Хоёрыг хоёроор үржүүлэхээр тав болдоггүй юм

ШҮҮМЖ

“Шинэ үе” продакшны залуус жил дараалан уран сайхны кино үйлдвэрлэх болсон. 2008 онд “Буруу эргэлт”, 2009 онд “Үлгэрийн хайр” инээдмийн уран сайхны кино хийсэн бол өнгөрсөн онд зургийг нь авсан “Хоёр хоёрын тав” уран сайхны киногоо уржигдар “Тэнгис”, өчигдөр “Өргөө” кино театрт нээв.

Эхний өдрийн үзвэр уран бүтээлчдийн найз нөхөд, хошин урлагийн жүжигчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулагдлаа. Францын зохиолч Марк Комелетийн инээдмийн зохиолоос сэдэвлэсэн эл киноны найруулагч, продюссерээр Н.Ариунболд ажиллажээ.

Сонгодог бүтээлийг тайзнаа амилуулсан бол тухайн орчин нөхцөлийг төсөөлөн хүлээн авахад хялбар байдаг. Харин монгол хүний амьдралаас хэтэрхий хол хөндий франц зохиолчийн бүтээлийг тэр хэвээр нь шахуу кино болгочихоор сэтгэлд нэг л бууж өгсөнгүй.

Аймшгийн киноны зураг авалтын ажил хийж буй байдлаар киногоо эхлүүлсэн нь сонирхолтой санагдавч жүжигчдийн уран чадвар, тоглолт харагдаагүй нь харамсалтай. Кино судлаач, шүүмжлэгч нэгэн эрхэм “Кино үзээд театраас гарахдаа энэ кино надад юу ойлгуулав гэж өөрөөсөө асуу.

Ямар нэгэн хариулт олж байвал та кино үзсэн гэсэн үг. Юу ч ойлгуулаагүй юм шиг санагдвал тэр кино биш” хэмээн ярьж байсныг саналаа. “Хоёр хоёрын тав” киног үзээд инээж болох ч үзэгчдээ ямар ч өгөөжгүй санагдав. “Шинэ үе” продакшныхан МҮЭСТО-д шоу тоглолт хийж буй.

Тэгэхээр нэгэн биеэ хоёр хувааж чадахгүй учраас тайзнаа үзүүлдэг хошин тоглолтоо кино болгоод кино театрт гаргаж буй нь энэ юм болов уу.

Ж.Солонго


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)