ХСҮТ-д дахин шинэ барилга хэрэгтэй гэв

Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл усанд автаж, дээврээс нь дусаал гоожин, зарим тоног төхөөрөмжөө ажиллуулж чадахгүйд хүрсэн. Тус эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, хавдрын улмаас жилд 4000 орчим хүн нас барж, 6000 гаруй шинэ тохиолдол илэрч буйг тэндхийн эмч нар хэлэв.

Нөхцөл байдал ийм байхад тоног төхөөрөмж, хүний нөөц нэмэгдээгүйн зэрэгцээ 1983 онд ашиглалтад оруулсан барилгыг өртгөсөн ч чанарын шаардлага хангахгүй байгаа зэрэг асуудлаа тус эмнэлгийн удирдлага, эмч нар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнд өчигдөр дахин танилцуулав. Тус төвийн Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин “Өдөрт давхардсан тоогоор 133 хүн мэс засал хийлгэхээр хүлээж байна.

Хуучин барилгын мэс заслын дөрвөн өрөөнд долоо хоногт 2590 хагалгаа хийдэг. Ачааллаас шалтгаалж халдвар, хамгааллын дэглэм алдагдвал яах вэ. Өргөтгөлд элэг болон ходоод, нойр булчирхайн мэс засал хийх хоёр тасаг нээхээр төлөвлөсөн ч барилгын хаяавч цөмөрч, В хэсгийн дээврээс дусаал гоожин, гадна, дотор хана нь усанд нэвчсэн” гэв. “Хавдрын эмчилгээний хоёр дахь цөм нь туяа эмчилгээ.

Эл эмчилгээ нь асар их өртөгтэй тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хавдрыг цацраг идэвхт бодисоор түлж анагаадаг. Одоо бид идэвхтэй цацраг ялгаруулдаг бодис ашиглан энэ эмчилгээгээ хийж байна. Өргөтгөлд туяа эмчилгээний хоёр шинэ аппарат суурилуулчихвал ачаалал буурч, эмчилгээний чанарт нөлөөлнө. Гэвч энэ барилга чанарын шаардлага хангахгүй байна” гэж уг төвийн захирал Ж.Чинбүрэн хэлэв.

МХЕГ-ын байцаагчид өргөтгөлийн барилгын нөхцөл, байдалтай танилцан, дүгнэлт гаргасан байна. Дүгнэлт нь одоогоор тус эмнэлгийн удирдлагын гарт албан ёсоор очоогүй байгаа аж. Эмнэлгийн барилгыг төлөвлөх, зураг төслийг нь боловсруулах мэргэжлийн хүн байхгүйг эмч нар хэлж байв. Хонгилын давхрын бохирын шугамыг хэт доор суурилуулсан учраас ариун цэврийн өрөөг ашиглах боломжгүй болсон гэнэ.

Дэд сайд Л.Бямбасүрэн “ХСҮТ-д дахин нэг барилга шаардлагатай. Үүнд хөрөнгө хэрэгтэй. Засгийн газраас хөрөнгийг нь шийдлээ ч хугацаа шаардана. Харин ХСҮТ-ийн хажууд эмнэлгийн зориулалттай 12 давхар барилга баригдаж байна. Аравдугаар сард ашиглалтад оруулах юм. Үүнийг хавдрын эмнэлэг болгож болох, эсэх асуудлыг Эрүүл мэндийн сайдад танилцуулна” гэв.


Бэлтгэсэн: Ч.Болор


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)