ХСҮТ маммографийн аппаратаа ажиллуулах боломжтой болов

Хавдар судлалын үндэсний төвийн дээврээс дусаал гоожиж, зарим шаардлагатай тоног төхөөрөмжийг ажиллуулж чадахгүйд хүрсэн талаар бид удаа дараа мэдээлсэн. Тэгвэл тус эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг байрладаг И хэсгийн дээврийг өчигдөр засаж дуусчээ. Ингэснээр тус тасагт байрладаг хөхний зураг авах маммографи аппарат, шинээр суурилуулсан, “Тошиба” брэндийн компьютер томограф зэрэг төхөөрөмжийг хэвийн ажиллуулах боломжтой болсон байна. Мөн шинэ рентген аппарат суурилуулахад бэлэн болжээ. Хамгийн их дусаал гоождог уг хэсгийг олон жил засалгүй явснаар эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хүндрэл учраад байсан юм. Засварыг “Фужи-Алтай” компани богино хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд дараа нь санхүүжилтээ авах аж. Дээврийн бусад хэсгийг ирэх оны төсөвт суулгуулсан хөрөнгөөр засах гэнэ. И хэсгийг хайргаар даруулах технологиор засварласан нь бусад аргаас хямд өртөгтэй ба баталгаат хугацаа нь 10 жил аж.


Бэлтгэсэн: Ч.Болор


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)