Хоёр эхнэртэй болох хууль батлах уу

Гэр бүлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад нэлээд хугацаа өнгөрч байна. Энэ хүрээнд үүсдэг ч зохицуулалт байдаггүй олон тулгамдсан асуудлыг шийдэх, ялангуяа хүчирхийллийг таслан зогсооход хуулийн агуулга чиглэж буй. Гэтэл эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настнууд хаалттай хаалганыхаа цаана хүчирхийлэл дунд амьдарч буй асуудлыг шийдэж өгөхийн оронд зарим эрэгтэй гишүүн хөгийн санал гаргах болсон гэнэ.

Тэдний ухаан санаа огт өөр зүгт “бэлчиж”, “хоёр эхнэртэй болох саналыг хуульд тусгуулъя” гэж буй сурагтай. Гэр бүлийн тухай хуулийн 4.2.2- т “Монгол Улсад эрэгтэй хүн хууль ёсны нэг эхнэр, эмэгтэй хүн хууль ёсны нэг нөхөртэй байна” хэмээн заасан. Үүнийг л өөрчилчихвөл сайн ах, муу дүүгээрээ олон нийтэд дуудуулан цоллуулахгүй, эвтэй найртай амьдрах гээд байгаа бололтой юм.

Энэ тухай гишүүн С.Одонтуяа “Гэр бүлийн тухай хуульд хоёр эхнэртэй болох заалт тусгуулах санал эрчүүдээс олон ирж байгаа гээд бод доо” хэмээн жиргэсэн билээ. Ингэснээр цахим ертөнцөд энэ талаар шуугиж байна. Олонх нь егөө болгон бичиж буй ч “Тэр хууль нь хурдан батлагдаасай” хэмээн залбирч байгаа хүн цөөнгүй болов уу.

Гэхдээ энэ бол шинэ санаачилга биш. 1990-ээд оны үед парламентаар уг асуудлыг хэлэлцэж, бараг батлахын даваан дээр буцаж байсан түүх бий. Тухайн үед эрэгтэй гишүүд нь энэ саналыг амжилттай зүтгүүлээд дэмжлэг хүлээх нь тодорхой болмогц цөөхөн эмэгтэй гишүүд хориг арга хэмжээ авч чадсан гэдэг юм. Тэд “Тэгвэл эмэгтэйчүүд ч бас хоёр нөхөртэй болох заалт давхар тусгана” хэмээн зөрүүдэлмэгц өнөөх эрчүүд шууд саналаа татсан гэдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)