“Хувьсгал”-ыг хэн хийх вэ

Дэлхий нийтээр нийгэм, эдийн засгийн гээд бүх л салбарт гүнзгий өөрчлөлтүүд гарч, тэр хэрээр хүн төрөлхтөнд өнөөдөр, маргааш хэрэгтэй байгаа мэдлэг, ур чадвар, чадамжийг олгодог боловсролын систем ноёлж байна. Энэ нь унших, бичих, тоо бодох ойлголтоос гадна шударга ёс, хүний эрх, нэр төрийг эрхэмлэн дээдлэх, нийгмийн тэгш байдал, соёл, эв нэгдлийн үзэл санаанд сургах тухай юм. Өөрөөр хэлбэл, техник, технологи, даяаршлын энэ зуунд, ЮНЕСКО-гоос боловсролыг бүх нийтийн эрхэм баялаг хэмээн тодорхойлж, “Дэлхий ертөнцийг өөрчлөх хүч хийгээд өөрчлөлт, шинэчлэлтэд дасан зохицох гол үндэс” гэж үзэж буй. Бид ч гэсэн дэлхийн иргэд. Тиймээс бусадтайгаа хөл нийлүүлэн алхахын тулд боловсролын “хувьсгал”-ыг яг одооноос эхлүүлэх ёстойг “Өнөөдөр” сонин уриалж, шинэчлэлийг хэн, хэрхэн хийхийг, зорилго нь юу байхыг, ямар түвшний боловсрол бидэнд хэрэгтэйг, суралцах үйл ажиллагааг цаашид яаж зохион байгуулбал үр дүнтэй зэрэг асуудлыг “Өнөөдөр”-ийн хэлэлцүүлэг буландаа цувралаар хөндөж байна.

ЮНЕСКО хүний боловсрол эзэмших үйл явцыг хамгийн энгийнээр буюу мэдэхийн тулд, хийхийн тулд, хүн болохын тулд, хамт амьдрахын тулд суралцах ёстой гэж тодорхойлсон байдаг. Харин манай улс эдгээр үндсэн ойлголтыг хангах хэмжээний боловсролыг хүүхэд, залуустаа олгож чадаж байгаа юу гэвэл эргэлзээтэй. Нэг ёсондоо иргэдийн чанартай боловсрол эзэмших эрх зөрчигдөж, цаг үеийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн сургалтад шат шатандаа хамрагдаж чадахгүй байгаа. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь өдгөө оюутнуудад зөв бичгийн дүрэм заах хүртлээ муудсаныг салбарын эрдэмтэн, багш нар нь судлаад “гаргаад ирсэн”. Төр, засгийнхан нь хөтөлбөрөө шинэчлэх нэрээр 1998 оноос хойш өдий болтол эл баримт бичигт олонтоо гар дүрсэн. Нэг, хоёр, дөрвөн жил тутамд “сайжруулаад” ч тусыг эс олов. Үр дүнд нь сурагчдын сурлагын чанар “тэг” зааж, нийтээрээ харанхуй, бүдүүлэг нийгэм рүүгээ буцаад “гэтэх” боллоо.

Одоо ч амтай болгон л боловсролын шинэчлэлийн талаар ярих болж. Сонгууль дөхсөний шинж л дээ. Судалгаа, нотолгоотой, ул үндэстэй тэмцэж байгаа нь ч бий. Хий хоосон хашхичиж, нийгмийг талцуулж буй нь ч мундахгүй. Энэ нь боловсролын салбар Засгийн газрын тэргүүлэх чиглэл байхаа больсны, социалист нийгэмтэйгээ хамт нуран унасны илрэл. Тэгвэл өнөө цагт боловсролын “хувьсгал”-ыг хэн, хэрхэн хийх вэ. Тэмцээд байгаа хүмүүс үү, эсвэл хэн ч хийж чадахгүй юу. Нөхцөлийг нь яаж бүрдүүлэх, төсөв мөнгийг нь хаанаас санхүүжүүлэх, хэн хэн кампанит ажилд оролцох зэрэг олон асуулт ургана. Өнгөрсөн 30 жилийн турш эл салбарыг, шат шатны сургалтын байгууллагуудыг хангалттай “оролдлоо”. Олон ч хөтөлбөр, төлөвлөгөө туршлаа. Дорвитой шинэчилсэн, сэтгэлтэй, зүтгэлтэй, тууштай хүн лав гарч ирсэнгүй. Боловсролын төлөө санаагаа чилээж явдаг салбарын зарим мэргэжилтэн хэн, хэрхэн “хувьсгал” хийх боломжтой талаар байр сууриа илэрхийллээ.

