Хоёр туйлт мэдээллийн дунд хохирч яваа МОНГОЛ

“Энэ орчлонгоор дүүрэн “Ээж ээ” гэж хашгирвал ижий минь л ганцаар миний дууг танина байх даа” гэдэг шиг ээжээсээ өөр хүний үгэнд итгэхэд бэрх цаг ирж дээ. Анзаарах нь ээ, бид ч хүмүүстэй харилцахдаа “Юу л бол доо, үнэн үү” гэх эргэлзэнгүй хандлагад өөрийн эрхгүй дарлуулах болж.

Хүссэн ч, эс хүссэн ч бидний тархи, оюунд цутгаж буй энэ их мэдээллийн хариуд “Хэн нь үнэн яриад байгаа юм, бүү мэд” гэх хайхрамжгүй хэрнээ давхар шүүлтүүр, баталгаа шаардсан хариулт, эргэлзээ үлдээд л байгааг олон хүн хүлээн зөвшөөрөх биз. Хамгийн ойрын жишээ гэвэл УИХ-аар анхны хэлэлцүүлгийг нь хийж буй Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэрлэж болно.

Төслийн буруу ч гэж юу байх вэ, түүнийг тайлбарлаж буй талуудын байр суурь тэнгэр, газар шиг зөрүүтэй байгаад хамаг асуудал буй юм. Уг төслийг санаачилсан Засгийн газрыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын “Төсөлд хилийн цэргийг хилийн цагдаа болгох тухай нэг ч үг, үсэг байхгүй” гэсэн тайлбар гишүүн Ж.Энхбаярын “83 жилийн түүхтэй, эгнээнээсээ 14 баатар төрүүлсэн, албаараа бахархдаг хилчин цэрэг, дайчдын эрх ашигт ноцтой хохирол учруулах төсөл оруулж ирж байна. Үүнийг би тууштай эсэргүүцнэ. Төслөө татахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг би өөрөө санаачилна” гэх мэдэгдэлтэй мөргөлдсөн.

Магадгүй зарим талаар мөргөлдүүлсэн гэж ч хэлж болох байх. “Ер нь хилийн цэргийг хилийн цагдаа болговол яасан юм бэ” гэсэн агуулгаар хэлсэн гишүүн Ц.Нямдоржийн үгнээс улбаатай сайд, гишүүн хоёрын байр суурь тэднийг дайсан мэт харагдуулсан нь энэ.

Цаашлаад УИХ, Засгийн газрын хооронд ан цав үүсгэж мэдэхээр болов. Хамгийн аюултай нь иргэдийн мэдээлэлд ойр нэлээд хэсэг нь эх оронч, эх оронч бус болж хоёр хуваагдан маргалдсан. Үнэндээ “хилийн цэрэг”, “хилийн цагдаа” хоёрын хооронд зарчмын ямар ялгаа байдгийг ч мэдэхгүй нөхөд “Эх орон минь” гэж цээжээ дэлдэн хийрхсэн. Сураг, цуугаар л амьдардаг хэсэг нь бүр “Улсын хил будаа болж байх шиг” гэх маягийн зүйл ярьж, ямар улс оронд амьдарч буйгаа шогшрон толгой сэгсрэх.

Гэвч иргэдийн буруу бас биш л дээ. Ганц Хилийн тухай хууль ч бус, эдийн засаг, нийгэм, улс төрийн аливаа асуудлаар үнэнд ойр оюун дүгнэлт хийх чадварыг олон нийтээс хүлээх нь утгагүй. Тиймээс үүнд асуудлаа сайн судлалгүй, сэтгэлийн хөөрлөөр, телевизийн камерын өмнө ярьж буйгаа чухам мэдэрч хэлсэн улстөрчдийн сүржин үгсийг цаг хугацааны болоод учир зүйн дараалалгүйгээр тасдан, хэрчиж түмэнд түгээдэг хэвлэл мэдээллийнхэн ч буруутай.

Ямар сайндаа л олон нийтийн гэх тодотголтой телевиз нь хүртэл эфирийн цагаараа эрээгүй улстөржиж, УИХ-ын хуралдааны танхимд хэрүүлийн алим болж байх билээ. Тэгж яривал цочмог, хийтэй мэдэгдлүүдийг нь төлбөр мөнгө шаардахгүйгээр түгээх том орон зай болсон олон нийтийн цахим сүлжээ, түүнийг үндэслэгч ноён Цукерберг ч бас буруутай мэт санагдана.

Гэхдээ “УИХ-ын хуралдааны танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй” хэмээн хуулиар олгосон эрх ямбаа хэт явцууруулж ойлгосон, ойлгоё ч гэсэн оюуны бяд нь хүрдэггүй, хувийн эрх ашигтаа хөтлөгддөг зарим улстөрчийн хийтэй, хөнгөн мэдэгдэл хамгийн буруутай.

