“ХСҮТ-ийн асуудлыг гарт баригдаж, нүдэнд харагдах бодит үр дүнд хүргэхийн төлөө зүтгэнэ”

Хавдар судлалын үндэсний төв буюу бидний нэрлэж заншсанаар Хавдрын эмнэлгийг “Нарантуул 2” гэж егөөдөн нэрлэдэг талаар тэндхийн эмч, сувилагч нар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо (НББСШУБХ)-ны дарга Д.Оюунхоролд учирлах, гомдоллохын завсарт хэллээ. Нэгнийхээ хөл дээр гишгэн, бие биетэйгээ шүргэлцэж, нудралцан зөрөх нь бум бужигнадаг “Нарантуул”, “Хүчит шонхор” зэрэг захад хэвийн үзэгдэл.

Харин ийм дүр зураг өдөр бүр эмнэлэгт, тэр дундаа ХСҮТ-д байдаг гэхээр эл өвчин Монголд ямар хэмжээнд хүрснийг илтгэнэ. Энэ бол үндэсний хэмжээний эмгэнэл, эмзэглэл билээ. Хормоор хэмжигдэхэд хүрсэн монгол амь, амьдрал бүхний төлөө зүтгэж, нөхцөл байдалдаа зохицон өглөө, үдшийг үл ялган ажиллаж буй тус эмнэлгийнхний үгийг сонсохоор УИХ-ын НББСШУБХ-ны дарга тэргүүтэй албаны хүмүүс тус эмнэлэгт уржигдар очиж, танилцсан юм. Тэдэнтэй уулзахдаа тус эмнэлгийнхэн баяр, ёслол болж буй мэт “хөл алдаж” байсан нь учиртай.

Хавдрын эмнэлэг ачаалалдаа дарагдахад хүрч, өвчтөнүүд нэг сар хүртэл хүлээж байж эмчид үзүүлж, тусламж үйлчилгээ авдаг талаар олон жил ярьж, хэвлэл мэдээллийнхэн дуугарсаар ирсэн. “Өнөөдөр” сонин ч байнгын сэдвээ болгон, эмч, сувилагч нар нь ямар нөхцөлд хэрхэн, хэдэн цаг, ямар ачаалалтай ажилладгийг хүмүүст зах зухаас нь ойлгуулахаар зорьсон. 

Өнгөрсөн жилээс бид “Байнгын сэдэв” булангаараа цувралаар хөндсөн асуудлуудын нэг нь ч энэ тухай. Нөхцөл байдал иймдээ тулчихаад байхад төр, засгийнхан, шийдвэр гаргах түвшний хүмүүс нь мэдэхгүй, энэ талаар ямар нэгэн шийдэлд хүрэлгүй өнөөдөртэй золгосон. Тиймээс л ХСҮТ-ийнхөн төр, засагтаа үгээ хүргэх ээлжит боломж гэж эл уулзалтыг хүлээсэн нь энэ.

Д.Оюунхорол дарга, УИХ-ын гишүүн М.Билэгт, Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон албаны хүмүүст үгээ дуулгахаар ХСҮТ-ийнхөн хурлын танхимдаа цуглаад, “зовлонгоо” тоочив.

Ж.Чинбүрэн эмч Монголд түгээмэл тохиолдож буй хорт хавдрын өвчлөл, статистикийг товчхон танилцууллаа. Тэрбээр “Монголчуудын хорт хавдрын өвчлөлийн 56 хувийг элэг, ходоодных эзэлдэг. Элэгний хорт хавдраар нас барах нь дэлхийн дунджаас найм дахин их. Ходоодны хорт хавдраар дэлхийд хоёрт жагсдаг. Хорт хавдрыг урьдчилан сэргийлэх боломжтой болон боломжгүй гэж ангилдаг. Монголд зонхилон тохиолдож буй хорт хавдар нь урьчилан сэргийлэх боломжтой буюу шалтгааныг нь устгаж, өвчлөлийг бууруулах боломжтой гэж үздэг” хэмээн мэдээлсэн.