ДУНДАЖ ДАВХАРГЫНХАН САНААЧИЛЖ, ТӨР ГҮЙЦЭТГЭХ ЁСТОЙ

Д.БУМ-ОЧИР (МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор)

-Боловсролын “хувьсгал” гэж яриад байгаа зүйлийг нийгэмд болж буй бусад өөрчлөлттэй ямар уялдаа холбоотой болохыг эхлээд авч үзэх хэрэгтэй. Мэдлэг, боловсрол бол тухайн нийгмийн улс төрийн тогтолцоо, үзэл сурталтай шууд холбоотой. Өнөөдөр ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл мэдлэг, боловсролын суурь нь болсон. Өөрөөр хэлбэл, нийгмийн шилжилтүүд мэдлэг, боловсролын шинэ тогтолцоог бий болгодог. Гэвч ардчилсан төр, засгийнхан боловсролдоо “хувьсгал” хийсэн үү. Хуучин нийгмээ халсан зарим улс оронд бүр социализмын үед хамгаалсан докторын болон эрдмийн бусад зэрэг, цол, гавьяа шагналыг нь хурааж, хүчингүй болгосон жинхэнэ “хувьсгалт” үйл явдлууд байдаг. Монголчуудыг ингэж туйлшрах ёстой гэж хэлэхгүй. Гэхдээ Монголын төр тухайн үед заавал хийх ёстой “хувьсгал”-ыг эхлүүлээгүйгээс өдгөө хэн хийх вэ гээд “бэдэрч” явна. Нийгмийн дундаж болон түүнээс дээш давхаргынханд л эл үүрэг ногдох ёстой. Мэдээж төр боловсролын тогтолцоог өөрчлөх эрхийг атгаж байгаа учир тэдний оролцоогүйгээр, дэмжлэггүйгээр шинэчлэх арга байхгүй. Тиймээс төр, засаг энэ үйл хэргийг түүчээлж, дэмжин ажиллах хэрэгтэй.

1990 оноос өмнө, одоо ч нийгмийн шинжлэх ухаанд мэдлэгийг колончлолоос чөлөөлөх тухай ойлголт хүчтэй яригдаж байна. Төр нь колончлогч, эсвэл дарангуйлагч байхаас хамаарч, боловсрол ашиг сонирхолд нь үйлчилдэг. Өнөөгийн бидний эзэмшсэн боловсролд ЗХУ-ын ашиг сонирхол “явж” л байдаг. Орчин үед ч мэдлэгийн колончлол үргэлжилсээр. Жишээ нь, чөлөөт зах зээл, бусад мэдээлэл, технологийн салбарын колончлолд үйлчилдэг мэдлэгүүдийг бид танин мэдэх шаардлагатай. Боловсролын “хувьсгал” хийх болбол нэг колончлолын мэдлэгийг нөгөөгөөр нь солих мэтийн зүйл нь утгагүй, хэрэггүй.

“ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ ЧИНЭЭЛЭГ ХЭСГИЙНХЭНД НЭЭЛТТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ”

Р.ЭНХБАТ (“Эдмон” группийн ерөнхий захирал)

