрны хугацаа дууссан. Дахин байр түрээслэх гэхээр нэг жилийн гэрээ байгуулах ёстой, тэр нь өндөр үнэтэй. Энд сурдаг монгол оюутны өрөөнд байрны эзнээс нь нуугдан толгой хоргодож, эвхдэг орон дээр хоног төөрүүлж байна. Монгол руугаа буцах хүсэлтээ гуравдугаар сарын 19-нөөс эхлэн Будапешт, Анкара дахь дипломат төлөөлөгчийн газарт удаа дараа гаргасан. Монгол дахь ар гэрийнхэн минь УОК-т нотлох баримт бүхий өргөдөл хоёр ч удаа өгсөн. “Долдугаар сарын 9-нд Истанбул дахь нислэгт таны нэр багтлаа” гэсэн ч хасагдчихсан. Энэ сарын 26-ны нислэгт мөн багтсангүй. Гэтэл надаас сүүлд өргөдөл өгсөн хоёр залуу багтсан байна лээ. Монголын төр иргэдээ зовлонгоор нь эрэмбэлж буй нь хүний эрхийг зөрчсөн хэрэг. Гадаадад гацсан 11 000 иргэнээ золиосолж, Монголд байгаа иргэдээ хамгаалж буйгаа тайлбарлах хэрэгтэй. Ингэж тарчлааж байснаас шууд буудсан нь дээр.

“Гадаадад гацсан иргэдээ “вирус” гэж харахаа больё”

(БНФУ-д байгаа иргэн Г.Б)

-Хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааны шугамаар энэ оны нэгдүгээр сарын 9-нд Францад ирсэн. Ургамлаас авсан дээжээ эндхийн лабораторид шинжилж, зарим бодисыг нь тодорхойлоод, гуравдугаар сарын 28-нд Монгол руугаа буцах байлаа. Гэтэл коронавирусийн улмаас Монгол Улсад онцгой байдал зарлаж, нислэг цуцлагдсан. Гуравдугаар сарын 28-наас судалгааны төслийн хүрээнд олгож байсан тэтгэлэг зогссон учир хоноглох байр, хоол ундаа зохицуулах мөнгөгүй болов. Энд урьж авчирсан багшийн гэрт хоноглож, Монгол дахь ар гэрийнхнээсээ татаас авч аргалсаар өдий хүрлээ. Германчууд хэвийн амьдралдаа эргэн орсон. Дэлгүүр, нийтийн унаагаар үйлчлүүлэхдээ л амны хаалт зүүж байна. Нутаг буцах өргөдлөө цахимаар хоёр, ар гэрийнхэн минь УОК-т биечлэн хоёр удаа өгсөн. Ямар нэгэн хариу ирээгүй. Утсаар асуухаар “Өргөдөл хүлээн авсан. Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоонд оруулсан. Тусгай үүргийн нислэгээр буцах иргэний нэрийг УОК эцэслэн шийддэг” гэсэн хариу өгдөг. Иргэдээ татан авах ажиллагаа удааширсан гол шалтгаан нь тусгаарлах байр гэж УОК ярьж байна. Шинжилгээний хариу нь эрүүл гарсан иргэдээ нэг өрөөнд 2-3-аар нь тусгаарлаж болно шүү дээ. Гадаадад гацсан иргэдээ бүгдийг нь “вирус” гэж харахаа больё. Нислэгийн зардал хэт өндөр байгаа учраас аав минь тэтгэврээ зээлж явуулсан. Монголдоо хурдан очихгүй бол зардалд хадгалсан хэдэн төгрөгөө байр, хүнсэндээ зарцуулахаас өөр аргагүй болох нь гэв.