ХСҮТ хорт хавдартай хүмүүст үйлчлэхийн зэрэгцээ монголчуудад тохиолдох эл өвчлөлийг бүртгэж, тоо, баримтыг цэгцэлж, тайлан гаргадаг. Энэ дагуу гаргасан статистикаар:

  • Жилд дунджаар 6072 хүн хорт хавдартайгаа оношлуулдаг. Ийнхүү оношлогдсон хүмүүсийн 65 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд хорвоог орхиж байна.
  • Жилд 4400 гаруй хүн эл өвчний улмаас нас бардаг. Энэ нь таван тохиолдол бүрийн нэг нь гэсэн үг.
  • Хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 79 хувь нь хожуу үедээ оношлогддог бол 33 хувь нь 45-59 насныхан.
  • ХСҮТ-д өдөрт 500 гаруй хүн үйлчилгээ авахаар ирдэг ч 29 хувь нь долоогоос дээш хоног хүлээж байна.
  • Мэс заслын таван тасгийнхан зориулалтын дөрвөн өрөөндөө өдөрт дунджаар 35, жилдээ 2500 гаруй том хэмжээний мэс засал хийдэг. Мөн туяа эмчилгээ 612, химий эмчилгээ 5639-ийг хийж байна. 2014 оныхтой харьцуулахад хагалгааны хүлээгдэл 1.9 дахин нэмэгджээ.

Г.ПҮРЭВДОРЖ (Толгой, хүзүүний мэс заслын тасгийн эрхлэгч):

-Эмнэлэг маань мэс заслын таван тасагтай, хагалгааны дөрвөн өрөөтэй байсан. Хагалгааны өрөө сулрахыг хүлээж, шөнө хүртэл ажилладаг, бид. Өргөтгөлийн барилгын мэс заслын хоёр өрөөг ашиглаж эхлээд удаагүй. Ачаалал бага ч гэсэн буурсан. Гэхдээ хүлээгдэл буурахгүй байна. Үүнд эмнэлгийн барилгын багтаамж, даац, хүртээмж, хүн амын өсөлт зэрэг тодорхой хүчин зүйл нөлөөлдөг.

Амь нь хором, минут, өдрөөр хэмжигдэж буй хүмүүсийн хэд нь 14-21 хоног хүлээж чадах вэ гэдэг асуулт гарна. Тиймээс л хүлээгдэл гэдгийг онцгойлон хэлээд байгаа юм. Энэ эмнэлгийн барилга анхандаа мэс заслын хоёр өрөөтэй байсан. Ачаалал, хүлээгдлийг бага ч гэсэн бууруулах зорилгоор эмнэлгийн удирдлага 2000-аад онд хагалгааны өрөөгөө нэмсэн гээд тэрбээр дөрвөн хуудас дүүрэн нэрсийн жагсаалт үзүүлэв. 

“Энэ бол төлөвлөгөөт хагалгааны жагсаалт. Нэг хуудас нь нэг долоо хоногийн хүлээгдэл. Тэгэхээр дөрөв дэх хуудсанд бичигдсэн хүмүүс 3-4 долоо хоногийн дараа л мэс засалд орно гэсэн үг. Хагалгаа хийх боломж нь байхад түүнийг хүлээгээд өвдөж, шаналаад байх ямар хэцүү вэ. Бид чадахаараа үзэж, гал унтраах төдий л явна” хэмээгээд ХСҮТ-д тулгарсан энэ хүндрэлийг анхааралдаа авч, ямар нэгэн шийдэлд хүрэхгүй бол байдал улам хэцүүдэхийг онцоллоо.

С.ХҮРЭЛСҮХ (Тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал):

-Эмнэлгийн төсөв хүрэлцээ муутай байна. Мэс засал, хими, туяа эмчилгээ гээд бүх талаар ачаалал нэмэгдэхийн хэрээр эм, тариа, багаж, төхөөрөмж болон бусад зардал өсөх нь ойлгомжтой. Батлагдсан төсвөө 12 сард хуваагаад, хувьсах зардлаа хасаад, үлдсэнийг нь хүргэх гэж хумсаа хугалах шахдаг.

Хагалгаа болон эмийн төсөв маань 14 хоноод л дуусдаг. Ингэсэн гээд хагалгаа, эмчилгээ, үйлчилгээгээ зогсоох эрх бидэнд байхгүй, яамандаа хандаж, болох бүтэхээрээ явж ирлээ.

Г.ОДОНТУЯА (Туяа эмчилгээний тасгийн зөвлөх эмч):

-Эмнэлгийн энэ байр ашиглалтад ороход л байсан төхөөрөмжөөр бид өнөөдрийг хүртэл туяа эмчилгээгээ хийж ирсэн. Уг нь Австрийн Засгийн газрын хөнгөлттэй зээлээр, цацрагийн идэвхт үүсгүүр байхгүй, дэвшилт технологийн хоёр төхөөрөмжийг олон жилийн өмнө нэвтрүүлэх боломжтой байлаа. 

