Хоёр систем нэг улсад давчидна

Хонгконгийн жагсаал

Британийн колони байснаа 1997 онд Хятадын харьяанд эргэн орж, засаг захиргааны тусгай бүс Сянган гэгдэх болсон Хонконг сүүлийн хэдэн сар олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглаан болон жагсагчид, цагдаагийнхан хоорондын мөргөлдөөний хөлд донсолж байна.

Тусгай бүсийн тэргүүн Кэрри Лам аюулгүй байдлын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах санал дэвшүүлсэн нь эмх замбараагүй байдал үүсгэсэн. БНХАУ-ын хууль зөрчсөн эрүүгийн хэрэгтэн, авлигач нарыг төв Засгийн газарт шилжүүлэхийг тэрбээр санал болгосныг Бээжин дэх ТАСС агентлагийн товчооны дарга Андрей Кириллов тодруулжээ. Хонконгчууд “нар” гэдэгт тэрс үзэлтнүүд, хүний эрхийн төлөө тэмцэгчид гээд хэнийг ч хамруулчихаж мэднэ хэмээн болгоомжилж байна. 

Нэг үгээр хэлбэл, Бээжингийн мэдэлд орсон хэнбугай ч улс орныг хагалан бутаргасан, нийгмийн болон үндэсний эв нэгдлийг нь бусниулах гэсэн этгээд болдог. Эсэргүүцлийн оргил цэг нь жагсагчид Адмиралти дүүрэг дэх Засгийн газрын байгууллагуудын цогцолборуудад халдсан долдугаар сарын 1 байв. Энэ нь нутаг дэвсгэрийн харьяалал шилжсэн ээлжит ойн өдөр. Цагдаагийнхан хэдэн цаг хэв журам зохицуулах гэж оролдоод, ухарсны дараа хэт давруу үзэлтэй залуус барьж явсан лоозонгоороо Хууль тогтоох зөвлөлийн шил цонхыг хагалж, ханан дээр нь эрээчсэнийг төрийн байгууллагад халдсан хэрэг гэж үзсэн. Тэгвэл одоо жагсагчид нийтийн тээврийн үйлчилгээг, тухайлбал, метроны хөдөлгөөнийг саатуулж, эсэргүүцлээ илэрхийлэх хүрээгээ тэлсээр байна.

ЯЛГААГ НЬ МЭДРЭЭРЭЙ

Гадаадын иргэнд Хонконг болон Сянган гэсэн нэр ялгаатай мэт сонсогдох ч “анхилам үнэрт далайн боомт” гэсэн ижил утгатай. Эхнийх нь Хятадын өмнөд кантон, нөгөөх нь хойд нутгийн путунхуа аялга аж. Харин Хятадын оршин суугчдын хувьд улс төрийн нууц агуулгатай. Англиар “Hong Kong” гэсэн бичиг нь колоничлолын үеийн хэв маягийг харуулдаг бол “Xianggang” гэдэг нь нутаг дэвсгэрийн хувьд Хятадын өнөө болон маргаашийн бодит байдлыг илтгэдэг гэнэ.

Хууль, эрх зүйн хувьд ч Хонконгийн байдал нь хоёрдмол шинжтэй. Шинэчлэлийн архитектор гэгддэг удирдагч Дэн Сяопины зарласан “Нэг орон-хоёр систем” зарчмын дагуу тусгай бүсийнхэн өөрийн болон БНХАУ-ын Үндсэн хуулийн дагуу аж төрдөг. Хонконгийг шилжүүлэх тухай Хятад, Британийн хамтарсан тунхгийг одоо ч тодорхой, бүр хууль, эрх зүйн заавал биелүүлэх ёстой үүрэг хэмээн хуучин эзэн Британийн тал үздэгийг Бээжин эрс эсэргүүцдэг.

Хонконгийг шилжүүлэх үед талууд нэг зүйлийг зөвшилцсөн нь “хоёр систем” гэсэн бүтэц нь тус бүсэд наад зах нь 2047 он хүртэл өөртөө засах өргөн эрхээ ашиглах боломж олгохыг баталсан явдал юм. БНХАУ-ын Засгийн газар батлан хамгаалах болон гадаад бодлогын асуудлыг хариуцсан бол дотоод хууль, журам, цагдаа, санхүү (ам.долларт хөрвөдөг хонконг доллартой), татвар, гааль, шилжилт хөдөлгөөний бодлогоо Хонконг өөртөө үлдээсэн билээ. Нэмээд олон улсын хэд хэдэн байгууллага, зарим арга хэмжээнд төлөөллөө хадгалан үлдсэн. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр засаж, залруулах, тодотгох, тохиролцох асуудал тулгарах болжээ.

