Хоёр хүн хийд хордон нас баржээ

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй албан тушаалтнууд эрхэлсэн ажилдаа хайнга ханддагаас иргэд эрүүл мэнд, амиараа хохирох явдал гарсаар байна. Сонгинохайрхан дүүргийн IV хорооны нутаг, “Монсүү” компанийн хашаанд байрлах бохирын худгийг цэвэрлэхээр ажиллаж байсан хоёр хүн өчигдөр 14.15 цагийн үед унаж нас барсан нь үүний тод жишээ юм. “Дайцэцэн” ХХК-ийнхны хариуцдаг дээрх бохирын худаг өчигдөр өглөө бөглөрсөн учраас Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ)-ын Шуурхай албанд хандаж бохир соруулах машин илгээх дуудлага өгсөн юм байна. Үүнийх нь дагуу жолооч 31 настай У нарын хоёр хүн очжээ. У бөглөрсөн худаг руу орж, ажиллаж байгаад ухаан алдаж унахад нь “Дайцэцэн” компанийн сантехникч 34 настай Б түүнийг татах гэж оролдоод мөн л ухаан алдаж, улмаар живж нас барсныг ойр хавьд нь байсан хүмүүс өгүүллээ. Тухайн бохирын цооног нь “Алтаун вилла” хотхоноос гарч буй бохир ус зайлуулах хоолой гэдгийг ч ОСНААУГ-ын эх сурвалжууд мэдээлсэн юм. Өдгөө энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж буй бөгөөд мөрдөн шалгалт дуусаагүй учраас ямар нэг мэдээлэл өгөхөөс мөрдөгч нь ч, прокурор нь ч татгалзсан. Тэр хавьд байсан хүмүүс амиа алдсан хоёр хүнийг “Хийд хордож ухаан алдан унасан харамсалтай явдал боллоо” гэсэн юм. Зарим мэдээллийн хэрэгслээр удирдах албан тушаалтнууд нь амралтад явсан хэмээн мэдээлж буй нь ташаа, хэргийн газрын үзлэгт байлцсаныг эх сурвалжууд хэлж байна. 

Ташрамд өгүүлэхэд, Төв цэвэрлэх байгууламжид өнгөрсөн дөрөвдүгээр сард дөрвөн хүн хийд хордож, ухаан алдан нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэрэгт холбогдуулан Төв цэвэрлэх байгууламжийн эрх бүхий албан тушаалтнуудыг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажил дуусах шатандаа ороод буй гэнэ. Сонгинохайрхан дүүргийн цагдаа, прокурорын байгууллагынхан хийд хордож дөрвөн хүн амиа алдсан хэргийг ийнхүү шалгаж дуусах гэж байтал дахиад хоёр хүний амь хохирсон хэрэг гарлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)