Хувьсах зардлыг чанартай нь уялдуулан олгоё

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо 

2020-2021 оны хичээлийн жилд хувийн хэвшлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн сургалтын төлбөр 80 сая төгрөгт хүрэв (Монгол сургууль биш юм билээ, уг нь. Манайд ажиллаж, амьдардаг гадаадын ЭСЯ-ны болон олон улсын байгууллагын ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан сургууль). Хүүхэд нь Баянхошууны улсын сургуульд сурдаг Балдангийнхад энэ мэдээ тийм ч чухал биш байх. Хоногийн хоолоо арайхийн залгуулдаг хотын захын борог амьдралтай өрхүүд сургуулийн хүүхдүүдийнхээ анги цэвэрлэгээний болон засварын мөнгийг хэрхэн илүүчлэхэд л санаа зовдог.

...Азийн хөгжилтэй улс орнуудын тэргүүн баячууд нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийдэг гол ажил нь улсдаа олон улсын түвшний сургууль, цэцэрлэг барьж өгдөг. Бараг түүгээрээ өрсөлддөг. Тэглээ гээд улсаасаа нэг ч төгрөгийн татаас авдаггүйн дээр объектоо тэр чигт нь бэлэглэдэг аж. Үүний цаад санаа нь чанартай, сургууль цэцэрлэгт хүүхэд бүрийг хамруулах замаар нийгмийн анги давхаргын ялгааг арилгахыг зорьдог байна...

Магадгүй өөрсдөөс нь “тасарчихсан” амьдралтай, хүүхдээ жилийн хэдэн арван сая төгрөгийн төлбөртэй сургуульд сургадаг өрх Монголд 20, 30 мянгаараа байдгийг ч тэд мэдэхгүй. Тэнгэр, газар шиг ялгаатай орчин нөхцөлд ирээдүйн үрс нь боловсорч, хүмүүжиж байхад төр, засгаас зөвхөн хэсэг бүлэг хүмүүст хамаатай хувийн сургуулиудыг дэмжиж, тэдэнд “үйлчилдэг” гэж иргэд шүүмжилсээр.

Жил ирэх тусам ерөнхий боловсролын сургуульд элсэгчдийн тоо нэмэгдэж байна. Хөдөө дэд бүтэц, ажлын байр хангалтгүйгээс хүн амын тэн хагас нь шахам нийслэлд амьдардаг. Улаанбаатарт харамсалтай нь, сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй хэвээр. Эрх баригчид бүх шатны боловсролд хүүхдүүдийг бүрэн хамруулж хүчрэхгүй, зүтгэх ч сонирхолгүй учраас “мэргэн арга” бодож олсон нь хувийн хэвшлийнхэнд олгодог хувьсах зардал. Энэ нь эцэг, эхчүүдийн хувийн сургуулиудыг “үзэн ядах” том шалтгаан. Улсын ачааллаас үүрэлцэж буй гэсэн нэрийдлээр жилийн 40, 50 сая төгрөгийн сургалтын төлбөртэй хувийн сургуулиуд хувьсах зардал нэмж авахаар хэн ч дургүйцэх нь гарцаагүй.

2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 820 сургууль үйл ажиллагаа явуулсны 158 нь хувийн хэвшлийнх байв. 2016 онд нийт сургуулийн тоо 778, үүнээс хувийнх нь 133 буюу одоогийнхоос 25-42-оор цөөн байсан аж. 2016 онд хувийн 133 сургуульд 31 752 хүүхэд суралцсан бол өдгөө эл тоо 50 мянга орчим болж нэмэгджээ. Тэр хэрээр хувьсах зардлын санхүүжилт өссөн гэсэн үг. Цар тахлын хүнд хэцүү цагт хувийн их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудыг төлбөрөө нэмэхгүй, эцэг, эхчүүдэд дарамт багатайгаар асуудлыг шийдэхийг БШУЯ-ныхан уриалсан ч тусыг эс олсон. Энэ хичээлийн жилд хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын жилийн төлбөр дунджаар 400 мянгаас 1.5 сая төгрөгөөр нэмэгджээ. Өнгөрсөн жил хичээллээгүй хугацааны сургалтын төлбөрөө буцаан олгоогүй. Тэгсэн хэрнээ сургалтын төлбөрөө үндэслэлгүй нэмснийг эцэг, эхчүүд гомдоллосон.

Монголын төр боловсролын тэгш бус байдлыг гааруулж, төлбөртэй сургуульд хувьсах зардал өгдгөө эргэн харж, алтан дунджийг тогтоох цаг болжээ. Хувийн, өндөр төлбөртэй сургууль бүр сайн сургалттай байдаггүйг эрдэмтэн, судлаачид хэлсээр. Гэтэл эцэг, эхчүүд галууг дуурайж, хөлөө хөлдөөхийн үлгэрээр эл салбарт авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасаар байгаа. Ардчилсан тогтолцоотой, өмчийн олон хэлбэрийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан энэ улсад хувийн сургуулиуд байх ёсгүй, бүгдийнх нь “хаалгыг барь” гэсэнгүй. Гагцхүү хувьсах зардлыг хавтгайруулан олгож байгаад л олон нийт бухимдаж буй юм.

