Хуванцар боловсруулах бизнес хумигджээ

Монголчууд жилд дунджаар 3.3 сая тонн хог “нийлүүлдэг” байсан бол 2019 онд 3.9 саяд хүрчээ. Энэ нь 2014 оныхоос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Монголын нэг хүнд ногддог хаягдлын хэмжээ Барууны орнуудын иргэдийнхээс 3-4 дахин өндөр аж. Цаашид энэ тоо өснө үү гэхээс эсрэг чиглэл рүү “явах” төлөвгүй гэж мэргэжилтнүүд онцолжээ. Нийт хаягдлын 15-20 орчим хувийг байгальд хамгийн их хор хохирол учруулдаг хуванцар эзэлдэг байна. Гэтэл манай улс үүний 10 хувийг нь ч эцсийн бүтээгдэхүүн болгож дөнгөдөггүй ажээ. Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тайланд ийнхүү дурджээ. Эндээс үзэхэд, манай улсад цаашид хог хаягдлын зохистой менежмент, бодлогыг нэгдсэн журмаар хэрэгжүүлж, шинэ шатанд гаргах шаардлага нэн түрүүнд тулгамдаж буй юм. Цаашлаад нийт хаягдлын 85 хувийг эзэлдэг дахивар, тэр дундаа хуванцар хаягдлыг түүхий эдийн зориулалтаар ашиглах замаар бууруулах нь чухал болоод байна. Гэтэл үүнийг хэрэгжүүлэх гол субъект болох дахин боловсруулах үйлдвэр, хоёрдогч түүхий эдийн цэгүүдийн үйл ажиллагаа доголдож, цөөнгүй нь хаалгаа барьжээ. Үр дүнд нь хуванцар (хаягдал)-ын эрэлт буурч, илүүдэл үүсэв. Үүнд цар тахал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч өөр нэг хүчин зүйл гойд “хувь нэмэр оруулсан” нь дамжиггүй. Энэ талаар дэлгэрүүлье.

...2014 онд зөвхөн нийслэлд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 300-гаад цэг бий болжээ. Үүнээс хойш хотын хүн амын тоо 300 гаруй мянгаар өсөж, жилд “үйлдвэрлэдэг” хаягдлын хэмжээ ч 500 тонноор нэмэгджээ. Зах зээлийн энэ зүй тогтлоор бол хоёрдогч түүхий эдийн цэг улам олширч, өмнөхөөсөө завгүй болсон байх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн бизнес эрхлэгчид ашигтай ажиллах боломж бүрдсэн. Гэвч өдгөө нөхцөл байдал эсрэгээрээ байна. Үйлдвэрлэл эрхлэгчид ч, мэргэжлийн байгууллагынхан ч үүнийг хүлээн зөвшөөрч буй...

Монголд хаягдал дахин боловсруулах чиглэлээр ажилладаг 34 үйлдвэр бий. Долоо нь улирлын чанартай, хоёр нь алдаг оног ажилладаг байв (2017 оны байдлаар). Тэдгээрийн зонхилох буюу 19 нь хуванцар, үлдсэн нь шил, хөнгөн цагаан, төмөр, хөөсөнцөр зэрэг 17 нэр, төрлийн хаягдлыг дахин боловсруулдаг. БОАЖЯ энэ чиглэлийн үйлдвэрүүдийн хүчин чадал, бүтээмжийг нэмэгдүүлж, 2030 он гэхэд дахивар хаягдлын 40 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгож, зах зээлд нийлүүлнэ гэсэн зорилт дэвшүүлж, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Ногоон хөгжлийн бодлого” зэрэг томоохон баримт бичигт энэ тухай тусгажээ. Үүнийг биелүүлснээр орчны бохирдол багасаж, хүн амын эрүүл мэнд, эдийн засагт ч эерэг өөрчлөлт гарна гэж тооцоолсон.

Гэвч өмнөд хөрш 2017 оны сүүлчээр “Ирэх онд 25 төрлийн хаягдал импортлохыг хориглоно” гэж мэдэгдсэн. Ингээд тэд 2018 оноос хуванцар хүлээж авахаа больсон. Энэ төрлийн хаягдлын зонхилох буюу 90 орчим хувийг Хятад руу экспортолдог манай улсын бизнес эрхлэгчдийн хувьд энэ нь хүчтэй цохилт болсон юм. Ийм шийдвэр гарсан даруйд нийслэл дэх Хятадын дөрвөн томоохон компани үйл ажиллагаагаа зогсоож, Монголын дахин боловсруулах үйлдвэрүүдийг чиглэсэн хямралын сүүдэрт хоёрдогч түүхий эдийн цэгүүд нэрвэгдэж, захаасаа хаалгаа барьж эхэлжээ. Харин үүний дараа коронавирус хэмээх “аюул” босож, даарин дээр нь давс нэмсэн хэрэг болов. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхны мэдээлснээр, өдгөө хуванцар боловсруулах үйлдвэрүүдийн найм нь л дөнгөн данган үйл ажиллагаа явуулж буй гэнэ. “Мог пластик”, “Сан-Оргиу” зэрэг томоохон үйлдвэр байнгын ажиллагаатай байгаа аж. Үлдсэн нь тэг зогсолт хийжээ. Харин түүхий эдийн 200 гаруй цэгийн 60-70 хувийнх нь үйл ажиллагаа ямар нэг байдлаар доголдсон байна. Энэ хэрээр тэдний гүйцэтгэх үүрэг багассан гэсэн үг.

