Хотын шинэхэн мэрийн САНАЛ ашиг сонирхлын зөрчилтэй юу?

Улаанбаатар хотын шинэ мэр С.Амарсайхан өнөөдөр болсон Нийслэлийн засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр “Архигүй орчин амьдралын зөв хэвшил” уриалгыг гаргалаа. Энэ үеэр тэрбээр "Баар, ресторан, шөнийн цэнгээний газруудыг зэрэглэл ангилалаас нь хамаарч ажиллах цагийн хуваарийг нь тогтоох тухай саналаа холбогдох байгууллагууд оруулж ирэх хэрэгтэй. Нийтээр нь хавтгайруулан өглөөний 04.00 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл олгодог байдлыг эргэж харах ёстой" гэлээ.

Архидалтаар дүүрсэн шөнийн гэрэлт гудамжны үйл ажиллагааг зогсооно гэж хэлээд олон түмэнд сайшаагдсан тэрбээр өнөөдрийн хуралдаанаар тэртээ дөрвөн жилийн өмнөх Э.Бат-Үүл даргын шийдвэрийг эргэж харсан нь зарим нэг талаараа хардалт төрүүлэв.

Хэдэн жилийн өмнөөс Зайсангийн газрын маргаанд олон удаа нэр холбогдсоор ирсэн шинэ хотын даргын дээрх байр суурь угтаа бол өөрийнх нь хувийн ашиг сонирхолтой холбоотой байж болохыг үгүйсгэхгүй гэх хардлага ч бий. Учир нь тэрбээр Зайсангийн бурхантай хөшөөний зүүн талд байрлах нүсэр том "Зайсан хилл комплекс" доторх "EON" гэх шөнийн цэнгээний газрыг эзэмшдэг гэх яриа бий. Мөн тэрбээр шөнийн цэнгээний газруудын зэрэглэлээс хамааран ажиллуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Түүний хувьдаа эзэмшдэг "EON" гэх цэнгээний газар өглөөний 04:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зэрэглэл өндөртэй газар.

Нэг талаас нь дүгнэхэд тэрбээр өөрийн хувийн бизнесийнхээ эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахыг зэхэж байгааг үгүйсгэхийн аргагүй юм.

Монголчууд эртнээс “өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг бүү хар” гэж сургасаар ирсэн. Тэгвэл шинэхэн дарга маань юуны түрүүнд өөрийнхөө хувийн цэнгээний газрын үйл ажиллагааг зохицуулж, дараа нь ийм санал дэвшүүлвэл бусдад илүү үлгэр дуурайлал болох болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)