Хохирогчийг эмгэгтэй болтол нь бүү зовоогооч

Хүчирхийлэгчид хүчирхийллийн эсрэг “За” хэмээн толгойгоо унжуулах хэдий ч хэд нь гэмт үйлдлээ ухаардаг бол. Тэд орой үдшийн цагаар бусдын харцнаас нуугдан байж охид, эмэгтэйчүүдийг ангуучилдаг. Гэрэлгүй гудамж, талбай, камергүй булан тохой, хүний бараагүй хээр тал, эзэнгүй байр, сав тэдний хувьд гэмт хэрэг үйлдэх тохиромжтой газар нь болдог. Хүчингийн хэргийн тоо жилээс жилд өсөж буй ч, Монголын төр засаг үүнийг таслан зогсоох, бууруулах дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна. Хүний эрхийн үндэсний комисс 2017 онд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлдээ хүүхдийн хүчирхийлэл газар авсан талаар хөндөж, үүнийгээ УИХ-д өргөн барьсан. Гэвч УИХ уг илтгэлийг үл тоож, хэлэлцэх ёстой хуулийн хугацаагаа долоон сараар хэтрүүлсэн байдаг. Азгүй, золгүй хэргүүд ар араасаа хөврөх болсон тул УИХ-ын гишүүд арга буюу уг асуудалд анхаарлаа хандуулсан билээ. Тодруулбал, таван настай охин хойт эцэгтээ хүчиндүүлж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас найман настан сураггүй алга болж, энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхааралд орж, асуудал өндрөө авснаар 76 гишүүн дээрх илтгэлийг хэлэлцсэн удаатай.

Ингээд Засгийн газраас хохирсон хүүхдүүдэд зориулах төсвийг өмнө нь байгаагүйгээр нэмж 16 тэрбум төгрөг болголоо. ХНХЯ-ны дэргэд төрийн болон ТББ-ын төлөөлөл оролцуулсан хүүхэд хамгааллын сүлжээ байгуулж байв. Эрхэм түшээд дэлгэцээр “Хүүхэд хамгааллын багаа чадавхжуулна” хэмээн баахан ярьсан. Ярьсанаа ажил хэрэг болгох гэсэн алхмаа ямартай ч хийсэн. Тодруулбал, хүүхдийн хүчирхийлэл газар аваад өдий олон жил болсны дараа буюу өнгөрсөн оны зургадугаар сарын 6-нд УИХ 62 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолын хоёрдугаар хэсэгт гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд сэтгэл зүйн гүн хямралд орж, амиа хорлох, БЗХӨ тусахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн халдашгүй эрх чөлөөний талаар сургалт хийх, сэтгэл санааны хор хохирлыг тооцох аргачлал боловсруулж, хэрэгжүүлэх талаар оруулсан юм. Үүнээс гадна хохирогч хүүхдэд дэлхийн жишигт хүрсэн тусламж үйлчилгээ үзүүлэх, Хүүхдийн эрхийн, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, Зөрчлийн болон Эрүүгийн хуулийг олон нийтэд сурталчлахыг Засгийн газарт даалгасан юм. Яг үнэндээ энэ мэтээр хүчирхийллийн эсрэг баатрын дүрд хувирцгааж, баахан тогтоол, шийдвэр гаргаж, хэн, хэрхэн хэрэгжүүлэхийг хар дээр цагаанаар бичсэн ч ажил хэрэг болсон нь бага, үр дүнгээр маруухан байсаар 2020 онтой золголоо.

