ХСҮТ өвчтөний түүхийн бүртгэлээ цахимжуулав

Хавдар судлалын үндэсний төв төрийн эмнэлгүүдээс урьтаж өвчтөний түүхийн бүртгэлийг цахим болгосноо өчигдөр танилцууллаа. Ингэснээр тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн оношилгоо, шинжилгээ, үзлэг, эмчилгээ зэрэг эрүүл мэндийн талаарх бүх л мэдээлэл цахим хэлбэрт шилжиж буй юм. Өөрөөр хэлбэл, хиртэж бохирдсон, ном шиг зузаан карт, рентген зургуудаа авч явах шаардлагагүй болж байна. Үйлчлүүлэгч хүссэн үедээ интернэтээр өөрийн мэдээллээ үзэх, өөр эмнэлэгт үзүүлсэн ч өвчний түүхээ цахимаар харуулах боломж бүрдэж байгаа аж. Энэхүү цахим шилжилтийг тус төвийн зөвлөх эмч Ж.Чинбүрэн санаачилсан бөгөөд мэдээллийн технологийн “И-клиник” компанитай хамтран 2018 оноос бэлтгэл ажлаа хийж эхэлжээ. Ингэснээр ХСҮТ нь үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн түүхийн “E-cart” системийг цогцоор нэвтрүүлсэн анхны эмнэлэг боллоо. Энэ талаар тус төвийн захирал Н.Эрдэнэхүүгээс тодруулахад “Манай төвийн албан ёсны цахим хуудсанд хандаж, “Е-cart” цэсээр нэвтэрснээр үйлчилгээ авах эрхтэй болох юм. Цахим карт эзэмшигч иргэн жилд 10 000 төгрөгийн төлбөр төлнө. Ингээд цахимаар үзлэгийн цаг захиалж, өвчний түүх, шинжилгээний хариу зэргийг онлайнаар авах боломжтой. Гадаад улс руу эмчилгээнд явлаа гэхэд рентген зураг, CD, өвчтөний түүхээ авч явалгүй, ухаалаг утаснаасаа мэдээллээ харуулах боломжтой” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)