-Хувьсгалыг мэдээж бүх нийтийн хүчээр хийх учраас одоогийнх шиг дээрээс захиргаадах биш, доороос дээш чиглэсэн бүтээлч санал, санаачилгуудад түшиглэн, ажил хэрэг болгох ёстой. Хамгийн гол нь төр, засаг боловсролын “хувьсгал”-ыг эхлүүлэх чин хүсэлтэй, улс төрийн зоригтой алхам хийх, өнөөгийн намын нөлөөнөөс эл салбарыг ангижруулбал дараах шат дараалсан ажлуудыг хэрэгжүүлж болох юм. Эхлээд боловсролын өнөөгийн нөхцөл байдалд гадаадын мэргэжлийн байгууллагынхны оролцоотойгоор нэгдсэн дүгнэлт гаргах хэрэгтэй. Түүнд үндэслэн боловсролын бодлого боловсруулах үндэсний баг ажиллаж эхэлнэ. Багийг боловсролын хөгжилд гар бие оролцдог, оролцох хүсэлтэй бүх хүнд нээлттэй байх замаар бүрдүүлнэ. Тус баг нь агентлаг хэлбэрийн зохион байгуулалтад орсноор одоо хэрэгжүүлж буй боловсролын хуулийг шинэчлэх, сургалтын хөтөлбөр болон бодлогын бусад баримт бичгийг шинэчлэн боловсруулах эрхтэй болно. Эхэндээ яамнаас тусдаа, тодорхой эрх хэмжээтэй байх бөгөөд аажимдаа төрийн захиргааны төв байгууллага руу нь шилжүүлбэл зүгээр.

Боловсролын “хувьсгал” хийх бэлэн хөтөлбөр, төлөвлөгөө гэж байхгүй. Дээр дурдсан үндэсний баг нь ажлын төлөвлөгөөгөө алхам алхмаар ахиулах замаар улсынхаа онцлогийг орчин үеийн шинжлэх ухааны ололтоор баяжуулахын зэрэгцээ нийгмийн үнэт зүйлсийг тусгасан боловсролын цоо шинэ хөтөлбөртэй болох нь зүйтэй. Ингэхийн тулд олон ажлыг зэрэг эхлүүлэх, жишээ нь, шаардлагатай тооны сургагч багш нарыг гадаадад тусгайлсан хөтөлбөрөөр даруй бэлдэх, дотооддоо мөн багш нараа сургах ажлыг шинэ хэлбэрээр явуулах, нэг ангид 25-аас хэтрэхгүй хүүхэд сурах нөхцөлийг төрөөс бүрдүүлэх зэрэг болно.

Боловсролын шинэчлэлийг наад зах нь 10 жил тасралтгүй хийнэ гэвэл бэлтгэл үе, бодлогын хэрэгжилтийн үе гэсэн ерөнхий хоёр хэсэгт хуваан, жил тутам үр дүнг гарган, хэлэлцэж явах хэрэгтэй. Цаашид эх хэлнийхээ болон нийгмийн ухааны боловсролд түлхүү анхаарах, дижиталд суурилах зэрэг шинэчлэл хийх шаардлага, нийгмийн захиалга хэдийн тулгарсан. Чанартай боловсрол зөвхөн чинээлэг хэсгийнхэнд нээлттэй байж болохгүй тул “хувьсгал”-ыг улсын сургууль, цэцэрлэгүүдээс эхлүүлэх учиртай. Эхлүүллээ гэхэд ухуулга, сурталчилгааны ажил бол энэ үйл ажиллагааг бүх нийтийн үйлс болгоход амин чухал хэсэг нь болох юм.

“МОНГОЛЧУУДЫН ОЮУНЫ БҮТЭЭЛ ЭКСПОРТЫН 10 ХУВЬД Ч ХҮРЭХГҮЙ БАЙНА”

Ө.ГАНЗОРИГ (“Боловсролын реформ хөдөлгөөн” ТББ-ын гишүүн, эдийн засагч)