Нэг үеэ бодоход иргэд, хохирогчид хүчингийн хэргийг хууль хяналтынханд мэдээлдэг болсон. Харамсалтай нь, хэрэг болгоныг нэгбүрчлэн шалгаж, шүүхээр шийдвэрлэн, гэмтэнд тохирсон ял шийтгэл оноож чадахгүй байгааг график дээрх тооноос харж болно. Энэ нь хууль зүйн орчин хохирогчдод ээлгүй, иргэд энэ талын мэдлэг багатайн нэг илрэл гэлтэй. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд хохирогчийг буруутгадаг хуучин арга барилаасаа салаагүй гэх шүүмжлэл байсаар. Нэгэн хохирогч энэ талаар “Эрхээ хамгаалуулахаар цагдаагийн байгууллагад очсон. Гэтэл эсрэг хүйсийн байцаагч мэдүүлэг авлаа. Эрэгтэй байцаагчийн өрөөнд орсноос эхлээд байнгын дарамт, айдас, үзэн ядсан харц, доог тохууг мэдэрсэн. Надад энэ бүхэн үнэхээр хүнд туссан” хэмээн ярьжээ. Энэ мэтээр зарим байцаагч тусламж үзүүлэх, эрхийг нь хамгаалахаас илүүтэй хохирогчийг сайн дураараа тохиролцсон хэмээн гүтгэж, зандардаг гэх. Уг нь хохирогчид хэн ч байсан тусламж үзүүлэх ёстой, хуулиар хүлээсэн үүрэгтэй. Ялангуяа эрүүл мэнд, сэтгэл зүйн, нийгмийн болон хуулийн туслалцаа тэдэнд хэрэгтэй. 

Өөрөөр хэлбэл, хохирогч хэвийн болоход хуульчид болон сэтгэлзүйчдийн үзүүлэх тусламж чухал байдаг. Дэлхийн аль ч оронд хүчингийн хэрэг гардаг. Гэхдээ хохирогчид маш сайн тусламж үзүүлснээр тэд нийгэмд байр сууриа богино хугацаанд эзэлж чаддаг аж. Эргээд нийгмийн амьдралд орж, сурч, хөдөлмөр эрхэлж, бүр гэр бүл зохиодог юм байна. Харин бид хохирогчдыг дэмжиж, сэтгэлийн шархыг анихад нь тусалж чаддаг уу гэвэл үгүй. Ихэнх тохиолдолд охид зүрхэндээ шархтай, нүдэндээ нулимстай үлддэг. Эцэстээ зарим нь бие махбодын хүчирхийлэлд өртөөд зогсохгүй, сэтгэл санааны эмгэгтэй болж, амиа хорлосон тохиолдол ч бий. Ийм болохоор цагдаа, эмч нар хүчирхийллийн талаар бүрэн мэдлэгтэй, ойлгодог байх нь хамгаас чухал. Ингэснээр хохирогч сэтгэл зүйн хувьд хэвийн болох эхлэлийг зөв тавьж чадна. Өөр нэг шалтгаан нь бэлгийн хүчирхийлэлд өртөгсөд мэдүүлгээсээ буцдагтай холбоотой. Бүр ээж нь хүчирхийлэгчийг өмөөрч хэргийг нуудаг аж. Улмаар хүүхдээ хэн нэгэн айлд байлгах, цагдаа, хүний эрхийн байгууллагын ажилтнаас зугтаалгах арга хэмжээ л авдаг гэх. Сүүлдээ цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, өргөдлөө татан авч, хүчирхийлэгчийг батлан даалтад гаргахыг гуйдаг юм байх. “Зарим нь охиноо хохирсон дээр нь нэмж зодох, гэрээсээ хөөх, хичээлд нь явуулахгүй, бусадтай уулзуулахгүй байх зэргээр бүгдийг хүүхдийнхээ эсрэг хийдэг” хэмээн “Хүйсийн тэгш эрх” төвийн ажилтан ярьсан.

Ийм хандлагаас болоод зарим охин өөрт тохиолдсон явдлаа хүнд ярьдаггүй, сэтгэлзүйн маш хүнд цочролд ордог гэнэ. Хүчирхийллийн талаарх маш олон жишээ бий. Заримыг нь сургамж болгох үүднээс нэр, хаяг, гарсан газрыг нь өөрчлөн хүргэе.

Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцсэн Эрүүгийн 201301040... тоот хэргийн гэрчийн мэдүүлэг хэсэгт хохирогч “Гэрийнхээ хашааны том хаалгыг түлхтэл харанхуйгаас нэг хүн зөрөөд өнгөрөх шиг болсон. Гэнэт хэн нэгэн миний ороолтоос татан боож унагаад “Миний дур хүслийг хангаж өг” хэмээн хашаа мөргүүлж, үсдэж чирсэн. Хүүгийнхээ нэрийг дуудсан боловч “Орилох юм бол хутгална шүү” хэмээн дарамталж, үнс, угаадсаар дүүрсэн хогийн цэг дээр авчирсан. Хүчирхийлж байхдаа завжнаас хоёр гараараа зулгааж “Би шоронгоос гарсан хулгайч. Яахаас ч буцахгүй, ална шүү” хэмээж байсан” гэж ярьжээ. Ийм төрлийн хүчин хүний хөлөөс зайдуу харанхуй газар, мөн такси болон замын унаанд гардаг бөгөөд орой үдэш ганцаараа яваа нэгэн өртдөг. Зарим тохиолдолд зочид буудал, ажлын байр, сургууль дээр ч гардаг аж. Голдуу оройн цагаар үйлдэгддэг.

Мөн ураг төрлийн хүчин газар авсныг бид мэднэ. Орхон аймагт амьдардаг Б гэх эр төрсөн ах, бас эгчийнхээ охиныг долоон жил тасралтгүй хүчиндсэн байдаг. Эгчийнхээ охиныг зургаан настай байхаас нь хүчиндсэн бол дараагийн хохирогч төрсөн ахынх нь охин болсон. Энэ тухай ээж, аавдаа хэлбэл ална хэмээн сүрдүүлдэг байсан гэх. Шүүх гэмт хэрэгтэнд 19 жил хорих ял оноосон юм.

Айсандаа юу болоод байгааг ухаарч сэхээрээгүй хүүхдүүд энэ талаар хэнд ч хэлдэггүй. Тиймээс энэ байдал хэдэн жил ч үргэлжилж болдог. Ийм тохиолдолд хохирогчийг гадна байдал, биеэ авч яваа төлөвшлөөр нь мэдэж болно. Тэд өчүүхэн төдий зүйлд айж цочин, уурлаж, эсвэл баяр, гунигтай аль ч үед ер бусын тайван, сэтгэл хөдлөлөө гаргадаггүй гэнэ. Үүнийг нь манайхан өсвөр настай нь холбон ойлгоод төдийлөн анхаардаггүй байна.

Бас нэгэн жишээ дурдъя. 12-16 насны охидод зөв амьдрах ухааны талаар хичээл заадаг, тэднийг хорвоо ертөнцийн хамгийн хөөрхөн гүнж гэж итгүүлдэг “шидтэн” Баянзүрх дүүргийн захын гэр хороололд гэнэт гараад иржээ. Ихэвчлэн тарчиг амьдралтай айлын охидыг гэртээ авчирч, хооллож ундлан сургаал айлддаг тэрбээр нидэр дээрээ өмнө нь хүчингийн хэрэгт ял шийтгүүлж, шоронд долоон жил суугаад гарсан нэгэн байж. Гэтэл хяналт тавих ёстой цагдаагийн ажилтан ийм хүн хариуцдаг хороонд нь байсныг мэдээгүй гэнэ. Улмаар эл бузар этгээд бага насны 12 охиныг хүчирхийлсний дараа хэрэг ил болсон аж.

Хүчиндүүлсний дараа охид, эмэгтэйчүүд аймшигтай байдалд орох нь мэдээж. Айдаст автсан, цочролд орсон тэд ДОХ, БЗХӨ авсан болов уу, жирэмсэлсэн байх вий гэх мэтээр шаналдаг. Үүнээсээ болж гутран, дахиж энэ асуудлаар хэнтэй ч ярих хүсэлгүй болдог аж. Тэгвэл бид түүнд хэрхэн тусалж чадах вэ. Үнэндээ нийгмийн олонх хэсэг нь түүнээс юу асууж болох вэ, ямар тусламж хэрэгтэй вэ гэдгийг мэддэггүй нь дэндүү эмгэнэлтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)