Гэтэл өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэхээр тендерт ялсан гэх нэг компанийн балгаар эл боломж гацсан. 2015 оны гуравдугаар сард Америкт үйлдвэрлээд, есдүгээр сард нь Монголд авчирсан тэдгээр төхөөрөмж гурван жил агуулахад “хэвтсэн”. Тэгж байтал үйлдвэрээс нь тогтоосон засвар, үйлчилгээний баталгаат нэг жилийнх нь хугацаа дуусчихсан. 

Өндөр өртөгтэй тоног, төхөөрөмжинд засвар үйлчилгээ амин чухал байдгийг мэдэхгүй хүн үгүй. Ийм засвар үйлчилгээний төсвийг эмнэлгийн төсөвт суулгаж өгдөггүй. Засвар үйлчилгээ, тохируулгыг цаг тухайд нь хийгээд явахгүй бол өндөр өртөгтэй төхөөрөмж маань үхмэл хөрөнгө болно. Тиймээс төсөвт үүнийг тусгуулах тал дээр онцгой анхаарна уу.

Д.АЛТАНЦЭЦЭГ (Хими эмчилгээний тасгийн эрхлэгч):

-Хавдрын суурь гурван эмчилгээний нэг нь химийнх. Эмнэлгийн өрөө, тасалгааны хүрэлцээнээс болж бид стандарт, ариун цэвэр, халдаргүйтгэлийн горим зөрчдөг. Нэг өрөөнд хоёр хүн хэвтэх ёстой ч манайд энэ үзүүлэлт гурав, дөрөв байна. Үүний улмаас агаар дуслаар халдвар тархах эрсдэлтэй.

Бид энэ тал дээр онцгой анхаарч ажилладаг тулдаа өдий хүрлээ. Өргөтгөлийн хэсгийг бүрэн ашиглаад ч энэ асуудлыг шийдэх боломжгүй. Тэгэхээр ХСҮТ-ийг илүү том байртай болгох тал дээр шийдэл, гарц олохгүй бол үнэхээр хүндрэлтэй. Бид ажлын ачааллын талаар яриагүй, нөхцөлийг минь сайжруулаасай гэж хүсэж байна.

Л.БАЯРСАЙХАН (Бодлого, төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал):

-Бидний санааг зовоодог олон асуудлын нэг нь эмнэлгийн орц, гарц. Энэ барилгыг тухайн үедээ хотын захад тооцогдсон газар барьсан. Гэхдээ өнөөдөр энэ хэсэг олны хөлд дарагдсан, хотын хамгийн хөдөлгөөнтэй газар болсон. Цацраг идэвх үүсгүүртэй газар Монголд ХСҮТ-өөс өөр байхгүй. Энэ утгаараа манайх “атомын бөмбөг”. Тиймээс байгалийн айхавтар гамшиг болбол, түймэр гарвал яах ёстой вэ зэргээр маш олон талаас нь бодож, энэ байгууллагын аюулгүй байдалд анхаарах ёстой. 

Орц, гарц нь ганцхан энэ эмнэлэг рүү гал сөнөөгч машин орж ирж чадахгүй болсон. Өнөөгийн бодит байдал ийм. Түргэний тэрэг, яаралтай тусламжийн машин маань хашааг бүтэн тойрч байж, автобусны буудлын яг хажуугийн хаалгаар түгжирч, бөөн юм болж байж ордог. Улсын онцгой объект ийм байж яавч болохгүй. Бид энэ талаараа холбогдох албан тушаалтан, байгууллага, яам, тамгын газарт удаа дараа мэдэгдэж, “цаас шидэж” байсан. Ямар ч үр дүнгүй. Сүүлийн үед цахимаар шаргуу мэдээлээд, энэ эмнэлгийн гарц юунаас болж “тагларчихаад” байгааг хүмүүст дуулгаж эхэлсэн.

Энэ мэтээр эмнэлгийнхэн үгээ хэлсний дараа Д.Оюунхорол дарга ажилдаа сэтгэл, зүтгэлтэй ханддаг чадварлаг хамт олонд талархал илэрхийлж, Монголд хавдрын өвчлөл газар авсанд эмзэглэдгээ дурдаад “Байнгын хорооны даргын хувьд би ХСҮТ-д тулгарсан бэрхшээл, үүссэн нөхцөл байдлыг засаж залруулахын төлөө чадлынхаа хэрээр ажиллаж, гарт баригдаж, нүдэнд харагдах бодит үр дүнд хүргэхээр зүтгэнэ” гэж амлахад эмнэлгийн хамт олон алга ташин талархав. 

