Хотын дарга нойр хоолоо хасан байж түгжрэл, бөөгнөрөл үүсгэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр 07.00-10.00, 17.00-20.00 цагаас бусад үед нийтийн тээвэр болон явган зорчигч, тэр ч бүү хэл албаны таних тэмдэгтэй машинуудыг явуулахгүй гэдгээ мэдэгдэв. Сэтгүүлчид ч сөргүүлээд “Тодорхой цагт албаныхан, бараа бүтээгдэхүүн тээвэрлэгчид нийтээрээ хөдөлгөөнд оролцоно гэхээр бөөгнөрөл үүсэхгүй юу” гэх зүй ёсны асуулт тавьсан. Хариуд нь Д.Сумъяабазар “Та бүхний төлөө нойр хоолоо хасан ажиллаж байна” гэх утгатай үг чулуудаж, бас болоогүй араас нь “Бүр илүү чангатгаж чадна” гэж сүрдүүлсэн. Гэхдээ цагийн хязгаарлалттай явах таны “мэргэн” шийдвэрийн үр дүнд хавийн хүмүүс тэвдэж, автомашинууд түгжирч, хүнсний дэлгүүрүүд хоосорч байна. Сонгогдсон дүүргийнхнээ голж, шилж, УИХ-ын гишүүний сэнтийгээ чамлаж, баалан байж хотын дарга болсон та. Ажил хийж, хотыг хөгжүүлэхийн тулд мэр болсон байлтай. Хотынхон тэгж ойлгож, үнэн гэж итгэсэн болохоор л хор найруулан байж хотын мэр болсон таныг чимээгүй хүлээж авсан юм шүү дээ. Түүнээс биш хотын иргэд таныг сонгоогүй, саналаа өгөөгүй. Гэтэл цар тахал дэгдээд буй хүнд цаг үед хотыг хэрхэн авч явах вэ гэдэг том сорилын өмнө ирснээ ойлгохгүй байгаа бололтой, “бөх” дарга маань. Ар араасаа гарах шийдвэрүүд нь нөхцөл байдлыг улам дордуулж, түгжрэл, бөөгнөрөл үүсгэхээс хэтрэхгүй байна.  Улаанбаатар хотын захирагч орой нь автомашинуудад тусгай зөвшөөрөл өгнө гэчихээд өглөө нь өгөхөө болилоо гэсэн. Харин түүний олгоогүй гэх тамга тэмдэг бүхий тусгай зөвшөөрлүүд хаа сайгүй тарчихсан явна билээ. Үр дүнд нь нийслэлд 17.00-21.00 цагт түгжрэл үүссэн. Мөн цар тахал тулаад ирчихсэн энэ цаг үед бөөгнөрөл үүсгэхгүй гэсэн атал Хангарьд ордны гадна хүмүүс цугларчихсан, автомашинаар зорчих тусгай зөвшөөрөл авна хэмээгээд уртаас урт дараалалд зогссон дүр зураг цахим орчинд хаа сайгүй л тархсан. Тэгтэл тийм шийдвэр гаргана хэмээн ярьж байсан хүн нь “Би биш ээ, тамга тэмдэгтэй тусгай зөвшөөрөл хаанаас ч юм гараад ирэв ээ” гэх маягтай мэдэн будилаад л суусан. Түүгээр зогсохгүй араас нь залгуулаад нийтийн тээврийнхний ажиллах цагийг хумина гэдгээ хэлсэн. Тэр шийдвэртээ сэтгүүлчдийг хавчуулаад хөл, хөдөлгөөнийг нь хорихыг хүссэн. Санасандаа ч хүрсэн, том дарга. Өнөөдөр бас тэр хүн өөр нэг захирамж гаргажээ. Хүнсний ногоог шөнөөр зөөвөрлөх юм гэнэ. Эл захирамж магадгүй хүнсний хомсдолыг зохиомлоор үүсгэх байх гэж зарим эдийн засагч хэллээ. Мөн импортлогч аж ахуйн нэгжүүдээ улам хүндрүүлнэ гэж үзэх нэгэн ч байна. Хотын даргын уг захирамжид “Цагийн хязгаарлалтыг өөрчилсөнтэй холбогдуулан хүнсний үйлдвэрлэл, худалдаа (хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл) эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагууд бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлтийг шөнийн 22.00-06.00 цагийн хооронд зохион байгуулж ажилласугай” гэжээ. Худалдааны төвүүд, хүнсний захууд өчигдөр, өнөөдөр ажилласан нэр төдий байгаа бөгөөд өдрийн хугас хүрэлгүй хааж байгаа. Хүнсний дэлгүүрүүд ч 20.00 цаг болов уу, үгүй юу үүдээ барьж эхэлсэн. Өдөртөө бүтэн ажиллахгүй заасан цаг хязгаарт баригдаад хагас дутуу үүдээ нээж байгаа гэсэн үг. Хөл хорионд орж гэртээ суусаар хүнс нь дууссан иргэд зөвшөөрсөн цаг болж, дэлгүүр нээхтэй зэрэг бөөгнөрөл үүсгэж буй. Тэгээд ч дэлгүүрийнхэн шөнөжин ногоогоо хүлээж нойргүй хоночихоод өдөр яаж ажиллах болж байна аа. Угаас хүнсний захын эзэд, аж ахуйн нэгж, байгууллагын захирлууд “Хоногийн насгүй захирамж гаргалаа” хэмээн бухимдацгааж байна. Гаргасан шийдвэр, захирамж тань энэ мэтээр иргэдэд ээлгүй байгаа тул их хотынхон эргэлзэж эхлэх шиг боллоо, танд. Цар тахлын хүнд хэцүү үед хол явах зөв менежмент хэрэгжүүлж, жинхэнэ удирдагч гэдгээ харуулж чадсангүй, та. Тэгсэн атлаа нийтийн автобуснуудыг ариутгаж, лого санамж нааж, хяналт шалгалт хийх ажлыг зохион байгууллаа, өдөр, шөнөгүй нойр хоолгүй ажиллалаа хэмээн ялархаад байгаа тань дэндүү инээдтэй хэрэг. Нойр хоолгүй ажиллалаа гээд гаргасан шийдвэр тань их хотын иргэдийг ахуй амьдралд нэмэр, бус нэрмээс болж буй. Сонгоогүй байхад ирсэн шигээ сайн дураараа явж болно шүү, хотын дарга аа. Тэгээд ард иргэд таныг амраахаар гарын үсгээ цуглуулаад эхэлснийг энэ ташрамд давхар дуулгая. Учир нь хотын дарга хийнэ гэдэг бөхийн бэлтгэлд гардаг шигээ нойр, хоолтой амар жимэр газар бараадаж дасгал хийхтэй адил зүйл огтоос биш. Улаанбаатар бол метрополис хот. Метрополис хот гэж тухайн үндэстнийхээ хүн ам, эдийн засаг, шинжлэх ухааны дэвшил, сэтгэхүйн хэмжээс, соёлын чиг хандлагын төв цэг болсон саяас дээш хүн амтай соёлт хотыг хэлнэ. 381 жилийн түүхтэй хоёр сая хол давсан хүн амтай метрополис хотын амлаж авна гэдэг амархан зоолдог боорцог биш  гэдгийг энэ өдрүүдэд ойлгож, илүү сайн ажиллах байсан юм. Тэгээд ч ялархаж, ярвайна гэдэг сайн засаглалын шинж биш гэдгийг төрийн өндөр албанд хэдэн жил зүтгэсэн та хэнээр ч хэлүүлэлтгүй мэдмээр сэн.