Х.Тэмүүжин Баянголоос “мултарч”, Батж.Батбаяр Чингэлтэйд горилж байна

 УИХ-ын сонгуульд дэвшүүлэх хүмүүсээ тодруулахаар намууд хуралдаж эхэлснийг бид мэдээлсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн нийслэлийн дүүргүүд, аймгуудын АН-ын хороод хуралдаж, хүмүүсээ түрүүчээс нь тодруулж буй юм.

Чингэлтэй дүүрэг

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн АН-ын хурал бяцхан “дайнтай” болсон сурагтай. Ням гаригт орой болтол хуралдсан тэд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ эрэмбийг санал хураалтаар гаргажээ. Тус дүүрэгт АН-аас Б.Батбаатар, Г.Баярсайхан нар өрсөлдөх нь бараг тодорхой гэж байсан ч дээрх хурлаас эцсийн шийдвэр гаргаагүй аж. Тэд маргааш хуралдаж эцсийн шийдвэрээ гаргах гэнэ. Уг хурлаас УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой, 50 сая төгрөгөө төлсөн дөрвөн хүнийг эрэмбэлэх асуудлыг шийдсэн юм байна. Нэр дэвшигчийн 50 сая төгрөгийн татварыг Б.Батбаатар, Д.Алтанхуяг, Г.Баярсайхан, Батж.Батбаяр нар төлжээ. Тиймээс хоёр мандатад хэн нь тунаж үлдэхийг гишүүдийн саналаар шийдсэн юм байна. Улмаар Б.Батбаатар дийлэнх олонхийн санал авч нэгдүгээрт, Д.Алтанхуяг хоёрт, Б.Батбаяр гуравт, Г.Баярсайхан нийт гишүүний найман хувийн саналаар сүүлдсэн гэнэ.

Уржигдар орой болсон хурлыг Г.Баярсайхан, Батж.Батбаяр нар хаяж гарсан тухай мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ талаар Батж.Батбаяр гишүүнээс лавлахад “Ах нь хурал хаяагүй, Г.Баярсайхан л орхиж гарсан юм. Нэр дэвшигчийн татвар болох 50 сая төгрөгөө төлсөн дөрвөн хүний хоёр нь л нэр дэвшинэ. Уг асуудлыг яаж шийдэх талаар дүүргийн намын дарга намынхаа төв байгууллагаас асуусан юм билээ. Тэгээд намаас “Та дөрөв зөвшилцөөд хоёрыгоо санал болго” гэсэн бичиг ирүүлсэн байсан. Дүүргийн намын дарга асуудлыг санал хураалтаар шийдэж, Б.Батбаатар 54, Д.Алтанхуяг 37, би 34, Г.Баярсайхан 10 хүний санал авсан.

Одоо дахин хуралдаж, намтайгаа зөвшилцөж байгаад хоёр хүнээ тодруулна” гэлээ. Гишүүдийн олонхийн санал авч чадаагүй учраас Г.Баярсайхан хурал хаяж гарсан бололтой. Улмаар тус дүүргийн намын хорооны хурал хууль бус болсон тухай мэдээлэл сайтуудаар таржээ. Намын хорооны хурал нь дуусаагүй байсан учир уг мэдээллийг гишүүдэд нь уншиж танилцуулсан гэнэ. Хоёр мандатын төлөө дөрвөн хүн өрсөлдөж буй учир иймэрхүү хэл ам, гомдол гарах нь мэдээж. Юутай ч эцсийн шийдвэрээ тэд маргааш гаргана. Чингэлтэй дүүргийн АН-ын дарга дийлэнх олонхийн санал авсан учир нөгөө гурван эрхэм хоорондоо “үзэлцэнэ” гэсэн үг аж. Мөн НИТХ-д ҮЗХ-ны гишүүд болох Д.Батмөнх, Л.Наранбаатар, С.Энхболд, Т.Бат-Эрдэнэ нарыг дэвшүүлэхээр болж батламжилжээ.

Хан-Уул дүүрэг

НИТХ-д өрсөлдөх хүмүүсээ юуны өмнө тодруулсан байна. Тус дүүргээс НИТХ-д А.Цэрэнбат, Д.Байдраг, Ц.Буяндалай, Д.Түвшин нарыг дэвшүүлжээ. УИХ-ын сонгуульд АН-аас тус дүүрэгт гишүүн Л.Болд, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нарыг ярьж буй ч эцсийн шийдвэр нь өнөөдөр гарах гэнэ.

