Хувийн сургуулиуд хуудуутай “бүтээгдэхүүн” үйлдвэрлэсээр байг уу

Хувийн хэвшлийн “Сакура”, “Хобби” зэрэг дунд сургууль 1996, харин “Оточ манрамба”, “Отгонтэнгэр”, “Шихихутуг” зэрэг дээд сургууль бүр 1991 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэр үеэс эцэг, эхчүүд хүүхдүүддээ зохих шатны боловсрол эзэмшүүлэхийн төлөө төлбөр төлж эхэлсэн байж таарна. Энэ нь ардчилсан, зах зээлийн эдийн засагтай, боловсролыг үнэ төлбөргүй болон төлбөртэй ч олгож болно хэмээн хуульдаа заасан улсын хувьд гайхаад байхааргүй асуудал. Харин хувийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын сургалтын төлбөр гайхаш бардаг болсоор удлаа. Жишээ нь, 2019 оны байдлаар олон улсын дунд сургуулийн бага ангийн төлбөр 21 мянган ам.доллар буюу 56 сая, дунд ангийнх нь 25.6, харин ахлах ангийнх нь 27.3 мянга буюу 73 сая төгрөг байв. Өдгөө нэмэгдсэн үү гэхээс хасагдсан нь юу л бол. Ер нь жил ирэх тусам нэмдэг нь гэм биш зан болоод байгаа.

...БНСУ гэхэд 2025 оноос бага, дунд боловсролыг үнэ төлбөргүй олгох бэлтгэлээ энэ жилээс хангаж эхлээд байна...

Олон улсын дунд сургуульд манайд ажилладаг гадаадын байгууллагын ажилтнуудын, уул уурхайн томоохон компаниудын эздийн болон төрд өндөр алба хашдаг болон хашиж байсан хүмүүсийн хүүхдүүд голдуу суралцдаг. Эхний хоёр ангиллын сурагчдын эцэг, эхчүүд өндөр цалинтай юм гэж бодъё. Төрд өндөр алба хашдаг болон хашиж байсан дарга нарын цалин их биш атал ийм өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ сургах хөрөнгийн эс үүсвэр нь хаанаас ундаргатай вэ гээд бодохоор судлах л ёстой сэдэв болж байгаа юм. Энэ тухай жич авч үзэхээр гол шугамдаа оръё.

Улс орон өндөржүүлсэн бэлэн байдалд байгаатай холбоотойгоор бүх шатны сургуулиудыг тодорхойгүй хугацаагаар хааж, хичээлийг теле хувилбараар, мөн цахимаар явуулсан. Үндсэндээ хичээлийн жилийн хагас нь ийм байдалтай өнгөрсөн бөгөөд ээж, аавууд “Өвчин тусахгүй байх нь чухал. Бусад нь ч яах вэ” гэж буй юм. Нийтлэл бичихтэй холбоотойгоор хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө хөнгөлсөн, эсэх, мөн цахим хичээл хэр үр дүнтэй байсан талаар эцэг, эхчүүдийн дунд асуулга явуулахад 35 хүн хариу өгсөн юм. Сургалтын төлбөрөө нэг ч сургууль хөнгөлөөгүй аж. Харин ч дийлэнх нь дараа жилийн төлбөрийг урьдчилан авчээ. Үүнийгээ хүүхдийн суудлын баталгаа хэмээн тайлбарлаж. Ийм хатуу шаардлагатай тулгарсан эцэг, эхчүүд хэрэндээ сандарсан ч бүгд л хүүхдээ бодоод, сургуулийн удирдлага, сургалтын албаныхны зүгээс ирэх хэл үг, дарамтаас эмээн төлсөн гэж байна.

Үүнээс цааш сургуулийн нэр бичих хэрэггүй байх. Сонины дугаар гарсан даруйд “давхиж” ирээд бизнесийн нэр хүндэд халдлаа, шүүхэд өгнө хэмээн заналхийлж мэднэ. Тийм тохиолдол байсан болоод ийн болгоомжлов.

