Хотын хамгийн үнэтэй газрыг үнэ цохиж авсан АБДУЛ КАРИМЫГ ХЭН САНХҮҮЖҮҮЛЭВ

Нийслэлийн өнгө төрхийг гутааж байсан нэгэн балгасыг газрынх нь хамт өчигдөр дуудлагаар худалдаж, хотын төсөвт 24 тэрбум төгрөг оруулахаар боллоо. Хотын төвийн А зэрэглэлийн бүс, тэр дундаа төв талбайн хажуу дахь хуучнаар Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн нурсан барилгыг газрынх нь хамт ийм үнэд хүргэсэн нь сайн хэрэг.

Нэгэн цагт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг дүү, найзынх нь хамт хэрэгтний ширээнд суулгаж байсан “Улаанбаатар таймс” сонины газар, хэвлэх үйлдвэрийн энэ байрны хувьчлалыг хууль бус, хуудуутай болсон хэмээн нийслэл өмчдөө буцаан аваад байсан юм.

Уг барилга, газрыг иран угсаатай, Монгол Улсын иргэн болсон Абдул Карим хэмээх эр 24 тэрбумаар худалдаж авлаа. Дуудлага худалдаанд Капитрон банк, “Таван Богд” групп, “Блюмон” компани, иргэн В.Энхбаатар, Б.Батнягт, З.Пүрэв-Очир, Б.Отгонжаргал, Р.Мандах, Адбул Карим гэсэн есөн өрсөлдөгч үнэ хаялцах саналаа илэрхийлж, материалаа Нийслэлийн өмч хувьчлах комисст хүргүүлсэн юм билээ.

Тэдний дундаас “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Абдул Карим, иргэн Б.Отгонжаргал нарын хооронд өрсөлдөөн хүчтэй өрнөсөн аж. Уг нь энэ өдөр дээрх барилга, газраас гадна “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжууд, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хуучин барилга, тус дүүргийн 13 дугаар хороо буюу Өлзийт тосгоны дэд станц, уурын зуухны дуусаагүй барилгыг худалдахаар зарласан ч борлуулж барсангүй. Учрыг нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тодруулгаас дэлгэрүүлээрэй.

Энэ 24 тэрбум төгрөгөөр юу хийж болохыг уншигч та бүхэн доорх инфографик мэдээллээс харж болно.


Харин тэнд ямар барилга барих талаараа Абдул Карим “Хотын төвийн маш үнэтэй газрыг худалдаж авсандаа их баяртай байна. Чингисийн талбайн хажууд гэрэлт цамхаг босгоно. Харин юу гэж нэрлэхээ хараахан шийдээгүй” гэж байгаа юм.

Юутай ч хэдэн жил зар сурталчилгааны самбаран хөшигтэй байсан энэ балгасыг өөд нь татах эзэнтэй болсон нь сайн хэрэг. Гэхдээ хувьчилж авсан хүн нь Иранаас Монгол Улсад цагаачилсан хүн болохоор иргэдийн дунд хардлага төрүүлээд байна.

Үндсэн хуульд хүнийг гарал угсаа, яс үндэс, шашин шүтлэгээр нь ялгаварлахыг хориглож буй ч энэ хувьчлалд түүнийг оролцуулах эрх зүйн үндэс байсан уу гэдэгт эргэлзэх хүн ч олны дунд байна.

Абдул Карим Монгол Улсын иргэн албан ёсоор болсон болохоор унаган иргэдийн адил эрх эдлэх нь хууль ёсны хэрэг. Тийм ч учраас энэ дуудлага худалдаанд оролцсон аж. Гэхдээ Абдултай хамтарч ажилладаг шонхрын наймаачид нь “хэний мөнгөөр энэ газрыг авчихав” гэлцэж байна.

      АБДУЛ КАРИМ ГЭЖ ХЭН БЭ

24 тэрбумаар хотын төвийн хамгийн үнэтэй газрын худалдаж авсан Монгол Улсын иргэн Абдул Карим гэж хэн болохыг бид олон эх сурвалжаас тодрууллаа. Тэрбээр 1958 онд Иран улсад төрсөн, гурав хоногийн дараа 57 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх нэгэн.

Монгол Улсад 20 гаруй жил амьдарч буй ч, 2007 онд гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар Монгол Улсын харьяатад оржээ. Түүнийг 20 гаруй жил Монголд амьдарч байгааг нь нотлох баримт гэвэл 1997 онд Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, жолоо барих эрхээ хасуулж байсан зөрчил.

