Хотын өнгө үзэмж хувийн хэвшлийнхэнд л “хамаатай”

Хотын өнгө үзэмж, стандарт гэж сүүлийн үед их ярих болсон. “Өнгө үзэмж гутаасан сурталчилгааны самбарыг буулгалаа, ТҮЦ-үүдийг цэгцэлнэ, автобусны буудлуудыг стандартын дагуу шинэчилнэ, аж ахуйн нэгж байгууллагуудын хаягийг жигдрүүлнэ” гэж өдөр тутам мэдээлж, холбогдох байгууллагууд нь хувийн хэвшлийнхэнд арга хэмжээ авсаар байна. Гэтэл үүний зэрэгцээ бүтээн байгуулалт нэрээр татвар төлөгчдийн мөнгийг үрж, хотын өнгө үзэмжийг гутаадаг нөхөд ч байна. Хамгийн наад захын жишээ нь, хотын төвөөр байгуулсан нүхэн гарцууд. Өнгөрсөн хугацаанд нүхэн гарцуудад нийт хоёр тэрбум орчим төгрөг зарцуулжээ. Гэтэл нийслэлийн өнгө үзэмж, иргэдийн аюулгүй байдал, тав тухтай орчин бүрдүүлэх нүхэн гарц алга.

2009 он. Монгол Улсын Боловсролын их сургуулийн урд нүхэн гарц байгуулсан. Авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй тус байгууламжийг 562 сая төгрөгөөр босгожээ. Шинэдээ шил толь шиг гялалзаж байсан тус байгууламжийг ашиглалтад оруулаад 10 жил боллоо. Дорвитойхон гэрэлтүүлэггүйн дээр шатаар нь уруудахад л нийтийн жорлонгийн үнэр, арц хүжтэй холилдон хамар сэтлэх шахдаг талаар иргэд шүүмжилдэг. Уг нь яарч сандарсан үед үйлчлүүлчих жорлон ховор Улаанбаатарт байх ёстой газруудын нэг нь энэ мөн. Гэсэн ч агааржуулалтыг бүрэн шийдээгүйгээс тэр үү эвгүй үнэр нэвт шингэж, хурдхан гарахаас өөр аргагүй болгодог. Мөн дээврээс нь дусаал гоожиж, тааз нь шарлаад олон жил өнгөрлөө. Үүнд анхаарал хандуулж, тордож, тойлдог байгууллага алга. Мөн тэр хавиар өдөр, хоног өнгөрүүлдэг, “гудамжны” гэх тодотголтой иргэд согтуу хөлчүү орилж хашхичин, хүүхэд, эмэгтэйчүүдийг айлгах нь нөгөө “аюулгүй орчин бүрдүүлэх” гэх утгаасаа зөрөөд байх шиг. Нэг үгээр хэлэхэд, гудамжны хүмүүсийн орогнох байр болон хувирсан.

2012 он. Сүхбаатар дүүрэг, Сансарын нүхэн гарцыг ашиглалтад оруулав. 1.3 тэрбум төгрөгийн өртгөөр барьсан нүхэн гарцыг ашиглалтад оруулснаас эхлээд л шүүмжлэлийн бай болсон. Тэр хэсгийн авто замыг гурван сарын хугагацаатай хаахаар төлөвлөсөн ч бүтээн байгуулалт зун, намар гээд хоёр улирал дамнасан нь иргэдийг ихэд бухимдуулсан юм. Тухайн оны арванхоёрдугаар сард 85 хувийн гүйцэтгэлтэй ашиглалтад оруулсан ч тавхан сарын дараагаас 1.3 тэрбум төгрөг “залгисан” ажлынх нь чанар танигдаж эхэлсэн. Эргэн сануулахад, 2013 оны тавдугаар сарын 28-нд аадар бороо орсны улмаас нүхэн гарцын дээвэр цөмөрсөн юм. Үүнээс болж тус гарцын доогуур байрлуулсан, ойр орчмын айлуудын холбооны утас гэмтэж, хэдэн өдөр зам хааж, засварлаж байв. Түүнчлэн борооны ус зайлуулагчгүй, ашиглалтад оруулснаас хойш багагүй хугацаанд цахилгаанаа шийдвэрлээгүйгээс хэд хэдэн гэмт хэрэг гарсан.

