“Хоёрдогч түүхий эд нийлүүлдэг хүмүүс залуужиж байгаа нь харамсалтай”

Хог түүж хоногийн хоолоо залгуулдаг нэгнийгээ “траншей”-ныхан гэж нэрлээд уджээ. Архи ууж, агсам тавьдаг хэсэг нөхдөөс болж нийгэм тэднийг ийн хардаг болсон нь харамсалтай. Тэд бусдын л адил хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулж олсон мөнгөөрөө ар гэрээ тэжээдэг хүмүүс.

Баруун гар нь хугарснаас болоод хөдлөхөд хэцүү байгаа боловч шуудайтай хуванцар жинлэж, нямбай гэгч нь хурааж буй, биендээ байхгүй хүчтэй энэ эмэгтэйг Ц.Чулуунбат гэдэг. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн XXIX хороонд амьдардаг. Говь-Алтай аймгийн Төгрөг сумд төрж, 1979 онд Улаанбаатар хотод нүүн иржээ. Дараа нь ОХУ-ын Барилгын инженерийн сургуульд явж, 1980 онд гэр бүл зохиосон байна. Эргэж ирээд нөхрийн хамт Зөвлөлтийн барилгын хоёрдугаар трестэд ажилд орсон аж. Гэвч 1990-ээд оны зах зээлийн шуурганд өртөн, байгууллага нь үйл ажиллагаагаа зогсоосноор тэдний гэр бүл модоо барьсан гэнэ. Цомхотгол нэрийн дор гэр бүлийн хоёрыг ажлаас нь халснаар тэд хог хаягдал дахин боловсруулах салбарт эргэлт буцалтгүй оржээ. Хоёул ажилгүй, хүүхдүүдээ тэжээхийн тулд дөрвөн өрөө байраа зарж гар дээрээс наймаа хийх болсон аж.

Гудамжинд тамхи, талх гээд зарж үзээгүй зүйл байхгүй. Дөрвөн хүүхдээ тэжээхийн тулд бүх л ажлыг хийсэн тэрбээр архи зөвшөөрөлгүй хийдэг аж ахуйн нэгжүүдэд шил худалддаг болов. Тухайн үед архины шилийг өндөр үнээр авдаг байсан тул хоёр дахь түүхий эд авах цэг нээснээс хойш 25 жил ажиллажээ. Гурван охиноо хүнтэй гэрлүүлж, нэг хүү, есөн зээгээ өсгөсөн гэхээр уг цэгээс олон хүнийг тэжээжээ. Түүний нөхөр 2011 онд өвчний улмаас нас барж, охин, хүргэнийхээ хамт ажиллах болж. Том охин нь шил угаах жижиг бизнес эрхэлдэг бол дунд, бага нь өлөн боловсруулах үйлдвэрт ажилладаг. Харин ганц хүү нь өдгөө Швейцар улсад ажиллаж, амьдардаг. “Хэрэв төрөөс нэг удаа ч гэсэн дэмжлэг авсан бол бүх хүүхдээ дээд боловсролтой болгох байсан юм” гэж халаглах түүнээс энэ талаар лавлан асуухад 25 жил энэ салбарт ажиллахдаа нэг ч удаа улсаас дэмжлэг авч үзээгүй гэв. ЖДҮХС-гаас зээл авах гэсэн боловч бүтээгүй аж. Уг нь тэр гэр бүлээсээ гадна өөр олон хүн тэжээдэг гэхэд хилсдэхгүй. Сонгинохайрхан дүүргийн XXIX хороонд байрлах цэгт хоёр дахь түүхий эд авчирч тушаадаг 150-200 хүн бий. Тэрбээр “Энд түүхий эд нийлүүлдэг хүмүүсийн олонх нь гэр бүлээ тэжээдэг, архины хамааралгүй. Ганц нэг архи уудаг хүн бий. Хогийн эвгүй үнэр, өвлийн хүйтнийг давах гэсэндээ архи уудгийг үгүйсгэхгүй” гэлээ. Үүнээс гадна зун болохоор бүгдийнх нь үсийг хусаж, усанд оруулж, хооллож ундалдаг гэнэ.

Төр түүнд дэмжлэг үзүүлдэггүй хэрнээ үүрэх ачааг нь улам нэмжээ. Өнгөрсөн жил Ц.Чулуунбат 479 ам метр газар худалдан авсан байна. Өмнө нь өөр газартай байсан хэдий ч гурваас дээш жил барилга барьж, үйл ажиллагаа явуулаагүй гээд улс хураагаад авчихсан аж. Түүнээс хойш дүүргийнхээ Газрын албанд олон удаа өргөдөл бичсэн боловч тоогоогүй тул өөрийн хөрөнгөөр газар худалдан авсан байна. Байсан хэдэн төгрөгөөрөө газар аваад, 20 гаруй саяыг цахилгаан татуулахад зарцуулжээ. Ирэх жил бохир, дулааны шугам сүлжээ тавиулахаар төлөвлөж байгаа аж. “Төр, засаг хог хаягдал дахин боловсруулахад дэмжлэг үзүүлдэггүй юм гэхэд байгаа газрыг нь булаан авч, гудамжны, гэр оронгүйгээр нь дууддаг” хэмээн тэрбээр гомдолтой буйгаа дуулгаж байв. Түүний хэлсэн нь үнэний ортой. Уг нь цуглуулсан мөнгөөрөө дахин боловсруулах өөрийн гэсэн жижиг үйлдвэр барих гэж байжээ. Газар, цахилгаан зэрэг зардалтай холбоотойгоор үйлдвэр барих нь тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон аж.