Асуулгад хариулсан эцэг, эхчүүдийн төлөөлөл нэгэн аав “Загатнасан газар маажлаа. Манайх хоёр хүүхдээ нэг сургуульд сургаж төгсгөсөн. Одоо бага хүүхэд маань тэнд сурдаг. Том хүүгийнхээ сургалтын төлбөрөөс болж сургуулийн үүсгэн байгуулагчидтай байнга шөргөөцөлддөг байлаа. Журамд нь улсын олимпиадад түрүүлбэл сургалтын төлбөрөөс чөлөөлнө гэж бий. Хүү минь түрүүлсэн ч чөлөөлөөгүй. Захирлуудад нь хэлэхэд “Энэ жил санхүүгийн боломж тааруу байна” гэж тайлбарласан, бидний урам хугарсан. Саяхан бага хүүгийнхээ сургалтын төлбөрийг өглөө. Зургадугаар сард багтааж төлбөл 10 хувийн хөнгөлөлттэй, харин түүнээс хойш болбол 10 хувийн нэмэгдэлтэй гэхээр нь төлсөн. Хөл хорионы үеийн видео хичээл бол нэр төдий юм. Хүүхэд гэдэг чинь хэлүүлж, үглүүлж, тэр бүү хэл, толгой руугаа тоншуулж байж хичээл хийдэг. Бүгд л мэднэ. Тийм атал видео хичээл заах нэрээр оромдчихоод төлбөрөө бүрэн нэхэж авсан. Хүүгээ бодоод хэл ам хийсэнгүй. Сургалт гэдэг бол сургууль, суралцагч хүүхэд, эцэг, эх гэсэн гурван талт субъектын сэтгэл ханамжийн “зүү” 100 дээр байхад онц, үгүйдээ сайн гэсэн үнэлгээтэй байх ёстой хариуцлагатай процесс шүү дээ. Гэтэл өнөөдрийн байдлаар зөвхөн сургууль л ханаж цадахгүй аваад байдаг. Сурагчид нь багш, захирлаасаа айсан, бас аав, ээжээсээ эмээсэн байдалтай, эцэг, эхчүүд нь бухимдуу байна лээ. Хувийн сургуульд хүүхдээ оруулсны балаг ийм үнэтэй тусах юм гэж бодсонгүй. Шилжүүлье гэхээр дассан орчин, хамт олноос нь салгахаар сөрөг нөлөөтэй байх гэж болов уу гээд чадсангүй” хэмээн ярив.

Бүх юм бараан байх гэж юу байх вэ. Оросын Плехановын академийн Монгол дахь салбар сургуулийн дэргэдэх дунд сургуулийн сурагчийн ээж “Төлбөрийг бүрэн төлсөн, багш нар нь хичээлээ видеогоор маш сайн заасан” гэж байлаа. “Шинэ Монгол” сургуулийн сурагчийн ээж “Манай хүүхэд гуравдугаар ангид сурдаг. Төлбөр болох 4.8 сая төгрөгийг өгсөн. Угаасаа төлбөрийг хавар, гэрээний үндсэн дээр авдаг учраас ямар нэгэн хэл ам гардаггүй. Видео хичээл үр дүнтэй байсан. Багш нь настай хүн байдаг юм. Гэсэн ч алжааж ядарлаа гэлгүй, 30 сурагчаа 10, 10-аар хуваагаад өдөрт гурван удаа зааж байлаа. Үр дүн нь танхимын сургалтаас дутахгүй гарсан. Би дүүг нь харж, гэртээ байдаг болохоор давуу талтай. Хажууд нь сууж ойлгож аваад, үргэлжлүүлэн давтуулсан минь бас нөлөөлсөн байх. Сургалтад сэтгэл хангалуун, төлбөрийг дарамт гэж харахгүй байна” гэв.

Дахин нэр дурдалгүй хэлэхэд сургалтын жилийн төлбөр 10 саяас доош байдаг сургуулиудад хүүхдүүдээ сургадаг аав, ээжүүд харьцангуй тайван байдаг аж. Тэд жижиг, дунд бизнес эрхэлдэг, эс бөгөөс байнгын ажлын байртай болохоор цалингийн зээл ч болов аваад хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг аж. Харин 10 саяас дээш хэмжээтэй мөнгө төлдөг айлууд сандардаг, заримдаа сонголт буруу хийсэндээ бачуурах ч талтай гэнэ. Тэгэхээр жилд 30, 40, 50, 70 саяар хүүхдээ сургадаг нь нэг бол янз бүрийн эх үүсвэрийн орлоготой тэрбумтнууд, эс бөгөөс мөнгө хаанаас олох вэ гэж стресстсэн хүмүүс байдаг бололтой. Эдгээрийн аль нь ч бай өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ сургаж буй хүмүүс хүү, охиноо бусдаас дутаахгүй мэдлэг, боловсролтой болгох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн 12 жилд сургалтын төлбөрийн дарамтад амьдардаг аж. Үүний зэрэгцээ зарим айлын хүүхэд ухамсар, ёс суртахуун, ёс зүйн доройтолтой иргэн болж байгааг хаана, хаанаа анзаардаггүй. Монголоор ярихгүй, уран зохиол уншихгүй, ахмад настнуудыг төдийлөн тоохгүй, үг, сургаалыг нь сонсохгүй, үндэсний соёл, уламжлалд хайнга, тэр бүү хэл, үл тоомсорлосон байдалтай, улмаар Монголын гэсэн болгоноос өөрсдийгөө холдуулж, хөндийрүүлэн, харийн соёл шүтэгсэд болж өсөх талтай бөгөөд ийм залуус олшрохын хэрээр нийгэм дэх сөрөг мэдээлэл нэмэгдэж, улмаар хэсэг бүлгээрээ үндэстний үнэт зүйлсийн эсрэг санаа бодолтой иргэд бий болоход нөлөөлж байгаа бус уу. 

