Х.Оюунбилэг: Улсын хилээр 200 тн самар зөвшөөрөлгүй гаргасан

Хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхийг хориглосон хугацаа өнгөрсөн онд дууссан. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр самар түүж, бэлтгэн гадаад руу их хэмжээгээр гаргах болсон байна. Энэ талаар БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Х.Оюунбилэгээс тодрууллаа.

-Хуш модны самар бэлтгэж, борлуулахад улсаас өндөр татвар нэхдэг учраас иргэд зөвшөөрөл авдаггүй гэдэг. Ер нь хэдэн төрлийн татвар байдаг юм бэ?

-Хуш модны самар болон үр жимс, идээ нь Монгол улсын ховор ургамлын жагсаалтад бүртгэгдсэн. Тиймээс самар бэлтгэж, борлуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдээс ойн дагалдах баялаг бэлтгэх эрхийн гэрчилгээ, байгалийн баялаг ашигласны төлбөр, үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх гэрээ болон улсын тэмдэгтийн хураамж авдаг. Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самар бэлтгэх зөвшөөрлийг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сум болон Төв аймгийн Мөнгөнморьт сумын 12 аж ахуйн нэгжид олгосон. 

Улсын хилээр зөвшөөрөлгүйгээр их хэмжээний самар гаргажээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Лицензтэй нэвтрүүлэх кодтой барааны төрөлд хуш модны самар багтдаг. Улсын хилээр гаргахдаа хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарна. Гэхдээ түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний аль алинд нь улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Энэ нь түүж, бэлтгэсэн самрынхаа нэг кг тутамд 3000 төгрөг төлнө. Зарим иргэн, аж ахуйн нэгж энэ татварыг өндөр байна гэж үзээд, зөвшөөрөлгүйгээр улсын хилээр 200 тн самар гаргасан тухай Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)