Хувийн хэвшлийнхэнд очсон талбайнуудаа авч чадах уу

Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн банк, санхүүгийн байгууллагад “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт гудамж, УДЭТ-ын өмнөх Ю.Цэдэнбалын хөшөөт талбай, хуучнаар Гутлын 22 буюу өнөөгийн Асашёорюүгийн цэцэрлэгийг эзэмшүүлэх эрх олгосон байна. Мөн Оюутны гэх тодотголтой Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дахь 1200 ам метр хэмжээтэй талбайг нийслэлийн Засаг даргын 2012 оны А/463 дугаар захирамжаар тус банкныханд эзэмшүүлсэн байгаа юм. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг, Төв шуудангийн ард, Монголын хөрөнгийн биржийн урд талын автомашины зогсоолтой зам хувийн эзэмшилд оччихоод байна гэвэл та итгэх үү. Ийм захирамжийг эрх бүхий албан тушаалтнууд гаргачихаад байна. Тодруулбал, “Монтел” руу орж гардаг, Д.Сүхбаатарын талбайн баруун урд талын, дээрх замыг 2017 онд өмнөх Засаг даргын А/464 дүгээр захирамжаар мөн л “Улаанбаатар капитал” банк бус санхүүгийн байгууллагад эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ мэтчилэн нийслэлд үлдээд буй цөөн хэдэн талбайг хувийн хэвшлийнхэн тохижилт, авто зогсоол хийх нэрийдлээр авсан байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан та энэ асуудлыг шийдэж, зориулалтын дагуу ашиглаагүй газрын эрхийг цуцалж, жижигхэн ч гэсэн ногоон байгууламжийг хотынхоо иргэдэд энэ хэвээр нь үлдээн өгч чадах уу?


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)