Залуусын ийм хүмүүжил, төлөвшлийн үр дүн алхам тутамд мэдрэгдэх болов. Монгол хэлээрээ хазгай муруй ярина. Монголын соёл, уламжлал гэж юу ч байдаг юм гэх маягаар хандана. Саяхны нэг жишээ дурдъя. Монголдоо хувийн дунд, гадаадад дээд сургууль төгссөн охин Монголын өнөө цагийн зохиолчдын бүтээлээс орчуулж гадаадад гаргах сонирхолтой юм байна. Хэнийхийг орчуулахаа мэдэхгүй зөвлөгөө авч байхтай таарлаа. Зөвлөсөн хүн түүнээс “Б.Ринчен, С.Буяннэмэх нарын зохиол бүтээлээс алийг нь уншсан бэ. Ямар нь таалагддаг вэ” гэхэд өнөөх бүсгүй “Надад тэр хүмүүсийн бичсэнийг уншсан, мэдсэн байх шаардлага байхгүй” гэв. Асуусан зөвлөгч хэлэх үггүй болсноо инээмсэглэж “Чи Монголын зохиолчдын бүтээлийг орчуулах гэж байгаа бол алдарт Б.Ринчен гуайн хэлсэнчлэн “Атга гурил, чимх давс” гэдгийг англиар болон бусад хэлээр оновчтой сайхан орчуулах л болно. Жишээ нь, чи үүнийг англи хэлэнд яаж буулгах вэ” гэхэд өнөөх бүсгүй бага зэрэг түгдэрснээ “Заавал ингэж хэлэх албагүй л дээ” хэмээв. Эцэг, эхчүүдийг сургалтын төлбөрөөр дарамталж буй хувийн хэвшлийн дунд сургуулиудын “бүтээгдэхүүн”-ий зарим нэг нь ийм ч болчих гэж дээ хэмээн бодож байлаа.

Нийтлэлтэй холбоотойгоор асуулга явуулахад санал бичсэн хүмүүсийн дунд “Боловсролд бодлоготой ханддаг бол яг ийм хөл хорионы үеийнх шиг нөхцөл байдалд хувийн сургуулиуд ямар дүрэм баримталж ажиллах ёстой вэ гэдэг журам баймаар юм билээ” гэж хэлсэн нь бий.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед бүү хэл, цаашид, ойрын ирээдүйд улсын иргэдийг боловсруулах ажлыг нэг гараанаас эхлүүлэхийн тулд хувийн сургуулиудыг хуулиар татан буулгаж, бүх хүүхдийг улсын сургуульд жигд хамруулдаг болох шаардлага тулгарч байна. Дэлхий нийтийн жишиг, хандлага ийм байх шиг. Ардчилсан, хөгжингүй орнуудын дотор бага, дунд боловсролыг үнэ төлбөргүй олгодог улс олон. Өөрөөр хэлбэл, хувийн гэх сургууль байдаггүй. БНСУ гэхэд 2025 оноос бага, дунд боловсролыг жигд үнэ төлбөргүй олгох бэлтгэлээ энэ жилээс хангаж эхлээд байна. Хойд хөрш эхний ээлжид 2024 оноос дээд боловсролыг үнэ төлбөргүй олгож эхлэх бөгөөд дараагийн алхам нь хувийн дунд сургуульгүй болох байж болох юм хэмээн харж, судалж буй юм билээ. Бид яагаад хамгийн сүүлд сэтгэх, хөдлөх ёстой гэж. Яаж ч бодсон бага ангийн хүүхдийг 30-56 сая төгрөгөөр сургах нь өнөөхөндөө монголчуудад ахадсан төлбөр биш гэж үү.