-Монголын боловсролын систем хүүхдийг 2-22 нас хүртэл нь буюу нийт 20 жилийн хугацаанд боловсруулж байна. Эл системийн үндсэн зорилго нь бүтээмжтэй иргэдийг бэлтгэх явдал гэж хардаг. Тодруулбал, боловсрол олгохдоо хоосон мэдлэг цээжлүүлэх биш, бүтээл, бүтээгдэхүүн гаргах түвшний ур чадвар, авьяас, туршлагатай, хүсэл эрмэлзэлтэй болгохыг хэлнэ гэж орчин үед томьёолдог. Харин манай боловсролын систем бүтээмжтэй иргэдийг бэлтгэх үүргээ биелүүлж чадахгүй байна. Үүнийг нотлохын тулд хамгийн наад захын статистик авч үзье. Монгол Улсын жилийн нийт экспортын 90 гаруй хувийг түүхий эд буюу байгалийн баялаг эзэлдэг. Нүүрс, төмрийн хүдэр, алт зэрэг нь хүний бүтээл биш, бидний эцэг, өвгөдийн үлдээсэн газар доорх баялаг. Харин бүтээгдэхүүн гэдэг бол хүний тархины боловсролын үр дүнд бий болдог зүйл. Гэтэл монгол хүний бүтээмжид тулгуурласан бүтээгдэхүүн нийт экспортын 10 хувьд ч хүрэхгүй байна. Тэгвэл байгалийн баялаггүй Сингапур улсын экспортын бүтээгдэхүүн нь тэр чигтээ хүний тархины бүтээл байх жишээтэй. Загасчдын жижигхэн тосгон байсан Сингапур боловсролын системдээ шинэчлэл хийснээр өнөөдөр дэлхийн хамгийн баян орнуудын нэг болж чаджээ. Залуучууд нь байгалийн, эсвэл төрийн хишиг горьдож суух тухай ойлголтгүй, оюун ухаанаа “экспортолж”, улсдаа хөрөнгө оруулж байна.

Манай боловсролын салбар 1990 он хүртэл дэлхийд чамгүй өндрөөр үнэлэгдэж, багш нар нийгэмд өндөр байр суурьтай байсан. Гэвч сүүлийн 30 жилд энэ салбарт шинэчлэл огт хийгдээгүйгээр үл барам багш нарын цалин, орлого хэд дахин буурч, нийгэмд эзлэх ёстой байр суурь нь ганхлаа. Боловсролыг төр, засаг тэргүүлэх чиглэлээ гэж тунхагласан хэрнээ үе үеийн Засгийн газраас салбарын бодлого тодорхойлогч сайд, дарга, захирлуудыг томилохдоо ихэвчлэн мэргэжлийн бус хүнийг сонгож, эл салбарын албан тушаалыг намын шагнал, сонгуульд зүтгэсний урамшуулал болгон хувиргасан нь дампуурахад хүргэсэн.

Шинэ зуунд боловсролын шинэчлэлийг дижитал технологи, орчин үеийн сэтгэл зүйн ухааны ололт, дэвшлийг ашиглан хийснээр хүүхэд бүрийг дэлхийд өрсөлдөх чадвартай болгож хөгжүүлэх боломжтой. Финланд, БНСУ, Сингапур улсын бэлэн жишээнүүд байна. Монголчууд 30 жилийн турш эд баялаг, эрх мэдлийг шүтэж, талцлаа. Одоо хүнээ, иргэнээ хөгжүүлдэг салбар луугаа түлхүү анхаарцгаая.

Хувьсгалыг 1-2 жилийн дотор хийх боломжгүй. Манай хөдөлгөөнийхний тооцоолсноор эл салбарыг улс төрөөс ангид байлгах, үнэт зүйлд тулгуурласан, суралцагч төвтэй, сэтгэл зүйд суурилсан боловсролыг хөгжүүлэх зэрэг зургаан чиглэлээр 8-10 жилийн хугацаанд үе шаттай шинэчлэл хийснээр дэлхийд өрсөлдөхүйц системтэй болж чадна гэж үзэж байгаа. Гагцхүү “хувьсгал” хийхийн тулд та, бидний итгэл үнэмшил, урам зориг, эв нэгдэл хэрэгтэй. Эцэг, эхчүүд, багш нар, эрдэмтэн, судлаачид, улстөрчид, компанийн захирлууд мөр зэрэгцэн оролцвол зохино. Баян, хоосон, хөгшин, залуу, хот, хөдөө гэж ялгахгүйгээр улсынхаа төлөө ганц удаа ч болов зэрэгцэн алхах хэрэгтэй болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)