ХСҮТ-ийн Ариутгалын төвлөрсөн тасгийг олон улсын жишигт нийцүүллээ

Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр 5” төслийн хүрээнд улсын эмнэлгүүдийн Нян судлалын лаборатори, Ариутгалын нэгдсэн тасгуудыг бүрэн засварлаж буй. Энэ нь эмнэлгийн дотоод халдвараас урьдчилан сэргийлэх зорилготой юм. Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Ариутгалын төвлөрсөн тасийн барилгыг энэ удаад бүрэн засварлаж, сүүлийн үеийн төхөөрөмжүүдээр тоноглож, өчигдөр ашиглалтад орууллаа. Тодруулбал, барилгын их засварт 257, 14 нэр, төрлийн 19 тоног төхөөрөмжид 844.5 сая буюу тус тасагт нийт 1.1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн байгууллагуудын тэргүүний анхаарах зүйл нь эмч, ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, халдвараас сэргийлэх явдал. “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн байгууллагуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийн чанарыг сайжруулах, тоног төхөөрөмжүүдийг нь үе шаттай шинэчлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа. Тиймээс эдгээр асуудлыг шийдэхийн тулд Азийн хөгжлийн банкныхантай дээрх төслийг хамтран хэрэгжүүлэн, тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, багаж, хэрэгслийн ариутгалыг өндөр түвшинд хийж, эмнэлэгт халдвар гарахаас сэргийлж байна. Түүнчлэн тус банкныхан цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, өвчнөөс сэргийлэхэд 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт өгсөн. Эл санхүүжилтээр Архангай, Төв, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ариутгалын төвлөрсөн тасгийг иж бүрэн засаж, шинэчлэхээр ажиллаж байна. Удахгүй ГССҮТ-ийн Ариутгалын тасгийг ашиглалтад оруулна” гэсэн юм.

ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Хэвтэн эмчлүүлэгчид эмнэлгээс халдвар авах тохиолдол гардаг. Тиймээс эмнэлгийн багаж, хэрэгслүүдийг хамгийн өндөр түвшинд, зөв урсгалаар ариутгах хэрэгтэй. Одоо л бид багаж, хэрэгслээ олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр ариутгах боломж бүрдлээ” хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)