Бямбажав: Хотын дарга “Алгын чинээ амбаар”-ыг минь гадаадын том супермаркеттай жишиж, амьдралгүй шийдвэр гаргалаа

Хотын дарга хүнс, хүнсний ногоог шөнөөр тээвэрлэх захирамж гаргасан. Үүний дагуу уржигдраас аж ахуйн нэгж, байгууллага, дэлгүүрүүд шөнө дүлээр бараагаа хүлээн авч эхэллээ. Хотын дарга Д.Сумъяабазар гаргасан захирамжийнхаа талаар “Хөл хорионы үед замын хөдөлгөөний урсгалыг багасгаж, автомашины түгжрэл бууруулах зорилготой” хэмээн тайлбарлана билээ. Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр үүнийг нь дэмжиж “Олон улсын жишиг нэвтрүүлж байхад аятайхан бай, та нар” гэх ухааны үг унагасан. Үнэндээ олон улсын сайн туршлага байлаа ч манай улсад тохирох уу, үгүй юү гэдгээ эхлээд судлах ёстой байв. Харин манай дарга нар тэгсэнгүй, цар тахлаар далайлган захирамж гаргаж, шууд хэрэгжүүлж орхилоо. Хэрээ галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэгчээр бэлтгэл ажлаа ч базаалгүй, дэлгүүрийн эзэд, иргэдийн санал бодлыг сонсолгүй, урьдчилан зохион байгуулалтгүйгээр бараа бүтээгдэхүүнийг шөнө албан хүчээр түгээж эхэлсэнд бичил бизнес эрхлэгчид, дэлгүүрийн эзэд бухимдаж байна.  Тодруулбал, Чингэлтэй дүүргийн VIII хороо буюу ЭХЭМҮТ-ийн орчимд дэлгүүр ажиллуулдаг О урд шөнө дөрвөн удаа бараа хүлээн авсан аж. Эхлээд 00.00 цагийн орчим бууз, банш, котлет зэрэг махан бүтээгдэхүүний хүргэлт иржээ. Үүний дараа хүүхдийн живх, саван, гар ариутгагч, ариун цэврийн цаас зэрэг ахуйн хэрэглээний бараагаа хүлээн авсан байна. Ахиад хоёр цагийн дараа сүү, сүүн бүтээгдэхүүн хүлээн авсан бол үүрийн 05.00 цагт “Талх чихэр”-ийнхэн бүтээгдэхүүнээ хүргэж иржээ. Шөнөжин нойргүй байж, бараа бүтээгдэхүүнээ ширхэг ширхгээр нь тоолж авсан О одоо дэлгүүртээ ажиллаж буй. Ядарч туйлдахын дээр нүд нь анилдаж, дархлаа унаж буйгаа тэр хэлсэн. Хамгийн гол нь О энэ эрчээрээ хэдэн өдөр ажиллах юм бол эрүүл мэндээрээ хохирч, бизнес нь эрсдэлд орох нь хэнд ч ойлгомжтой. Томоохон супермаркетууд ээлжийн ажилтантай. Харин хүнсний жижиг дэлгүүрүүдийн ихэнх нь түрээслэгчид бөгөөд ээлжийн ажилтангүй байдаг. Өөрөөр хэлбэл, тэд дэлгүүрээ бор зүрхээрээ ажиллуулдаг. Тиймээс жижиг аж ахуйн нэгжид ээлгүй энэ мэт шийдвэрээ эргэж харна уу хэмээх үгийг тэдгээр бичил бизнес эрхлэгчид хотын даргад дайсан. Үүнээс гадна “Бичил бизнес эрхлэгчдээ золин байж хотын түгжрэлийг буруулах гэсэн нь муйхар хэрэг. Монголын нөхцөлд шөнөөр түгээлт хийлээ гээд автомашины түгжрэл дорвитой буурахгүйг ч мэргэжилтнүүд хэлж буй. Дээрх эмэгтэйд тохиолдсон бэрхшээл найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг хүнд бүрд тохиолдож буй нь лавтай. Учир нь нэг бус, нэлээд хүн unuudur.mn сайт руу хандаж, өөрт тохиолдсон бэрхшээлээ хэлж, хотын даргаас илүү бодитой шийдэл хүлээж буйгаа илэрхийлсэн юм. Манай сайтын уншигчдын бас нэгэн төлөөлөл болох Бямбажав бидэнд хандаж тодорхой санал хэлсэн юм. Тэрбээр насаараа худалдааны байгууллагад ажилласан нэгэн. Үр хүүхдүүд нь түүний мэргэжлийг өвлөн авч, өдгөө хүнсний дэлгүүр ажиллуулж буй. Иргэн Бямбажавтай ярилцсанаа хүргэе ээ.

-Та хаана дэлгүүр ажиллуулдаг вэ?

-Би хүүхдүүдтэйгээ хамт Долоон буудлын эцэст хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Хотын даргын захирамж гаргасны цаад далд санаа нь том сүлжээ дэлгүүрүүдийг хотын захад гаргаж, бичил бизнес эрхлэгчдийн зах зээлийг хумих гэсэн үйлдэл. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын Оргил сүлжээ дэлгүүр, "Номинхолдинг", гадаадынхны сүлжээ дэлгүүрийг тэлэх гэсэн бодлого. Эдгээр дэлгүүрийн эзэд зах зээлээ тэлж, аль бололцоотой, ашигтай талбайтай, олон хүн төвлөрсөн газруудыг өндөр үнэ хэлж авдаг. Улмаар дэлгүүр барьж бидний боломжийг хумьдаг.