Зовж, шаналсан хүнд сэтгэлийн дэм өгөхөд нүд нь сэргэдэг шиг тэд бие биенээ харан үнэхээр үр дүнг нь үзчихсэн мэт баярлаж харагдлаа. Өдгөө Д.Оюунхорол даргын “амьсгалж, алхах” бүрийг тэд харж, төр, засгийн шийдвэр нааштай байхыг “дуншин, дуншин” хүлээх нь лавтай. Газар дээр нь ирж танилцсан дарга болгоныг ХСҮТ-ийнхөн ийнхүү горьдон хардаг уламжлал тогтсон гэхэд хилсдэхгүй. 

Энэ удаагийн “айлчлал” ч тийм замаар бүү яваасай гэсэн битүүхэн зовнилтой хүмүүс байсан нь ч нууц биш. Д.Оюунхорол дарга аа, Монголдоо ганц Хавдрын эмнэлгийн хамт олны итгэл, таны сэтгэл, зүтгэлтэй нийлээд ажил хэрэг болж, төр, засгийнхныг хөдөлгөнө гэдэгт найдаж байна.

УИХ-ын гишүүн байхдаа Эрүүл мэндийн сайд болон холбогдох албаныхан, ХСҮТ-ийн удирдлагатай уулзаж, тус эмнэлэгт тулгарсан асуудлыг хэрхэн шийдэх, үүнд төр ямар оролцоотой байх, яавал хавдрын өвчлөлийг бууруулах вэ зэрэг асуудлаар санал бодлыг нь сонсож, зохих асуулга явуулсан талаараа дуулгасан Д.Оюунхорол дарга “Үүний дагуу энэ сарын 5-нд (өнөөдөр) УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Засгийн газар миний асуулгад хариулах байх. Өнөөдөр (өчигдөр) бичгээр хариу ирсэн” гэлээ. Мөн тэрбээр ХСҮТ-өөр үйлчлүүлэгчидтэй ярилцахад хүлээгдэл 15-30 хоног байгаа талаар иргэд гомдоллосон гэдгийг онцлоод, үүний гарц гаргалгааг төр шийдэх ёстойг тэмдэглэв.

Хурлын танхимаас гараад албаныхан Хавдрын эмнэлгийн “алдарт” өргөтгөлийн барилга, хувийн хэвшлийнхэнд хашигдаж, хавчигдсан орц, гарцууд болон гүйцэтгэгч компанийн балгаас болж хонгилд хэдэн жил “хоригдож” байгаад өдгөө угсрагдаж эхэлсэн, өндөр технолгийн төхөөрөмж, тус эмнэлгийн хаяанд боссон, эмнэлгийн стандартад нийцсэн шинэ барилгатай танилцсан юм. 

Энэ үеэр Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч М.Минжмаа “Шугаман хурдасгуурын угсралт, тооцоолол, хэмжилтэд өчүүхэн төдий алдаа гарахад л бүх өвчтөний эмчилгээ буруу хийгдэнэ. Тэгэхээр маш нарийн, хариуцлагатай, тэр хэрээр өртөг өндөртэй. Манайх анх удаа ийм дэвшилт техник ашиглахаар бэлтгэлээ базааж байгаа учраас Австрийн мэргэжилтэн, физикчийг Монголдоо ажиллуулж, угсруулж, тохиргоо, тооцооллоо хийлгэж, зөвлөгөө, сургалт авч байна” гэсэн мэдээ дуулгав.

Нэг зүйл онцлоход, тэр физикчийг үнэгүй ажиллуулж байгаа гэсэн. Үнэндээ энэ бол монголчууд бидний л ойлгох зүйл байх. Дэлхийн жишигт ийм “хачин” зүйл бараг байхгүй дээ. Дэлхийд цөөхөн, нарийн мэргэжлийн физикчид үнэгүй ажиллуулах санал тавихдаа тэд мэдээж ичиж, санаа нь зовсон л байж таарна. Гэхдээ эмнэлгийнхээ, цаашлаад улсынхаа өмнөөс гуйхдаа “ичээгүй” ХСҮТ-ийнхэн ийм л сэтгэл, итгэлээр зүтгэж явна. Одоо төр, засаг харж хандахгүй бол үнэндээ горьгүй нь ээ.

Улсын хэмжээнд үйлчилдэг ХСҮТ-ийн барилга байгууламж 1980-аад оных учраас өнөөдрийн нөхцөлд даац нь хэтэрсэн, монголчуудын дунд хавдрын өвчлөл гаарсан, хүн ам өссөн зэрэг тодорхой шалтгаан тус төвөөр үйлчлүүлэгчдийг чилээж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)