ЭМЯ-наас өдөр бүр 11.00 цагт “Ковид-19”-ийн талаар шуурхай мэдээлэл хүргэж буй. Эхэндээ иргэд мэргэжилтнүүдийн амнаас унах үг бүрт итгэн, ягштал мөрдөж, дуулгавартай дагаж байлаа. Харин сүүлийн үед амны хаалт зүүх хүн ч ховордож, албан мэдээнд итгэх итгэл суларсан нь мэдрэгдэх болов. Цар тахал дэлхий дахинд тархаж, хэдэн мянган хүн амиа алдаж буй нь үнэн ч хэт их тоо хэлж, олон нийтийг айдаст автуулан толгойг нь эргүүлэх болсныг иргэд ил тод ярьж байна. Шуурхай мэдээ сонсоод түгшиж сандарсан иргэд гадаадад буй элэг нэгтнүүддээ “вирус” мэтээр харж, хаалгаа чанга цоожлохыг дэмжсээр байгаа нь хэт амиа бодсон үйлдэл болж хувирав. Өдөр бүрийн эл шуурхай мэдээнээс “Эерэг үү, сөрөг үү” гэсэн хариу л хүлээхээс өөрөөр “Ковид-19”-тэй тэмцэхэд Монгол Улс дорвитой ямар ажил хийв. Коронавирус илрээгүй иргэдээ 21 биш, 14 хоног тусгаарлахыг хүссэн, шаардсан иргэн цөөнгүй. Мөн ЭМЯ, УОК-т иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн мөнгөн болон бусад хандивыг хэрхэн, юунд зарцуулж буйг тухай бүрт нь мэдээлэхийг хүсэж байна. Хэдийгээр тус газруудын цахим хуудсанд хандивын мэдээлэл тавигддаг ч зарцуулалт нь төдийлөн тодорхой бус. УОК нэгдүгээр сараас хойш нийт долоон тэрбум гаруй төгрөг цуглуулснаас таван тэрбум орчмыг нь зарцуулжээ. Одоо хоёр тэрбум гаруй төгрөг, 600 хонь үлдсэн аж. УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр хандивын ихэнхийг эрүүл мэндийн салбарыг чадавхжуулахад зарцуулсан гэж ярьсан. Гэтэл чадавхжсан эрүүл мэндийн салбарын лабораторийн хүчин чадал төдийлөн сайжирсангүй. Манай удирдлагууд дотроо алдчихвал л сүйднэ гэж айж бэргэхээс өөрөөр нүдэнд харагдаж гарт баригдах ажил хийсэнгүй гээд хэлчихвэл хилсдэхгүй болов уу. Хагас жил гаруйн хугацаанд ганц эмнэлэг, байр барьсангүй, лабораторийнхоо хүчин чадлыг сайжруулсангүй. Хэдхэн эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагчдад ялыг нь үүрүүлчихээд дарга, удирдлагууд ямбыг нь эдлээд байх шиг.

Гадаадад гацсан монголчууд МИАТ-ээс өөр “Хүннү эйр” компанийн, эсвэл гадаадын онгоц нисгэхийг хүсэж, шаардах боллоо. Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан 113 энхийг сахиулагчийг “Хүннү эйр” компанийнхан хоёр нислэг үйлдэж, эх оронд нь авчирсан билээ. Ийм боломж байхад нислэгийн тоог нэмэгдүүлэн, өөр олон онгоц хөөргөхийг гадаадад буй монголчууд хүсэж байна. Ялангуяа Европын орнуудаас иргэдээ татан авчрахад онцгой анхаарах шаардлагатайг хэлсэн юм.

