Хоёр прокурорыг АТГ-т шалгаж, хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь

Сүүлийн үед шүүгч нартай холбоотой дуулиан олны анхааралд өртөж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй зургаан шүүгчийн бүрэн эрхийг АТГ-ынхан түдгэлзүүлэх саналыг холбогдох байгууллагад хүргүүлж байв. Мөн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Худалдаа хөгжлийн банкныхантай хамааралгүй гэдгээ тогтоолгохоор АТГ-т өөрөө хүсэлт гаргалаа. Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Б ШШГЕГ-ын харьяа цагдан хорих байранд амиа алдсан гэхчлэн шүүгч нартай холбоотой дуулиан хэд хэд гарсан билээ.

Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх мэдээлэл бидэнд ирэв. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр, прокуророос хоёр шүүгчийг эрүүгийн хариуцлагад татсан тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт дээрх зөвлөлд хүргүүлсэн юм байна. Үүнийг үндэслэн Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн сурагтай.

Тэгвэл хууль хэрэгжүүлэх гол байгууллагуудын прокурорын хоёр ч хүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, нэг нь Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор аж. Түүнийг албан тушаалаа ашиглаж дээрх аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн нэгэн компанийн хууль зөрчсөн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулахаар болсон нь авлигын гэмт хэргийн шинжтэй гэж гомдол, мэдээлэл гаргагч үзжээ. Үүнийх нь дагуу АТГ-т хэрэг нээсэн байна. Уул уурхайн компани үйл ажиллагаагаа нээх болон ус ашиглах зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлон боловсруулж, байгаль орчинд 27.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг прокурор хаасан гэнэ. Үүнээс гадна НПГ-т эрх бүхий албан тушаал хашиж байсан прокурорт иргэн Н-ээс бусдаар дамжуулан 154 сая гаруй төгрөгийн хахууль нэхэж авсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Эдгээр гомдол мэдээлэл үндэслэлтэй, эсэхийг АТГ-ынхан шалгаад эрүүгийн хэрэг үүсгэх, үгүйгээ прокурорын байгууллагаар шийдвэрлүүлэх хуультай билээ.

Бэлтгэсэн: Г.Орчлон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)