Хуваагдмал, хоцрогдмол урлаг ЦИРК

Дэлхийн циркийн жүжигчид Монголд тоглолт хийнэ гэхээр хүүхэд, томчууд цөмөөрөө цирк рүү тэмүүлдэг хэрнээ Монголын циркийн жүжигчдийн тоглолтыг зөвхөн хүүхдэд зориулсан мэт ойлгож, тасалбарыг нь дуртай, дургүй худалдан авдаг. Мэдээж тэр дунд циркийн урлагт чин сэтгэлээсээ хайртай байнгын үзэгчид бийг үгүйсгэхгүй. Гэхдээ л дэлхийд айргийн тавд бичигдэж байсан Монголын циркийн урлагийн нэр хүнд уруудан, доройтож, дотоодын үзэгчид нь ч тоохоо больсны учрыг хайя. “Манай жүжигчдийн тоглолт уйтгартай”, “Дэлхийн алдартай циркт шилдэг жүжигчид нь ажилладаг байх. Харин бусад нь Монголд байгаа”, “Дандаа давтдаг болохоор хоёроос илүү удаа үзвэл уйтгартай”. Ийм үгсийг үзэгчдээс сонслоо.

Харин багачууд “Тэр ах ёстой мундаг”, “Алиалагч надад шаар өгсөн” зэргээр хөөрцөглөж, бага насны дурсамжиндаа тэдний тоглолтыг нандигнана. Хөөрч баярлан тоглолт үзсэн хүү хоног, сараар өснө. Түүний таван настайдаа үзсэн тоглолт, үзүүлбэр арван жилийн дараа яг тэр хэвээрээ байвал тэр хүү уйдаж л таарна. Монголын циркийн түүхийг дэлхийнхтэй харьцуулбал залуу хэдий ч 70 гаруй жилийн замналынх нь оргил үе 1980-аад онд тохиосон байдаг. Тухайн үед Улсын циркийн уран нугараач бүсгүйчүүд Дэлхийн циркчдийн олимп болсон Монте Карлогийн наадмаас мөнгөн алиалагч цом хүртэж л байлаа. Харин түүнээс хойш ийм том шагнал авсан тохиолдол нэг ч удаа гараагүй юм. 2012 онд “Хадгаа” циркийнхэн акробат, хүч тамирын гайхамшиг, уран нугаралтыг хослуулсан үзүүлбэрээр энэ наадамд оролцож хүрэл цом гардсан.

Энэ бол Монголын циркийн жүжигчдийн сүүлийн 25 жилд гаргасан хамгийн том амжилт. Зах зээлийн эдийн засгийн босго давсан он жилүүдэд урлагийн бүх л байгууллага уруудан доройтож, үзэгчдээ алдаж байсан ч циркчид гадаадад аялан тоглодгийнхоо ачаар энэ эмгэнэл холуур өнгөрсөн. Харин бууж, ниссэн адал явдалт амьдрал нь тэднийг ардаа үлдсэн “бяцхан үүрэндээ” сэтгэл зовдоггүй болгоод хүмүүжүүлчихэв үү гэлтэй. Циркийн сургууль төгссөн мэргэжлийн жүжигчдийн тоо өдгөө 300-д хүрч, тэдэнтэй мөр зэрэгцэн энэ урлагт зүтгэж яваа уран бүтээлчдийг нэмбэл 400 гаруй жүжигчин бий гэсэн тоо гардаг. Улсын цирк хувьчлагдсанаас хойш эдгээр жүжигчний зарим нь уран бүтээлээ орхиж, нөгөө хэсэг нь хамтлаг, баг, нэгдэлд хуваагдсаар урын сан нь хумигджээ. 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “Агаарын нисэлт”, “Тэмээтэй акробат” зэрэг том үзүүлбэрийг хэн ч хийхээ болив.

Учир нь ийм үзүүлбэр өндөр зардалтай, хариуцлага өндөртэй бүтдэг хэрнээ “борлуулалт” тааруу байдаг аж. Өдгөө Монголын циркийн цөөн жүжигчин “Нарны цирк”, “Ринглинг брос” зэрэг дэлхийн алдартай циркт тоглож байгаа ч ихэвчлэн тухайн улс болон бусад орны жүжигчидтэй хоршин, бидний өмнө нь үзэж байгаагүй сонирхолтой үзүүлбэр хийдгийнхээ ачаар л оршин тогтнож буй. Харин Монголд байдаг шиг энгийн дээс, жонглёр, тэнцвэрийн үзүүлбэртэй бол хол явахгүй. Циркийн жүжигчдэд бэлтгэл хийх талбай, орон зай, хойч үеэ сургах боломж олгосон бол ийм байдал үүсэхгүй байсан ч байж мэднэ. Өнгөрсөн жил болсон Циркчдийн анхдугаар чуулга уулзалтад оролцсон 200 жүжигчин ч бас ийм л зүйл хүсэж байсан. Циркийг хувьчлахаас өмнө 136 жүжигчинтэй, барилга байгууламжийнх нь хэмжээ 7823 ам метр байсан аж. Харин ШӨХТГ-ынхны хийсэн шалгалтын тайлан мэдээгээр бол Монголын үндэсний цирк өдгөө 61 ажилтантай гэнэ. Тэдний дунд жүжигчдийн эзлэх хувь тун бага.