Ташрамд дурдахад, энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалд оролцогчийн тоо бараг хоёр сая хүрсэн тухай мэдээлсэн. Хонконг 7.5 сая хүн амтай. Жагсагчийн тоо хэтрүүлэгтэй байлаа гэхэд цагдаагийнхны мэдээлснээр 350 мянга орчим хүн оролцож. Аль нь ч байсан оролцогчийнхоо тоогоор энэ удаагийн жагсаал Хонконг-Кантоны түүхэн эсэргүүцлийн ажиллагааг давжээ. Тэр үед Хятадын 250 мянга орчим ажилчин, албан хаагч Үйлдвэрчний эвлэлийн коммунистуудын уриалгаар англичуудын зэрлэг авир, империалистуудын дарлалын эсрэг Хонконгийг орхисон байдаг. Тухайн үеийн хонконгчууд, тухайлбал, Хятадын идэвхтэй оюутнууд Британийн колоничлогчдын эсрэг үндэсний эв нэгдлийн төлөө тэмцэж байв. 

...Жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөж, ус болон чулуутай лонх “нисэж”, зарим дүүрэгт хаалт хүртэл босгож байж. Хөл үймээн, эмх замбараагүй байдлаас залхсан хонконгчууд өөрсдөө оюутнуудтайгаа эвийн яриа хэлэлцээ хийснээр эсэргүүцлийн ажиллагаа тэр үед намжсан юм. Үүн шигээ хялбархан юм шиг санасан нь энэ удаа Хонконгийн эрх баригчдын алдаа байв...

Бараг 100 жилийн дараа цөөнгүй иргэний дэмжлэгтэйгээр Хонконгийн оюутнууд Англи болон бусад хуучин колоничлогч гүрнүүдэд хандаж, Хятадын төв Засгийн газарт ойртохыг эсэргүүцдэг байжээ. Шинэ үеийн хонконгчууд өдгөө оюутны насанд хүрсэн байна. Тэдний олонх нь Өрнөдийн тал баримталдаг. Эх газрын Хятадаас гаралтай өвгөн профессорууд нь эрх чөлөөний төлөө, янз бүрийн үед Хонконг руу гарсан хүмүүс. Олонх нь Бээжингийн үзэл суртлыг шүүмжлэгчид. Тиймээс оюутны орчинд дарь асаах очлуур хэрэгтэй байсан нь сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төсөл болов.

Энэ онд БНХАУ-ын Төрийн зөвлөл 2035 он гэхэд Хонконг, Макао болон Гуандун мужийн хэдэн арван хотыг багтаасан “Их булан”-гийн бүс бий болгох төлөвлөгөө танилцуулжээ. Хэрэгжүүлэх шатандаа орсон төлөвлөгөөний хүрээнд өнгөрсөн оноос эх газартай тээврийн харилцааг хөнгөвчилсөн, 55 км урт Хонконг, Макао, Жухай гүүр ашиглалтад орсон. Дэд бүтцийн бусад төсөл ч хэрэгжиж буй. Аажимдаа Хонконг ажил хэргийн онцгой бүс байхаа болих нь. Давхар цохилтод банкны салбар нь ч орж буй. Хонконгийг Хятадын бизнесийн нэг хэсэг хэмээн Америкийн санхүүгийн тагнуулынхан үздэг болж, эх газрын бизнес эрхлэгчид хөрөнгөө тус бүс рүү шилжүүлээд эргүүлээд Хонконгийнх юм шиг татаж, хөнгөлөлт эдэлдэг үе өнгөрч, тусгай бүс дарвуулгүй усан онгоц мэт болжээ.

Сэжигтэн шилжүүлэх хуулийг эх газрын эрх баригчдын хүчин чармайлт гэж үзэх бололтой аж. Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг хөрөнгийнхөө урсгалыг гэрэлд цохиулахыг хүсээгүй мафийн байгууллагууд тэтгэдэг байж болох. Тэд Хонконгод ч, эх газарт ч дарсан нууц ажиллагааг нь ил болгох хуулийг эсэргүүцэж байна. Үүнд нөлөөлсөн гадаад хүчин зүйл нь Вашингтон, Бээжингийн худалдааны дайн. Энэ нь Хонконгийн ажил хэргийн амьдралд эмзэг тусаж буй.