Шүүхэд ч бас иргэнийхээ журмаар дуудагдаж байсан удаатай. 2014 онд нэгэн хувийн компанитай байгуулсан гэрээ нь маргаан дагуулж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гаргаж байсан гэх мэдээлэл байна.

Баян-Өлгий аймгийн иргэн Д гэх хүний охинтой гэр бүл болсон тухай мэдээлэл байгаа ч, албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Эдүгээ Абдул Баянгол дүүргийн I хороонд амьдардаг гэнэ. Тэрбээр арабуудад шонхор барихад нь тусалж газарчлан явдаг болохыг тийм ажил хийдэг монголчууд хэлэх юм билээ. Тэгэхдээ ийм их өндөр үнэтэй газар авч байгааг нь ихэд гайхширч байсан.

Түүгээр ч зогсохгүй “Катарын Батлан хамгаалах яамныхны шонхор барих ажилд нь гар хөлийн үзүүрт зарагддаг, монгол хэлтэй хүн. Катарынхан хөрөнгө оруулж уг газрыг авсан ч байж болзошгүйӨнөөдөр Катараас олон хүн ирж байгаа” хэмээн шонхрын бизнес эрхлэгчид ярилцаж байхыг хүмүүс сонссоноо бидэнд ярив. Эдгээр мэдээллүүд үнэнд хэр ойрыг цаг хугацаа харуулах биз.

Юутай ч шонхор барихаар ирсэн арабуудтай холбоотой нэгэн эр хотын А зэрэглэлийн хамгийн үнэтэй газрыг худалдаж авсан талаар хууль хяналтын байгууллагынхан ч баталж байгаа юм.

Нэг хэсэг нь Катарын баячууд авч байна гэж ярьж байгаа бол өөр нэг хэсэг нь “Монголчууд түүгээр халхавчлан авч байж болзошгүй. Дуудлага худалдааны дараа Кёкүшюүзан Д.Батбаяр Абдул Каримтай хамт гарч явсныг харсан хүмүүс байна” гэлцэв.

-Ш.Төмөрбаатар: Дэнчингийн 715 сая төгрөгөө байршуулсан дотоодын

иргэд дуудлага худалдаанд оролцох эрхтэй –

Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг зарах дуудлага худалдааны товыг өнгөрсөн аравдугаар сард зарлаж, нээлттэй худалдааг өчигдөр зохион байгууллаа.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас тус барилгын анхны үнийг долоон тэрбум 155 сая төгрөгөөс эхлүүлсэн. Үүнд үнэлгээний таван сая төгрөг оржээ. “Таван богд” группийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан тус барилгыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр худалдан авах санал гаргасан боловч Монгол Улсын иргэншилтэй Абдул Карим барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авлаа.

Дуудлага худалдааны талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас тодруулав.

-Нээлттэй дуудлага худалдаагаар дөрвөн объект худалдах байсан ч нэгийг нь л худалдсаны учир юу юм бол?

-“Автобус-3” НӨҮГ, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хуучин барилга зэрэг дөрвөн объектийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах байсан ч хэвлэх үйлдвэрийн барилгаас бусдад нь санал ирүүлээгүй. Тиймээс өнөөдөр (өчигдөр) нэг барилгыг л нээлттэй худалдлаа.

-Барилгыг гадаадын иргэн авав уу, Монголынх уу?

-Тэр хүн Монгол Улсын иргэншилтэй. Хэзээ манай улсын иргэн болсныг нь бид мэдэхгүй. Дэнчингийн 715 сая төгрөгөө байршуулсан дотоодын иргэд дуудлага худалдаанд оролцох эрхтэй байдаг. Ер нь бол дуудлага худалдаа журмын дагуу л явагдсан.

-Барилга худалдан авсан үнийг хэзээ төлөх вэ?

-Хуульд дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө гэж заасан. Үүний дагуу тухайн барилгыг худалдан авсан хүн дээрх хугацаанд төлбөрөө төлөх ёстой.

Долоон тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдлаа. Энэ бол нийслэлийн төсвийн дарамтыг бага ч гэсэн хөнгөлж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан хэвлэх үйлдвэрийн барилгын суурин дээр өөр барилга барьж болох эсэх талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын албаны хүнээс тодруулахад “Тухайн газрыг ямар зориулалттай эзэмшүүлсэн, тэр зориулалтаар л эзэмших ёстой” гэв.

Гэхдээ тухайн газар дээр ямар зориулалттай барилга барих нь өмч худалдан авсан хүний эрхийн асуудал. Ямартай ч 12 давхраас өндөргүй барилга барьж болох аж.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)