Хувьцааны “сүнс” хүлээсэн өдрүүд

Цагаан өнгийн хүрэм өмссөн, тайрмал үстэй, тавь эргэм насны эмэгтэй “Сая 1072 ширхэг хувьцаагаа зарчихаад ирлээ” гэж зарлав. Жуулчны буюу бидний нэрлэдгээр Урт цагааны гудамжинд цугласан олон удаж төдөлгүй түүнийг бүчээд авлаа. Гудамжны зүүн үзүүрт зогсож байтал хар машинтай хоёр хүн ирээд хувьцааг нь худалдаад авчихсан гэнэ. Хэн авав, яаж зарав, хэдэн төгрөгөөр өгөв гэсэн асуулт шавсан олны амнаас бараг нэгэн зэрэг гарлаа. Мөнөөх эмэгтэй “Үнэт цаасны бүртгэлд бүртгэлтэй баталгаажсан хувьцааг авч байна. Надтай хамт явсан хүнийх баталгаажаагүй байсан учраас зарж чадсангүй.

Гэрээ байгуулж, нотариатаар батлуулаад л болж байна. Сая гаруй төгрөгөөр зарчихсан. Үнийг нь тодорхой хэлмээргүй байна. За явлаа” гээд хүмүүсийн суган доогуур шургалаа. Түүнийг ханцуйдан “Та ямар гэрээ байгуулсан юм бэ. Харуулаач” гэвэл илтэд дургүйцэн “Үгүй ээ” гэж хэлчихээд цагаан машины хаалга татан суугаад хав хийтэл хаачихав. Шавсан хүмүүс тал тал тийш “сарних” зууртаа “Наад хүүхэн чинь худлаа ярьж байна” гэж бувтнацгаалаа. Нэгэн залуу “Зарчихсан хүмүүс нь эргэж ирэхгүй алга болсон” гэж олонд сонсогдохоор хэлэв. Энэ бол өнгөрсөн мягмар гаригийн 22.30 цаг орчимд болсон үйл явдал.

Урт цагааны гудамжны авто зогсоол дүүрч, замынх нь нэгдүгээр эгнээг хөнгөн тэрэгнүүд эзэлжээ. Барагцаалбал, 300 орчим хүн тэнд цугласан байв. Олонх нь машиндаа суух агаад нэг төлөөлөгч нь хувьцаа авахаар ирэх машиныг харуулдаж, авто замын хөвөө бараадан зогсоно. Тэд Урт цагааны гудамж болон “Найман шарга” захын замаар нааш, цааш зөрөх автомашинуудыг нүд салгалгүй гярхай ажиглана. Өөрсдөө ч машинаараа ойр зуур холхино. Хувьцаа авахаар ирэх машиныг хамгийн түрүүнд олж илрүүлэх зорилго нь ийм бололтой. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг сая төгрөгөөр худалдаж авч байна гэсэн явган яриа тарснаас хойших гурван шөнийг Жуулчны гудамж хөл хөдөлгөөнтэй өнгөрүүлж буй нь энэ.

“Үнэхээр хувьцааг нь худалдаж аваад байгаа юм уу” гэж арваад хүнээс асуулаа. “Авч байна гэнэ. Хүмүүс өгчихөөд явцгаасан байна” гэж хариулах аж. Гэвч хэн ч баттай, баримттай мэдээлэл дуулгасангүй. Байр байдлаас нь ажвал борогдуу амьдралтай хүмүүс цугласан нь илт. Тэнд хоёр шөнө зогсож байгаа, 24 цаг харуулдаж буй залуустай таарлаа. Хувьцааг нь худалдаж авч байгаа нь үнэн үү. Үнэн бол тэр хэн бэ. Эсвэл цуу тарааж, хий хоосон “сүнс” бий болгоод байна уу.

Тэнд цуглагсад хувьцаа худалдан авагчийг “Sonata 6”, эсвэл “Harrier” маркийн хар өнгийн машин дотроо нотариатч суулгачихсан, мөнгөө цүнхэлчихсэн хятад хүнээр төсөөлөн ярьж байв. Тийм байр байдалтай хүмүүс хувьцаа худалдан авсан гэсэн мэдээлэл тэдний дунд таржээ. Зарим нь өчигдөр өдөр ч Урт цагааны шороо бужигнасан гудамжнаас явсангүй. Хувьцаа худалдан авагчийг ирэхийг хүлээн зогссоор байлаа.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг 2012 оны эхээр иргэн бүрт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ компани хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасны дараа “амь” орж, жинхэнээсээ иргэдийн өмч болох учиртай. Гэвч “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг өдийг хүртэл олон нийтэд худалдаж чадаагүй байна. Удирдлагууд нь 2013 онд хувьцаагаа олон нийтэд худалдана гэж ярьж байсан. Удалгүй IPO хийх хугацаагаа 2015 он болгож хойшлуулсан. Дэлхийн зах зээлд 2012 оноос хойш нүүрсний үнэ унаснаар “Эрдэнэс Тавантолгой”-н өрөө дарж, санхүүгийн чадавхаа сайжруулж чадаагүй.

