Хувалз шиг хувийн сургуулиуд

Монголд хувийн сургуулиуд шиг хэт даварсан, хэмжээгүй эрх дархтай байгууллага боловсролын салбарт лав байхгүй. Төр болон эцэг, эхчүүдээс тэлээлж мөнгө “саадаг” тэднийг тархин дээрээ гаргачихаад, номхруулж чадахгүй яваагаа худлаа гэх үү. Үүний уршгийг энэ улсын ирээдүй болсон хүүхэд багачууд маань амсдаг нь л хамгийн харамсалтай. Манайд сургууль хүрэлцээгүй, бас боловсролын тогтолцооны гажуудал их байдгийг ашиглан, хувийн бизнесээ цэцэглүүлэн хөгжүүлэхийг урьтал болгодог сургуулиудыг хувалз гэж нэрлэх шалтгаан хангалттай байна.

Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах нэгэн хувийн сургуульд хүүгээ оруулах гэсэн танилын маань өөдөөс захирал нь “Манай сургуулийн бага ангид хүүхдээ оруулаад дэмий дээ. Чи хүүхдээ эхлээд улсын сургуульд оруул. Суурийг нь сайн тавьчихаад, дунд ангид орохоор нь манайд аваад ир” гэж хэлсэн байгаа юм. Сургуулийн захирал нь өөрөө сургалтын хөтөлбөрийн агуулгаа голдог, сургалтын чанараа муу гэдгийг нь хүлээн зөвшөөрдгөө найздаа аминчилсан нь энэ.

Баримт үүгээр дуусахгүй. Баянгол дүүргийн XVIII хороонд байрлах нэгэн сургуулийн гуравдугаар ангид орох гэж буй хүүхэд монгол хэлээрээ уншиж чадахгүй шахам байгаад бухимдсан аав нь цахим хуудсанд энэ тухайгаа бичсэн байж билээ. Түүний оруулсан бичвэрийн доор сэтгэгдэл үлдээсэн эцэг, эхчүүдийн дунд ч өндөр төлбөртэй хувийн сургуульд сурдаг хүүхдүүд нь ерөнхий эрдмийн хичээлдээ тун тааруу байгаад эмзэглэх хүн олон байсан. Өнгөрсөн жилээс хойш улс орон даяар эдийн засгийн хямралтай нүүр тулж, хэцүүхэн байгаа учраас цөөнгүй айл өрх энэ намар хүүхдээ хувийн сургуулиас нь гаргаж, төрийн өмчийн сургуульд өгчээ.

Гэтэл хүүхдийнх нь хувийн хэргийг гаргаж өгөхгүй барьцаалаад, “Яамнаас ирэх ёстой хувийн хэргүүд ирээгүй байгаа” гэж ичих ч үгүй мэлзсэн сургууль олон байсныг эцэг, эхчүүд ч, албаны хүмүүс ч хэлж байна. Арга буюу хуучин сургуульдаа нэг сар хичээлд суусныхаа хариуд хүүхдүүд бүтэн жилийн төлбөр төлсөн тохиолдол ч гарсан гэнэ.

Манайдаа нэр хүндтэйд тооцогддог нэгэн сургуулийн нэгдүгээр ангид охиноо оруулах санаатай 50 мянган төгрөгөөр бүртгүүлтэл 749 хүүхдийн ард бичигдэж, шалгалтыг нь өгтөл “хувь дутсан” тухай найз минь ярьж билээ. Тус сургууль нэгдүгээр ангидаа 90 хүүхэд авахын тулд 863 зургаан настныг бүртгэсэн байгаа юм.

Энэ бол хувийн сургуулиуд сургалтын чанар, хөтөлбөрийн агуулгадаа анхаарахын оронд мөнгөний хойноос улайрч, хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаагийн тод жишээ. Тэгсэн хэрнээ төлбөрөө жил ирэх тусам яаж үсрэнгүй нэмдгийг зовлонг нь үүрдэг эцэг, эхчүүд сайн мэднэ. Гэтэл бас хажуугаар нь Монголын хувийн сургуулиуд төлбөртэй, төлбөргүй адилхан бүгд улсаас хувьсах зардал авдаг.

Өөрөөр хэлбэл, төлбөргүй болон 500 мянган төгрөгийн төлбөртэй сургуультай зэрэгцээд “Орчлон”, “British school”, “Ameri­can school”, “Улаанбаатар элит” гэх мэт 10, 20, 30 саяын төлбөртэй “аваргууд” хошуугаа цорвойлгон, улсаас татаас нэхэж суудаг. Өнгөрсөн жил хувийн сургуулиудын төлбөрийн хэмжээнээс шалтгаалаад улсаас өгөх хувьсах зардлыг танаж, 1.5 тэрбум төгрөг хэмнэх гэсэн салбарын яамныхныгаа тэд золтой л “бариад идчихээгүй” гэдэг. Арай л даварчихсан байгаа биз дээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал өнгөрсөн сард чуулганы хуралдаан дээр “Улаанбаатар хотод 10, 20 сая төгрөгийн төлбөртэй хувийн дунд сургууль цөөнгүй бий. Тэдэнд яагаад хувьсах зардал олгоод байдаг юм бэ. Хувийн сургуулийн 30 мянган хүүхдэд энэ жил 25 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгохоор төсөвлөсөн байна. Тэр байгууллагууд ашгаа олоод явж байгаа шүү дээ” гэж зөв асуудал хөндсөн.