Үүний сацуу энэ удаагийн эсэргүүцлийн жагсаал колоничлолоос Хонконг чөлөөлөгдсөнөөс хойш анх удаа болж буй хэрэг биш юм. 2014 онд Хонконгийн залуусыг эх газрынхантай адил түвшинд сургах гэсэн сургалтын хөтөлбөрийг эсэргүүцэн оюутнууд жагсаж байв. Үүнийг борооны шар шүхрийн хувьсгал гэж нэрлэсэн. Жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөж, ус болон чулуутай лонх “нисэж”, зарим дүүрэгт хаалт хүртэл босгож байж. Хөл үймээн, эмх замбараагүй байдлаас залхсан хонконгчууд өөрсдөө оюутнуудтайгаа эвийн яриа хэлэлцээ хийснээр эсэргүүцлийн ажиллагаа тэр үед намжсан юм. Үүн шигээ хялбархан юм шиг санасан нь энэ удаа Хонконгийн эрх баригчдын алдаа байв.

Сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн эхний ажиллагааны үеэр эрх баригчид нь цагдаагийн хүчээ зузаатгаж, хүч үзүүлэх гэсэн нь талаар болж, зогсох нь бүү хэл жагсаал Хонконгийн арлаас эх газарт тэлж, арилжааны болон тээврийн хэдэн зуун компани ажил хаяж, эсэргүүцлийн ажиллагаанд нэгдэхээр сүрдүүлсэн. Түүгээр зогсохгүй Европын Холбоо мэдэгдэл хийж, БНХАУ, Хонконгийн эрх баригчдыг оршин суугчдынхаа жагсах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэж, санал болгож буй хуулийнхаа талаар өргөн хэлэлцүүлэг явуулахыг санал болгосон юм. Үүнийг Бээжин эрс эсэргүүцэж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг хүсээд, тусгай бүсийнх нь оршин суугчдын олонх нь хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг нь хөндсөн үйлдлийг дэмжихгүй байгаа гэсэн хариу өгчээ.

Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам байдлыг хурцатгахгүйн тулд хуулийн төслөөсөө татгалзсан. Энэ нь байдлыг намжаагаагүй төдийгүй жагсагчид эрх баригчдаа огцрохыг шаардах болсон билээ. Өрнөдийн орнуудын Засгийн газрын үзэл суртал Сайд нарын танхимаа эсэргүүцсэн эмх замбараагүй байдлыг зохион байгуулагчдын хүчин чармайлт Өмнөд Америк, Африк, Ойрхи Дорнод, Азийн нэг улсаас нөгөөд азгүйтэл дагуулж, эмх замбараагүй байдал бий болгосоор ирсэн. Одоо тэд Хятадад ч ээлжит үзүүлбэрээ хийхийг оролдсоор байна. Төв Засгийн газарт нь дарамт шахалт үзүүлэхийн тулд тэд эмх замбараагүй байдал бий болгохыг оролдсоор буй юм.

ХЯТАДЫН ЭРХ БАРИГЧДЫН БАЙР СУУРЬ

Засгийн газраа эсэргүүцсэн хоёр сарын тэмцэл Хятадын засаг захиргааны тусгай энэ бүсийн хувьд БНХАУ-ын харьяанд шилжсэнээс хойших хамгийн ноцтой хямрал боллоо гэж тус улсын Төрийн зөвлөлийн Хонконг, Макаогийн хэрэг эрхэлсэн газрын тэргүүн Жан Сяомин лхагва гарагт мэдэгджээ. Тэрбээр Хонконгийн улс төр, бизнесийн элитүүдийн 500 төлөөлөгч оролцсон тусгай семинарын үеэр үг хэлсэн байна. 

Хонконгод болж буй эсэргүүцлийн ажиллагаанд өнгөт хувьсгалын шинж байгааг ч тэрбээр тэмдэглэжээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын Засгийн газрын төлөөлөгчид олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэсэн гэм буруутай бүх этгээдийг шийтгэхийг уриалаад, Хонконгийн засаг захиргааг дэмжиж буйгаа илэрхийлээд, аль болох түргэн хэв журам сахиулахыг мөн уриалсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)