2010, 2011 онд хотын удирдлага нийслэлийн хогийг багасгаж, энэ төрлийн бизнес эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор хоёрдогч түүхий эдийн цэгийг олшруулах бодлого баримталж байж. Үүний үр дүн дорхноо гарч, 2014 онд зөвхөн нийслэлд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 300-гаад цэг бий болжээ. Үүнээс хойш хотын хүн амын тоо 300 гаруй мянгаар өсөж, жилд “үйлдвэрлэдэг” хаягдлын хэмжээ ч 500 тонноор нэмэгджээ. Зах зээлийн энэ зүй тогтлоор бол хоёрдогч түүхий эдийн цэг улам олширч, өмнөхөөсөө завгүй болсон байх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн бизнес эрхлэгчид ашигтай ажиллах боломж бүрдсэн. Гэвч өдгөө нөхцөл байдал эсрэгээрээ байна. Үйлдвэрлэл эрхлэгчид ч, мэргэжлийн байгууллагынхан ч үүнийг хүлээн зөвшөөрч буй.

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Ган-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үйлдвэрүүдэд хүчин чадал, нөөц бололцоо нь бий ч түүхий эдээ хангаж чаддаггүй үе байв. Хоёрдогч түүхий эд нийлүүлдэг хүмүүс наадмын хэдхэн өдөр амрахад л зарим үйлдвэрийн ажил зогсдог. Өөрөөр хэлбэл, түүхий эд нийлүүлэгч, худалдан авагчийг холбох дэд бүтэц манай улсад дутмаг. 2016, 2017 онд ийм байсан. Харин одоо эсрэгээрээ болсон” гэж дурдсан юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдал, удирдлага зохицуулалтын хэлтсийнхэн “Дахин боловсруулах боломжтой хог хаягдлын 60-70 хувь нь хоёрдогч түүхий эдийн цэгээр дамжиж, баялаг болох шат дамжлага руу шилждэг. Эндээс манай улс дахь түүхий эд худалдан авах цэгүүд хэр үр дүнтэй ажиллаж байсныг (2016 оны мэдээллээс жишээ татав) харж болно. Экспортын хорио, цар тахал, нийгэм, эдийн засгийн хямрал, иргэдийн худалдан авах чадвар буурсан гээд олон хүчин зүйлийн нөлөөгөөр үйлдвэрүүд дампуурч байна. Хуванцар боловсруулж, хэчнээн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, түүнийг нь шингээх, худалдан авах зах зээл алга. Энэ тохиолдолд үйлдвэрүүд хаалгаа барьж, хуванцрын нийлүүлэлт зах зээлд илүүдэл үүсгэхээс аргагүй” гэв.

БОАЖЯ-ныхан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхонтой хамтран хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Хамгийн сүүлд гэхэд энэхүү төслийн хүрээнд 21 аймгийн БОАЖГ-ынханд хог бутлагч машин гардуулсан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах дадал хэвшүүлэх зорилготой төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж буй. Хог хаягдлын менежментийг сайжруулах, тоног, төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн хандлагыг өөрчлөх шаардлагатай юу гэвэл мэдээж тийм. Гэхдээ нийслэлийг хогноос ангижруулах гол ажлыг нугалдаг, тэр дундаа хуванцрын аюулаас биднийг бага ч атугай холдуулдаг боловсруулах үйлдвэр, түүхий эдийн цэгүүдийн үйл ажиллагаа доголдсон энэ үед хог хаягдлын асуудал хариуцсан төрийн захиргааны гол байгууллагынхан иймэрхүү “аахар шаахар” зүйлд анхаарах нь цагаа олоогүй мэт. Үүний оронд бусад төрлийн хог хаягдалтай харьцуулахад зах зээлийн эргэлт сайтай, дахин боловсруулахад хялбар, эрэлттэй гэдэг хуванцрыг хэрхэн баялаг болгох вэ, түүхий эд нийлүүлэгч болон үйлдвэрүүдийг яаж холбох, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн сэргээхэд анхаарвал илүү тохиромжтой сон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)