Сүүлийн үед түүний санааг өөр нэг зүйл зовоох болжээ. Түүнд хоёрдогч түүхий эд нийлүүлдэг хүмүүс жилээс жилд залуужих болсон гэнэ. Залуусаар эгнээгээ тэлж буй энэ салбарт төрийн бодлого дутагдаж байгааг тэрбээр онцоллоо. Төрөөс залууст чиглэсэн бодлого байдаггүйтэй үүнийг холбон тайлбарласан юм.

Ц.Чулуунбат 25 жил хог хаягдлын салбарт ажиллахдаа банк болон бусад байгууллагаас нэг ч удаа зээл авч үзээгүй гэнэ. Гэхдээ хоёр идэж, хоосон хонохгүй, дөрвөн хүүхдээ өсгөжээ. Өөр нэгэн жишээ дурдъя. Энэ цэг 265 ам метр талбайтай, өдөрт дунджаар лааз 150, хуванцар сав 300-400 кг-ыг хүлээн авч, 10 000 шил угааж, 28 төрлийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг. Долоо хоногт 6-7, сард 20 гаруй сая төгрөг эргэлдүүлдэг гэнэ. Харин үүнээс бага орлоготой жижиг цэгүүд нь өдгөө хаалгаа барьжээ. Манай улс эдгээр цэгийн авч тушаасан түүхий эдийг дахин боловсруулах үйлдвэрт хэрчиж, жижиглээд урд хөршид нийлүүлдэг. Хил хааснаар цэгүүд түүхий эд худалдан авах үйлдвэргүй болж, эргэлтэд оруулах мөнгөгүй учир үйл ажиллагаагаа зогсоожээ. Цэгүүд ажиллахаа больсноор дан ганц эзэд нь хохирохгүй. Шил, лааз гээд дахин боловсруулах хаягдал тушаадаг хүмүүсийн амьдрал ч хүнд байдалд орно гэсэн үг. н.Батцэнгэл энэ цэгт дахин боловсруулах түүхий эд нийлүүлээд гурван жил болжээ. Том охин нь 21 настай бол бага нь долдугаар анги гэнэ. “Хүнээс гуйлга гуйгаагүй, өөрөө хөдөлмөрлөж мөнгө олдог. Гэтэл хүмүүс тэгж харахгүй юм даа, архичин л гэх юм. Би нэг удаа хуванцар тушаахдаа долоон мянга, өдөрт 3-4 удаа гэвэл 20 000 төгрөг олдог. Архи уудаггүй боловч муу хувцастай учир хүмүүс дорд үзэх нь их” гэлээ.

Харин Б.Үүрцайх олсон орлогоороо 65 настай ээжийгээ тэжээдэг. Хогийн цэгээс хуванцар сав, лааз түүхэд муухай болчихдог гээд цэвэрхэн уутанд хувцсаа хийгээд ажлынхыгаа сольж өмсдөг. Орой ажлаа дуусгаад цэвэрхэн хувцастай явахгүй бол зодуулж, дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй аж. Тэдний түүж, цуглуулж, Ц.Чулуунбатын худалдан авсан хог хаягдлыг манай улс хэрхэн боловсруулдаг талаар “Эко парк Улаанбаатар” компанийн гүйцэтгэх захирал Д.Батжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Би Ц.Чулуунбатыг сайн танина. Ер нь энэ салбарын гол ажлыг эмэгтэйчүүд нугалдаг. Тэднийг гаднаас нь харж дүгнэх бус, эх орондоо ихийг хийж бүтээж байгаа гэж харах хэрэгтэй. Энэ салбарт ажиллаж буй 20 000 хүн жилд дунджаар 70 гаруй тэрбум төгрөгийг улсад оруулдаг. Бид хуванцар сав, гялгар уутыг хэрчиж, жижиглээд, урд хөршид нийлүүлдгийг мэдэх байх. Харин цаашид энэ хог хаягдлаараа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээж байна. Өнгөрсөн хугацаанд Нарангийн энгэрт 80, Цагаан даваанд 90 га газарт үйлдвэр барихаар төлөвлөсөн. Нийтдээ 40 үйлдвэр барих төлөвлөгөөтэй байгаа. Эхний хоёрыг нь ашиглалтад оруулсан. Нэг нь өдөрт 600-700 тн ахуйн гялгар уут боловсруулдаг бол нөгөөх нь 10-20 тн шахмал түлш хийдэг. Хэрэв бүх үйлдвэрээ ашиглалтад оруулбал жилд 200 тэрбум төгрөгийг энэ салбараас олох боломж бүрдэхийн зэрэгцээ шинээр 600 гаруй ажлын байр бий болгож чадна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)