-Шөнө түгээлтээр ямар компанийнхан голдуу ирж байна вэ?

-Хүнс үйлдвэрлэгч жижиг компаниудаа ч бодмоор юм. Шөнө бол Х.Баттулгын том том компаниуд л хүргэлтээр явах боломжтой. Бусдад нь түгээлт хийхэд мөн л хүндрэл учирна. Ядарсан даарсан хүмүүс л ирж ачаа буулгаж байна.

-Өөр ямар бэрхшээл гарч байна вэ?

-Эмэгтэйчүүд голдуу дэлгүүрт суудаг. Жижиг дэлгүүрт тулгардаг гол асуудал нь хүн хүч муу байдаг. Охид хүүхнүүд хар шөнөөр ажиллаж, бараа хүлээж авах хэцүү шүү дээ. Эргээд өдөр нь ажиллана. Тэгээд ч гэртээ харьж чадахгүй шөнөжин дэлгүүр сахиж суух юм уу. Бид төрөөс юу ч гуйгаагүй, томчуудад дарамт болоогүй. Өөрсдийн үр хүүхдийн төлөө л ажиллаж байна. Д.Сумъяабазар үнэхээр хэцүү шийдвэр гаргах юм байна. Бидний алгын чинээ амбаарыг гадаадын том том супермаркеттай харьцуулаад амьдралгүй шийдвэр гаргасанд нь харамсаж байна. 

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны иргэдээс ч бидэнд хандсан. Тус хороонд  дэлгүүр ажиллуулдаг иргэн Ч  “Гэр хол учир шөнө дэлгүүрт очиж бараа татахад хүндрэлтэй байна. Өчигдөр харилгүй, бараа ирэхийг хүлээж, дэлгүүр дээр суугаагаарай хонолоо. Уржигдар 00.00 цаг хүртэл хүлээгээд өндөг, хиам л авсан. Тэгээд харих санаатай дэлгүүрээсээ гарсан цагдаа нар нь явуулахгүй байсан. Дэлгүүрийн бичиг, зөвшөөрлөө үзүүлээд ч гаргахгүй байна. Арга ядаад машинаа тавиад харанхуй шөнө алхсан. Өчигдөр халтиргаа гулгаа ихтэй гээд зарим бараа ирээгүй. Одоо талх, боорцоггүй сууж байна” хэмээсэн. Хотын даргын гаргасан захирамж энэ мэтээр өдөржин завгүй ажилласан иргэдийн орой нь хүүхдүүдээ гаргах жаахан цагаас нь хулгайлж орхив.

  Мөн шөнөөр түгээлт хийж буй жолооч нар ч үзэгдэх орчин муу, халтиргаа гулгаатай нөхцөлд тээвэр хийх нь эрсдэлтэй байгааг учирлаж байв. Тухайлбал иргэн Т “Сайн байна уу. Манайх хүнсний түгээлтийн компани байгаа юм. Манайд шөнийн цагаар ажиллах жолооч олдохгүй байна. Мөн шөнийн ээлжийн ажилтнуудын ажлыг хянах боломжгүй нөхцөл үүссэн. Тэгээд  ч шөнө жолоо барихад нойр дутуу, осол аваар гаргах эрсдэлтэй. Зарим дэлгүүрийн эзэд ч шөнө бараа авах няравгүй. Хүн нэмж  цалинжуулах боломжгүй тул  бараа авахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ нь хүнсний тасалдал үүсгэж мэдэхээр байна. Тиймээс хотын дарга эл шийдвэрээ эргэж хараасай хэмээн хүсье” хэмээн саналаа ирүүлжээ. Дэлгүүрийнхэн өдөр 10-13 удаа бараа татдаг юм байна. Харин шөнийн цагаар ихдээ 4-5 удаа бараа хүлээн авч байгаа аж. Мөн сүүлийн хоёр өдөр нойргүй хоносон гэх иргэд цөөнгүй хандлаа. Үнэндээ том супермаркет руу хэдэн буудал дамжин явж, бараагаа авч чадахгүй захын хорооллын иргэдэд найман нэрийн хүнсний дэлгүүрийнхэн л барааг нь ойртуулан өгдөг. Гэтэл төр дээрх мэт харалган захирамж гаргаж, тэднийг гарыг хумьж, боломжийг үгүй хийж эхэлжээ. Тиймээс хүнсний дэлгүүрийн эзэд хөл хорионы үед дэлгүүрээ хаах байх талаар ярилцаж эхэлсэн байна. Зарим нь хэсэг нь хүчээ нэгтгэн сүлжээ дэлгүүр болох төсөлд хамрагдаж тухай ярьцгааж байна. Зарим түрээслэгч нар гэрээсээ дэлгүүртээ очиж бараагаа хүлээж авч чадахгүй байгаа учир зохиомол хомстол үүсэж буйг учирласан. Ямартай ч хотын даргын гаргасан эл захирамж түгээлтийн компанийнханд ч, үйлдвэрлэгч нарт ч, дэлгүүрийн эздэд ч тээг садаа боллоо. Тиймээс дэлгүүрийнхэн бухимдаж хотын удирдлагыг өөрсдийг нь түгээлтэд явж, бараа хүлээн авч, дэлгүүрт сууж гаргасан шийдвэр нь хөрсөн дээр буусан, эсэхийг биеэрээ шалгаасай хэмээн хүсэж байна.