Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 16 хувь нь орлогогүй болж, 73 хувь нь бизнесийн орлого буурчээ

Коронавирус гэх халдварт өвчин өрхөд үзүүлж буй нөлөөг хянах зорилгоор Үндэсний статистикийн хороо (ҮСХ) болон Дэлхийн банк (ДБ) хамтран “Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-г зохион байгуулжээ. 

Утсанд суурилсан мэдээлэл цуглуулах аргыг ашиглан эхний шатны мэдээлэл цуглуулалтыг 5 дугаар сарын 22-ноос 29-ны өдрүүдэд зохион байгуулж, үр дүнг нэгтгэн энэхүү танилцуулав. 

Судалгааны дараагийн шатыг 9 дүгээр сарын эхээр зохион байгуулан явуулахаар төлөвлөсөн байна.

Ихэнх хүмүүс Засгийн газраас авч хэрэгжүүлсэн Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн талаар сайн мэдлэгтэй байна. Хөл хорио тогтоосон нь хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг өрхүүдэд илүү нөлөөлжээ. Тухайлбал, 2020 оны 1 дүгээр сарын 27-ноос хойш хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 16 хувь нь ямар нэгэн орлого олоогүй, 73 хувь нь бизнесийн орлого буурсан гэж хариулсан бол малчин болон газар тариалан эрхлэгч өрхүүдийн 70 хувь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний орлого буурсан гэж хариулсан. Нийт өрхийн 40-өөс дээш хувь, ялангуяа ядуу өрхийн 53 хувь ирэх сарынхаа өрхийн санхүүгийн байдалд санаа зовсон байдалтай байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)