2019.06. Манай улсын анхны нүхэн гарцыг 31 жилийн дараа шинэчилж, ашиглалтад оруулав. Техник, технологи хөгжсөн өнөө үед хийсэн бүтээн байгуулалт учраас иргэд орчин цагийн хийц, загвар хүлээж байв. Гэтэл хотын төвд шавар “амбаар” босгочихсон. Тус ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцсан бөгөөд нийт 130 сая төгрөг зарцуулжээ. Үүний 69 сая төгрөгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас, үлдсэнийг нь “Элит констракшн” компани гаргасан аж. Доторх нь өмнөх нүхэн гарцуудаас арай дээр, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолойтой, бага төсвөөр хийсэн ч гаднах өнгө үзэмжид нь анхаарахаа мартсан бололтой.

Сурталчилгааны самбар, ТҮЦ гээд нийслэлийн төвөөр дурайх өнгө үзэмж гутаасан зүйлсээ бүрэн цэгцэлж чадаагүй атал дахин нэгийг нэмлээ. Одоогоор ашиглалтад оруулаад удаагүй байгаа учир шавар дээр нялсан будаг нь өнгөлөг харагдаж байгаа байх. Нэг, хоёр жилийн дараагаас байгалийн үзэгдэл, сахилгагүйчүүдийн гараар хэрхэн өөрчлөгдөж, өнгө зүс нь гундахыг хэлж таашгүй. Тэр үед дахиад засвар, шинэчлэлийн ажил гэж улсын мөнгөнөөс хумслахыг үгүйсгэхгүй.

Түүнчлэн өнгөрсөн сард III, IV хорооллын төв зам буюу Л.Энэбишийн өргөн чөлөөнд юу нь мэдэгдэхгүй дөрвөлжин төмөр байгууламж босгосон нь иргэдийг эргэлзэхэд хүргээд байна. Дараалуулан босгосон төмрүүд замаар гарч буй иргэдийг нар, салхи, борооноос хамгаалахгүй нь мэдээж. Чухам ямар учиртайг нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас тодруулахад “Нийслэлийн ЗДТГ-аас хийсэн ажил биш. Тухайн дүүргээс санаачилсан” гэв. Баянгол дүүрэг энэ онд нэг тэрбум төгрөгөөр тохижилтын 33 ажил хийж буйн нэг нь явган хүний гарц дагуух төмөр байгууламж аж. Шөнө, оройн цагаар иргэд зам, тээврийн осолд өртөх нь элбэг учраас явган хүний гарцыг ийнхүү тодотгосон хэмээн өөрсдөө тайлбарласан. Мөн босгосон төмөр байгууламж нь шөнийн цагаар гэрэлтэх юм гэсэн. Гэтэл тэд хотын өнгө үзэмж гэдэг зүйлийг мартчихсан бололтой.

Гадаадын хөгжилтэй орнууд хотоо хөгжүүлэхдээ булан, тохой бүрийг төлөвлөж, өнгө үзэмжээ хадгалдаг. Гэтэл манайд тийм жишгийн “үнэр” ч алга. Уг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага зэрэг сүржин нэртэй баримт бичиг бий. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд хийж буй бүтээн байгуулалтын ажил нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраар шалгуулж, батлуулж байж эхлэх ёстой. Баянгол дүүргийн ЗДТГ-ын төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Ө.Мөнхчулуун “Журмын дагуу холбогдох байгууллагуудаар батлуулсан зургаар хийсэн ажил” хэмээн хэнэггүйхэн тайлбарласан юм. Гэтэл нийслэлийн Хот төлөвлөлтийн хэлтсийнхэн “Томоохон авто зам болон тэдгээрийн уулзвар, хороолол төлөвлөгөөнд тусгагддаг. Харин нүхэн болон явган хүний гарц зэрэг тохижилтын бүтээн байгуулалтыг төлөвлөдөггүй. Баянгол дүүрэгт хийж буй бүтээн байгуулалтын зургийг манайх батлаагүй” гэв. Энэ мэт хотын өнгө үзэмжид нөлөөлөх бүтээн байгуулалтыг хотын удирдлага төлөвлөдөггүй аж. Тиймээс хэн хүссэн нь дуртай газартаа “бүтээн байгуулалт” хийхэд гайхах зүйлгүй бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)