Урлагийн бүтээл туурвихын тулд бүхэл бүтэн баг ажиллахын зэрэгцээ тасралтгүйгээр залгамж халаагаа бэлтгэн, тэдний авьяасыг хөгжүүлж, өрсөлдөөн бий болгож, чанартай туурвилын төлөө зүтгэдэг. Гэтэл циркт Уран сайхны зөвлөл, мэргэжлийн найруулагч, багшийн аль нь ч алга. Улсын циркт найруулагчаар ажиллаж байсан, “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт Монголын циркчдийн анхдугаар чуулга уулзалтын индэр дээрээс “Дэлхий дээгүүр дэвэн нисэж буй бүргэд шиг хүчээ авч байсан Монголын циркийн урлаг одоо тэрүүхэн тэндээ будаа тонших болжмор мэт давжаа болжээ. Орон зайгүй болж шахагдсаар л байна. Циркчид бид үүнийгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч юу ч хийсэнгүй. Зөвхөн амин хувиа аргацаасаар л явна” гэж хэлснийг санаж байна. Үнэхээр л тийм. Өнөөдөр тоглох жижигхэн халтуур, маргаашнаас эхлээд зургаан сарын турш Турк, Тайванийн зочид буудалд тоглох авсаархан хөтөлбөр л циркчдийн толгойд эргэлдэнэ. Арга ч үгүй биз. Ар гэр, ахуй амьдрал нь тэднээс үүнийг шаардаж буй.

Нарийн мэргэжил эзэмшиж, тэнгэрлэг урлагийн зам мөрд нэгдчихээд нэг ч төгрөгийн цалингүй, өөртөө ажлын байр зэхэж, амиа борлуулах хувь тэдэнд ногдсон болохоор яая гэх вэ. Циркийн урлаг гэдэг бол ганцхан тэр дугуй барилга биш юм. Хорь гаруй жил соёлын бодлого орхигдож, түүний балгаар төсвөөс мөнгө “сордог” нэрээр адлагдсан Монголын цирк өнөөдөр үгүй болж, итгэл, сэтгэлээрээ энэ урлагт үнэнчээр зүтгэж яваа уран бүтээлчид хаашаа, хэнд хандахаа мэдэхгүй төөрсөн хүүхдүүд шиг энд тэндгүй “хөглөрч” явна. Нэгэн цаг үед тэднийг “Та нар урлагийн охь манлай шүү” хэмээн хөхиүлэн дэмжиж, Хөдөлмөрийн баатар, төрийн шагналтнууд, ардын болон гавьяат жүжигчдийг олноор нь “төрүүлж” байв.

Одоо бол циркчид “мартагдсан дууль” болсон. Жүжигчид нь циркийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн студи, төрийн бус байгууллага, холбоо, хувийн циркүүдийн дунд бөмбөг шиг өнхөрч, хонгилын үзүүрт гэрэл харагддагт итгэн тэнүүчилж яваа. Тиймдээ ч сайн үзүүлбэрийн эрэлд гарахаас илүүтэй, гар дээр нь буух хэдэн бор төгрөгөнд л анхаарал хандуулна. Цирк бол орон зай, цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардсан, жүжигчний авьяасыг сорьсон мэргэжлийн урлагийн сонгодог төрөл. Тиймээс мөрөөдсөн болгон циркийн жүжигчин болж, хүссэн хүн бүр циркийн урлагийг хөгжүүлж чадахгүй. Гагцхүү төрийн бодлого, зохицуулалт л үгүйлэгдэж байна. Бүхэл бүтэн урлагийн нэгэн төрлийг хоцрогдмол, нэр хүндгүй, хөгжилгүй салбар болгон орхих нь энэ нийгмийн эмгэнэл биш гэж үү. Энэ маягаараа үргэлжилбэл Монголын циркийн урлагийн нэр хүнд, залгамж халаа үгүй болох нь.

Ард нь харин ашиг хонжоо хайгчид тэдний нэрээр хоолоо олж идэж байна. Хөдөө орон нутгаар хэний ч танил биш “циркийн жүжигчид” тоглолт хийж, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээс мөнгө хураасаар явна. Ажилгүй болсон зарим жүжигчид, эсвэл тэдний хамаатан садан, хэн дуртай нь циркийн дугуйлан хичээллүүлж, мэргэжлийн бус аргаар сургалт явуулснаас уран нугараач болох гэсэн бяцхан охидыг нурууг хүсэл мөрөөдөлтэй нь хамт бэртээж байгааг юугаар зөвтгөх вэ. Урын сан нь хумигдаж шидэх банзнаас үсрэгч, акробатчид, агаарын гимнастик, уран нугаралт, хүч тамирын үзүүлбэр, цагариг, дээснээс цааш үзүүлэх зүйлгүй болсон уйтгарт тоглолтуудыг үзэхээр давсгүй хоол идэж байгаа мэт амтгүй санагдахыг яана. Төр нь мартсан циркийн урлагийг түмэн олон нь мартахад ойрхон болжээ.

Ж.СОЛОНГО


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)