Иймээс хэзээ хувьцааг нь олон нийтэд худалдахыг хэн ч хэлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, таны эзэмших эрхтэй 1072 хувьцаа хэзээ амь орох нь тодорхойгүй гэсэн үг. Уул уурхайн түүхийн эдийн үнэ өсөх, “Эрдэнэс Тавантолгой” компани 800 тэрбум төгрөгийн өрөө дарах, санхүүгийн чадавх нь сайжрах сайн цагийг хүлээхээс өөр аргагүй.

Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн гүйцэтгэх захирал Э.Алтаншагай нь 1072 ширхэг хувьцааг арилжих эрхтэй болгохоор идэвхтэй ажиллаж байгаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Хувьцаагаа нэг сая төгрөгөөр борлуулж болно” гэсэн мэдээлэл түгээсэн. Үүнээс хойш түүний ажлын байрны ойролцоо буюу Урт цагааны гудамжинд хувьцаагаа худалдах хүсэлтэй иргэд цугларсан юм. Олон нийтэд мэдээлэл өгснийхөө дараа Э.Алтаншагай нам жим боллоо. Харин хувьцаагаа худалдах хүсэлтэй хүмүүсийн тоо олширсоор л байна. “Хүмүүс хувьцаагаа зарсан байна. Хятадууд худалдаж авчээ” гэсэн барим тавим мэдээлэл тарж буй нь ч иргэдийг өдөөж байх шиг.

Харагдаж үзэгдэхгүй байгаа, хувьцаа худалдан авагч “сүнс” хэн бэ? Лав л Э.Алтаншагай биш. “Э.Алтаншагайгийн ард улс төрийн зорилготой хүчин байна. Тэр хүчин мөнгө цацаж байгаа бололтой. Ямар зорилготойг нь ойлгохгүй юм. Маш олон хүн хувьцаа зарсан гэсэн мэдээлэл авлаа. Тэгэхээр энэ жирийн нэг цуурхал биш байх шиг” гэж нэгэн брокер, дилерийн компанийн захирал ярилаа. Түүнтэй адил олон хүн үүнийг зохион байгуулалттай хэрэг явдал гэж үзэж байгаа. “Хувьцаагаа зарчихсан” гэж ярьж яваа хүмүүс хуурмаг байдал үүсгэж байхыг үгүйсгэхгүй.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхийг дамлан худалдах нь хууль бус үйлдэл юм. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэг явдлыг шалгаж өгөхийг цагдаагийн байгууллагынхнаас хүсчээ. Эрүүгийн цагдаагийн газрынхан уг хүсэлтийн мөрөөр хэргийг шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр мөнгө өгч, авалцсаныг баримтаар тогтоогоогүй байгаа гэнэ. Харин хувьцаа худалдах, худалдаж авах гэрээ байгуулсан баримт олдсон сураг сонсогдлоо. Дашрамд дурдахад, брокер дилерийн компаниуд хувьцааны данс нээлгэх хүсэлтэй хүмүүсийн хөлд дарагдсан гэнэ.

Данс нээлгэсэн ч 1072 хувьцааг дамлан худалдах нь эрх зүйн үндэслэлгүй. 1072 хувьцаа таны өмч болоогүй учраас худалдвал хууль зөрчинө. Харин өмч болсны дараа хэрхэн захиран зарцуулах нь таныг эрх. 1072 хувьцааг “цэнхэр”, “ягаан” тасалбартай адилтган ойлгож болохгүй.“Цэнхэр”, “ягаан” тасалбар бол хөрөнгө оруулалтын эрхийг бичиг юм. Иймээс худалдаж борлуулах, бэлэглэх нь нээлттэй байсан юм. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа бол хөрөнгө, өмч биш, “Танд 1072 ширхгийг өгнө” гэсэн амлалтын тоо. Муу хүмүүст бүү итгэ.

Т.ЭНХБАТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)