Ийм жишээ олныг дурдаж болно. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь тойрсон асуудлаар ч хоёр туйлт мэдээллийн шуурга, маргаан дэгдсэн. Хувийг нь худалдаж авсан Худалдаа, хөгжлийн банк, Төрийн тэргүүн (Монголын нэгдүгээр хүн), УИХ-ын дэд дарга (Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тодорхойлсончлон Монголын дөрөвдүгээр хүн)-аас авахуулаад хэт тэнцвэргүй байр суурь илэрхийлж, хүн ард нь хоёр хуваагдаад амжсан. Бараг бичиг, үсэг тайлагдсан болгон нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь тойрсон асуудлаар амьсгалж асан өдрүүд өнөөдөр ард үлдэж гэлтэй.

Гэвч тэгтлээ их улстөржилт дагуулсан уг асуудалд цэг тавьж чадсан юм уу гэвэл үгүй. Сүүлд УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд өмнөх Засгийн газрын тэргүүнийг байлцуулан байцааснаас хойш юу хийж, ямар үр дүнд хүрсэн нь тодорхойгүй. Өмнөх парламентын үед хэлэлцсэн Газрын тухай хуулийн төслөөс болж мөн л олон нийт, улстөрчид талцсан. Засгийн газраас санаачилсан уг төслийн хүрээнд Монголын газрыг гадаадынханд урт хугацаагаар эзэмшүүлж, бараг худалдах нь гэж олон нийт, иргэний нийгмийн байгууллага, зарим улс төрийн хүчнээс хүчтэй эсэргүүцэж, жагсаал цуглаан хийж байсан нь саяхан.

Тус төслийг парламентын түвшинд нэгтгэх ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар “Газрыг гадаадынханд өгөхгүй, буруу ойлгож байна” гэж хэчнээн ч тайлбарлаад тусыг эс олсон, сүрдүүлэг, заналхийлэлд өртсөн. Улмаар Засгийн газар ойлголтын зөрүүтэй зарим зүйлийг цэгцэлж, эргэж өргөн мэдүүлнэ гээд төслөө буцаан татсан. Хөгжлийн банк тойрсон асуудлууд ч үүний нэгээхэн жишээ. АН-ынхан эрх барьж байх үедээ их хааныхаа нэрээр босгосон их хэмжээний хөрөнгө, өнөөдөр өр болон харлаж буй тэр мөнгийг үр ашигтай зарцуулсан, эсэх нь биднийг бас л талцуулж

 буй. МАН-ынхан засгийн эрх авангуутаа тус банкийг шалгаж, ихээхэн “но” илрүүлснээ зарласан бол АН-ынхан “Тэгвэл тэр мөнгөний ихэнхийг МАН-ын гишүүд компанидаа авч өгсөн” гээд буруугаа хүлээх шинжгүй. Эхнээсээ Л.Энх-Амгалан зэрэг гишүүн нь “энхийн цагаан тагтаа” болохыг минь баталж өгөөч, үгүй бол бүрэн эрхээсээ татгалзъя гэж ч байх шиг. Цаашлаад Оюутолгойн ордыг ашигласнаас авахуулаад олон зүйл нэрлэж болохоор буй.

Тиймээс л “Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй” гэдэгчлэн хоёр туйлт мэдээллийн дунд төөрч, самгардсан иргэд нь “Энэ үнэн болов уу, яадаг бол” гэсэн байдлаар хаширладаг болчихоод байгаа юм. Аливаа ард түмэн мэргэн байдаг. Тэдний сонголтыг “хаан” хэмээн хүндэтгэдэг. Хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ иргэдээ талцуулдаг улстөрчид тэнгэр, газар шиг зөрүүтэй мэдэгдлээ нотлох хөдөлшгүй баримт гаргаад ирсэн тохиолдолд аль нь зөв, эсэхийг шүүх ухаан ард түмэнд бий. Зөвийг нь дэмжиж, бурууг нь түлхэх хүч ч бий, тэдэнд.

Харамсалтай нь манайхан, тэр дундаа улстөрчид зөвхөн өөртөө, хувийн карьераа бодож хүссэн болгоноо шүлсээ үсчүүлэн ярьж, хашгичиж, турхирч байна. Иргэдээ ингэж мунхруулах нь тэдэнд ашигтай байгаа хэрэг. Улс орон, ард түмний эрх ашиг хөндсөн аливаа асуудлаар аль нэг улстөрч тухайн үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын тохироог бүрдүүлэн олон нийтийн санаа бодлыг өөртөө урвуулахад энэхүү талцал нь тус болно гэж найдаж буй биз. “Төрийн минь сүлд өршөө” гэж ханцуйдаа залбирч ирсэн монголчуудын төрдөө итгэх итгэл улам бүр алдарч буй энэ үед цөөн хүн амын санаа бодлыг урвуулахад амар гэсэн атгаг бодолтой нэгэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Монголчуудын төрд итгэх итгэлийг ч эрх мэдэлтнүүдийн үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээллүүд үгүй хийсэн. Улмаар хоёр туйлт мэдээллийн дунд хохирч яваа нь монголчууд, хөөрхий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)