Тиймээс хэт өндөр болон онцгой нөхцөлд сургалтын төлбөртөө уян хатан хандаагүй хувийн сургуулиудад хувьсах зардал өгөхөө боливол яасан юм бэ. Хаана үйл ажиллагаа явуулж байгаа болон сургалтын төлбөрөөс нь хамаараад хувийн сургуулиудад улсаас нэг хүүхдэд 270-450 төгрөгийн хувьсах зардал олгодог. Өнгөрсөн оны хичээлийн жилд зөвхөн ерөнхий боловсролын сургуулиудад 18.8 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгосон байна. Жил бүр зарцуулдаг ийм хэмжээний мөнгөө өнгөрсөн хугацаанд улсын сургуулиудынхаа сургалт, чанар, хүртээмжийг сайжруулахад зориулсан бол шаардлага хангахгүй хувийн хэвшлийнхэн зах зээлийнхээ зарчмаар “арчигдах” байлаа.

Ийм сайн жишээ ч байна. Хоёр жилийн өмнө төрөөс хувийн их, дээд сургуулиудад олгодог хувьсах зардлыг зогсоосон. Үүний ачаар цөөн оюутантай, хувьсах зардлын санхүүжилтээр “амьдардаг” чанаргүй хувийн сургуулиуд хаалгаа барихад хүрч, чанартай нь шигшигдэж байгааг мэргэжлийнхэн хэлж байна. Гэтэл яагаад ерөнхий боловсролын сургуулиудын хувьсах зардлыг ямар нэг байдлаар зохицуулж, танахгүй байна вэ.

Жил бүр хувьсах зардалтай холбоотой маргаан дэгдэхэд хувийн сургуулиудынхан “Боловсролд хөрөнгө оруулагсдыг төр дэмжих хэрэгтэй. Нэг ангид 50 хүүхэд суралцдаг сургуулиас 30 сурагчтай руу шилжих нь эцэг, эхчүүдийн сонголт. Төрөөс ерөнхий боловсролыг сайн олгодог болчихвол хувийн сургуулиуд жамаараа хумигдана” гэхчлэн даапаалж суух вэ дээ. Зарим нь бүр хувьсах зардлыг “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй болгоно” гэж Үндсэн хуувьд заасны дагуу авч буй төлбөр гэх. Тэднийхээр бол төрөөс нэг хүүхдийн боловсрол, бусад урсгал зардалд төсөвлөдөг мөнгө хувийн сургуулиудын эздийн халаасанд орох нь зөв юм байх.

Хувьсах зардлыг зогсоовол бүх хувийн сургууль дампуурна гэсэн хүн ч цөөнгүй. Улсын сургуулиуд нэг ангид 30 хүүхэдтэй хичээллэдэг болчихвол хэн ч хувийн сургуулийг сонгохгүй байх л даа. Гэхдээ энэ “үлгэр” ойрын хугацаанд биелэх боломжгүй учраас хувийн хэвшлийнхэн ам бардам байна. Хувийн сургуулиудыг хавчих бус, улсын сургуулиудынхаа чанарыг сайжруул гэж “томрох”. Үнэхээр хүүхдийн тоогоор хувьсах зардал төрөөс гаргуулах нь зөв хэмээж буй бол төлбөрөөс нь тэр хэмжээгээр хямдруулах, сургалт сайтайг дэмжих нь эрүүл тогтолцоо.

Азийн хөгжилтэй улс орнуудын тэргүүн баячууд нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийдэг гол ажил нь улсдаа олон улсын түвшний сургууль, цэцэрлэг барьж өгдөг. Бараг түүгээрээ өрсөлддөг. Тэглээ гээд улсаасаа нэг ч төгрөгийн татаас авдаггүйн дээр объектоо тэр чигт нь бэлэглэдэг аж. Үүний цаад санаа нь чанартай сургууль, цэцэрлэгт хүүхэд бүрийг хамруулах замаар нийгмийн анги давхаргын ялгааг арилгахыг зорьдог байна. Харин манайд яадаг билээ. Хувийн сургууль байгуулсан бизнесменүүд нь сургалтын төлбөрөө жил бүр нэмдэг. Дээр нь улсаас өчнөөн сая төгрөгийн татаас авдаг.

Монгол Улсын хүн ам жилд дунджаар 1.9 хувиар өсөх төлөв гарчээ. Үүний дагуу 2025 он гэхэд бага болон дунд боловсрол эзэмшигчийн тоо 31.8-46, 2030 онд 71 хувиар нэмэгдэх тооцоо гарсан. Эл эрэлтийг хангахын тулд боловсролын салбар одоогийнхоос хоёроос гурав дахин тэлэх шаардлагатайг судлаачид хэллээ. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийг хөгжүүлэх, тэдэнд шаардлагатай нөөц бүрдүүлэх нь тулгамдсан асуудал болох төлөвтэй. Тэгэхээр бид хүссэн хүсээгүй хувийн хэвшлийнхэнтэй хамтрах нь.

Монгол Улс урт хугацааны “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогоо боловсруулж, энэ онд батлуулсан. Тэргүүн зорилгуудын нэг нь боловсролын салбарт эрх тэгш байдлыг хангах замаар үр ашгийг нь нэмэгдүүлэх гэжээ. Тухайлбал, асар хурдацтай явагдаж буй хотжилтыг дагасан ерөнхий боловсролын сургуулийн эрэлт, хэрэгцээг хангах, суралцагч төвтэй сургалтыг дэмжих, менежментийг сайжруулах замаар чанарыг дээшлүүлэхийг зорьсон аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)