Монголдоо ирэх хүсэлт өгсөн 2500 орчим хүн Европын орнуудад байгаа гэнэ. Тодруулбал, ХБНГУ-д 250, Унгарт 241, Британид 100, Францад 67, Ирландад 80 гаруй иргэн бий гэсэн мэдээллийг “Европт гацсан монголчууд” цахим хуудасны админ өгсөн юм. Тэрбээр “Киргиз, Казахстаны байдлыг хараад Монгол Улс он дуустал хилээ нээхгүй юм байна гэж ойлголоо. Долдугаар сарын 9-ний нислэгээр нэг улсаас 1-5 хүн л авсан. Энэ байдлаараа явбал хэзээ иргэнээ татаж дуусах вэ. Тиймээс Европ руу хийх нислэгийн тоог нэмэх, МИАТ-ийн нислэгийн тийзийн үнийг бууруулах хэрэгтэй байна. Унгарт гацсан иргэдийг Унгарын “Wizz Air” авиакомпанийнхан Монголд хүргээд өгье гэсэн ч УОК-оос зөвшөөрөөгүй. ОХУ, Катарын болон хүмүүнлэгийн онгоцыг буулгачихаад яагаад өөр онгоц авахгүй байна вэ. Заавал Монголын онгоц байх ёстой бол “Хүннү эйр”-ийг нисгээч” хэмээсэн юм. Энэ мэтээр дуу хоолойгоо хүргэн, тухайн орондоо лоозон, уриа барьж жагссан иргэдийг улс төрийн шахалт үзүүллээ гэж адлах болов. Шадар сайд Я.Содбаатар “Сүүлийн үед зарим оронд жагсаал цуглаан хийх, сошиалд шахалт дарамт үзүүлэх, янз бүрийн зохион байгуулалттай, улс төрийн акц хийх хандлагууд мэр сэр гарч байна. Бид ямар нэгэн шахалт дарамтаар ажлаа хийхгүй” хэмээн мэдэгдсэн нь иргэдийг ихэд бухимдуулсан. Нэг ч гэсэн монгол хүн эрүүл, аюулгүй байх нь монголчуудын, тэр дундаа төрийн эрх баригчдын үүрэг, хариуцлага байлтай.

Иргэдээ олноор нь авчрахад тулгамдсан гол асуудал нь тусгаарлах байр гэж УОК болон холбогдох байгууллагын эрх бүхий хүмүүс ярьдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бид дайны байдалтай байна” гэж хэлсэн удаатай. Тэгвэл дайн, онцгой нөхцөл байдалд нийтийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын төлөө бизнес эрхлэгчид нэгдэн нийлэх цаг иржээ. Бидний эргэн тойронд өдөрт хэдэн зуун хүн хөнөөлт тахлын улмаас амиа алдаж, хагацал зовлонд унаж байхад хар амиа бодоод хойш суух эрх хэнд бий билээ.

Монгол Улс өнгөрсөн дөрөвдүгээр сард “Ковид-19”-ийн хууль баталсан. Уг хуулийн 16.1-т “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчлан авч болно” гэж заажээ. Мөн тус хуульд цар тахалтай холбоотойгоор гадаадын улс орноос тогтоосон хөл хорио, хилийн хязгаарлалтын улмаас эх орондоо буцах боломжгүй болсон, санхүүгийн хүндрэлд орсон иргэдээс тодорхой шалгуур хангасан, зорилтод бүлэгт тусламж үзүүлэхэд зарцуулж болно гэсэн байна. Энэ “гоё” заалтууд хөрсөн дээр буусангүй. Харийн нутагт орох оронгүй болсон иргэдээ ямар нэгэн аргаар яаралтай авчрах шаардлага улсын өмнө тулгарсан хэвээр. Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл “Хээрийн эмнэлэг ашиглаж, 1500 ор дэлгэх боломжтой” гэснийг сануулъя. Мөн Яармагт барьсан 300 ортой төрөх эмнэлэгт иргэдийг байршуулж ч болмоор. Ганцхан ХӨСҮТ-ийн хүчин чадал, хэдхэн зочид буудалд түшиглэлгүй, их, дээд сургуулийн дотуур байр, амралт, сувиллын газар зэргийг ашиглан, сэтгэл гаргаж, нэгдэн нийлж зүтгэхгүй бол хугацаа алдах тусам гадаадад гацсан монголчууд хэцүүдэх нь байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)