Баянгол дүүрэг

Гишүүдийн олонхийн шийдвэрээр УИХ-д АН-ыг С.Эрдэнэ, С.Одонтуяа нар төл өөл өн өрсөлдөхөөр болжээ. Х.Тэмүүжин гишүүний тухайд Баянголд горьдлогогүй нь нэлээд дээрээс тодорхой болсон юм. Өнгөрсөн жил тэрбээр дүүргээсээ ҮЗХнд сонгогдож чадаагүй. Тиймээс УИХ-ын сонгуульд тэнд боломжгүй болсон гэж байсан нь үнэн байв. Эрхэм гишүүнийг АН 28-ын жагсаалтын эхний аравт багтаахаар төлөвлөж буй учир хоосон хоцрохгүй байх магадлалтай. Хэдий тийм ч гэсэн Баянгол дүүргийн АН-ын хорооны хурал зүгээр ч нэг чимээгүй болчихоогүй бололтой. Х.Тэмүүжин хурал орхихдоо хоёр нэр дэвшигчид амжилт хүссэн ч С.Эрдэнэд үг хаяхаа мартаагүй гэнэ.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

Энэ дүүргийн Ардчилсан намын хороо УИХ-ын 2004, 2008 оны сонгуульд ялалт байгуулсан Л.Гантөмөр гишүүнийг ирэх сонгуульд дахин өрсөлдүүлэхээр санал нэгдсэн байна. Сүхбаатар дүүрэгт ногдох УИХ-ын сонгуулийн хоёр мандатын нэгийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргалд өгөх шийдвэр гаргажээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хорооны хуралдаанаас НИТХ-ын сонгуульд Соёмбо, Мөнхбаяр, Очирбат, Бадарсан нарыг дэвшүүлэхээр болсон байна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

Дугаар шилжих мөчид АН-ын хороо шийдвэрээ хараахан гаргаагүй байлаа. Эх сурвалжийн өгүүлснээр бол, УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргийн АН-ын хороо Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн С.Ламбаа, “Монос” группийн дэд захирал Л.Эрдэнэчимэг нарыг өрсөлдүүлэх шийдвэр гаргах бололтой.

ХӨВСГӨЛ АЙМАГ

Хөвсгөл аймгийн АН-ын хороо өнгөрсөн бямба гаригт хуралдаж, УИХын сонгуульд Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нарыг өрсөлдүүлэхээр гишүүдийн 100 хувийн саналаар шийдсэн байна. Энэ хоёр эрхэм 2008 онд намдаа тус аймгаас суудал авчирсан. Л.Гүндалай бол 2000 оноос хойш тасралтгүй сонгогдож буй, хөвсгөлчүүдийн хувьд ногоон гэрлээр сонгодог эрхэм. Тус аймгийн мандатын тоо хоёр дахин багассан учир АЭХ-ны Ц.Оюунгэрэл тэнд “үзэх” боломжгүй болсон юм.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ

Говь-Алтай аймгийн АН-ын ҮЗХ энэ сарын 19-ний бямба гаригт шөнөжингөө хуралдаж, ҮЗХ-ны гишүүдийн 80 гаруй хувийн ирцтэйгээр нэр дэвшигчээ тодруулжээ. Орон нутгаас авсан мэдээллээр ганц мандаттай энэ тойрогт МҮОНТВийн захирал Ц.Оюундарь, ЭБЭХ-ний дэд сайд асан Б.Ариунсан, Авхиа генералын хүү Амгалан нар өрсөлдсөнөөс ЭБЭХний дэд сайд асан Б.Ариунсан 72,4 хувь, Ц.Оюундарь, А.Амгалан нар 20 гаруй хувийн санал авч, УИХ-д нэр дэвших эрхийг Б.Ариунсанд олгосон байна. Б.Ариунсангийн хувьд АН дахь соцдек угшилтай анхны гишүүдийн нэг.

Нийгмийн халамжийн газрын дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, ЭБЭХ-ний дэд сайд зэрэг алба хашиж байсан. Улс төрийн хэмээн нэрлэгддэг энэ албыг хашиж байхдаа нийгмийн халамжийн болон татварын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулан УИХ-аар батлуулж, энэ салбарын эрх зүйн орчныг зохицуулахад том үүрэг гүйцэтгэсэн гэсэн магтаалыг салбарынхнаас хүртдэг, Говь-Алтайн унаган “хүүхэд” юм байна. Мөн тэрбээр энэ нутгаас төрсөн докторуудын нэг аж.

С.ТУУЛ, Б.ЭНХЦЭЦЭГ, Д.ОЮУН-ЭРДЭНЭ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)