Сангийн сайд хариуд нь “Дунд сургуулиудад хувьсах зардал олгохгүй байх, эсэх асуудлыг судалж үзнэ” гэсхийгээд орхисон. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед танаж болох зардлуудыг үнэхээр хасна гэж байгаа бол хэт өндөр төлбөртэй хувийн сургуулиудаас эхэлж болох биш үү. Таван саяас дээш төгрөгийн төлбөртэй 10 сургууль манайд бий. Тэдэнд олгодог хувьсах зардлыг хасвал улсын мөнгөний авдарт дор хаяж 1.8 тэрбум төгрөг үлдэх тооцоо гарч байна. Хэрэгтэй зүйлд нь зарцуулж чадвал 1.8 тэрбум төгрөг тийм ч бага мөнгө биш гэдгийг бид мэднэ дээ.

Жилийн 10 орчим тэрбум төгрөгийн орлоготой сургуулиудад хувьд хувьсах зардал өгөхгүй байлаа гээд дутаж гачигдаад сүйд болохгүй нь хэнд ч ойлгомжтой. Жишээ нь, жилийн дундаж төлбөр нь 17.5 сая төгрөгт хүрсэн “Орчлон” сургууль гэхэд л 1000 гаруй сурагчтай учраас дор хаяад 13 тэрбумын орлоготой гэсэн үг. Гэтэл энэ оны тавдугаар сард гарсан Засгийн газрын 242 дугаар тогтоолын дагуу тэдэнд хувьсах зардал гэж улсаас 113.6 сая төгрөг өгөх нь. “British school”, “American school” хоёр мөн л дунджаар 18.5-38.8 сая төгрөгийн төлбөртэй хэрнээ ямар ч төлбөр авдаггүй шашны болон халамжийн гурван сургуультай “барьцан” хувьсах зардал авдаг. Үнэндээ тэдний буруу ч гэж юу байх вэ.

Өөрсдийгөө өлхөн болгоод явчих хэмжээний ашигтай бизнес эрхэлж байхад улс хажуугаар нь орж, нэмээд мөнгө зүгээр өгье гэхээр толгой сэгсэрдэг хэн байдаг юм. Дээрээс нь хувийн сургуулиуд сургалтын үйл ажиллагаагаа норм стандартын дагуу хэвийн явуулахад хэдэн төгрөг шаардлагатай байдаг, зардал нь хэр байх вэ, дээр нь ашгаа нэмж тооцоход төчнөөн төгрөгийн төлбөртэй байвал зохих юм байна гэдэг баримжаа, тооцоо судалгаа Монголд өнөө хэр байхгүй.

Тиймээс л хувийн сургуулиуд амандаа орсон төлбөр аав, ээжүүдээс нэхдэг. Харин саяхнаас хувийн сургуулиудад олгодог хувьсах зардлын асуудал босож ирсний ачаар салбарын яамныхан энэ талаар цогц судалгаа хийж, дорвитой хариулт өгөхөөр ажиллаж эхэллээ. Тэр судалгааных нь үр дүн даруйхан гарах болтугай. Цаашлаад хувийн сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулга, чанарт хяналт тавьж, аттестатчилах шаардлага ч яамныхны өмнө тулгарч магад.

БСШУСЯ-наас авсан мэдээллээр 2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 803 сургуульд 534.617 хүүхэд суралцаж байгаа аж. Үүнээс төрийн өмчийн 655 сургуульд 505.362 хүүхэд сурч байгаа бол хувийн 148 сургуульд 29.255 сурагч элсчээ. Тэр дундаа нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн 96 сургуульд урьдчилсан дүнгээр 25637 хүүхэд сурч буйг нийслэлийн Боловсролын газар мэдэгдэв. Хоёр жилийн өмнө Улаанбаатарт хувийн 99 сургууль байсан бол гурав нь зах зээлийн шалгарлаар хаагдсан бололтой.

Харин тэр хооронд хэдэн хүүхэд ирээдүйгээрээ “тоглуулсан” бол. Ардчилсан улсад, сургууль хүрэлцээгүй Монголд хувь, хувьсгалын гэж сургуулиудыг алагчлах нь утгагүй хэрэг. Мөнгөтэй хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд бас хамаагүй л дээ. Гэвч мөнгөний ихийг, хүүхдийн сорыг шилж сонгож авчихаад, ерөнхий эрдмийн хичээлийн наад захын мэдлэг олгохгүй, гадаад хэл сургахаас хэтрэхгүй байвал тэр сургуулиудтай хариуцлага тооцдог байвал сайн сан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (35)