Хоёр тарифт тоолууртай өрхүүд хөнгөлөлт эдэлнэ

Нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргаснаа Эрчим хүчний зохицуулах хорооноос өчигдөр мэдээллээ. Энэ үеэр тус хорооны дарга А.Тлейхан “Гэр хорооллын 146.000 өрхийн 110.000 орчим нь хоёр тарифт тоолуур ашиглаж байгаа. Тэдгээр айл өрх хөнгөлөлт эдэлнэ. Үүний тулд заавал хоёр тарифт тоолууртай байх шаардлагатай” гэв.

Холбогдох байгууллагуудаас ийм тоолуурыг 80-85 мянган төгрөгөөр авах боломжтой бөгөөд зарим нь дээрхээс өөр үнэтэй аж.

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу энэ тогтоолыг гаргажээ. Хөнгөлөлтөд хамрагдсан өрхүүд 21.00-ээс 06 цаг хүртэл цахилгааныг үнэгүй хэрэглэх юм. Одоогийн хэрэглээгээр тооцвол 4.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх гэнэ. Гэр хорооллын өрхүүдийн шөнийн тарифын энэхүү хөнгөлөлт энэ сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд үргэлжилнэ.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулан эрчим хүчний хэрэглээний дээд хязгаарыг 220 Вт-ын хэрэглэгчид 700 кВт/ц, 380 Вт-ын хэрэглэгчид 1500 кВт/цаг байхаар тогтоожээ.

Хэрэглэгчдийн ашиглаж буй цахилгаан дамжуулах утасны нэвтрүүлэх чадвартай холбоотойгоор галын аюулаас сэргийлж байгааг А.Тлейхан тэмдэглээд, “Энэхүү хөнгөлөлтийг зөвхөн айл өрхөд үзүүлж байгаа. Тариф тэглэлээ гээд үйлдвэрлэл явуулж болохгүй. Хэрэглэгчид найдвартай халаагуур ашиглах хэрэгтэй” гэв. Тариф тэглэснээр бусад хэрэглэгчид нөлөө үзүүлэхгүйг мэргэжилтнүүд тодотголоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)