Хотын гудамжинд каннабис тарьж, хориход байгаа найз руугаа хар тамхи зөөж байна

Мансуурлын далайд залуус маань живчихээд байгааг хүлээн зөвшөөрөх цаг нэгэнт болжээ. Манайхан зах зээлийн нийгэмд шилжсэний дараахан архин далайд хөл алдан, тухайн үедээ алдар нэртэй явсан олон ч хүн амь нас, эрүүл мэндээ зольж байв. Тэгвэл өнөөдөр архинаас 50-60 дахин хүчтэй, донтуулах, дасал үүсгэх, хамааралтай болгох, дахиж хэрэглэмээр санагдуулах хар тамхи гэгчид 17-35 насны залуус дурлаж байна.

Барын зулзагыг бага дээр нь дарж чадалгүй, хэрэггүй шахам зүйлд төр мөнгөө зарцуулснаас эх орны ирээдүйн эздийн заримынх нь амьдрал харанхуй нүхэнд орж эхэлжээ. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ш.Лхагвасүрэн манай сонины “Дугаарын онцлох сэдэв” буланд байр сууриа илэрхийлэхдээ “Мансууруулах бодис хэрэглэгч жил ирэх тусам нэмэгдэж байна. Жилд 30 гаруй мянган хүн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэдэг гэсэн судалгааг манай төв гаргасан. Гэхдээ энэ нь баталгаатай тоо биш. Учир нь манай улсад энэ талаар хийсэн үндэсний хэмжээний судалгаа байхгүй” гэж ярьсан. Өөр нэг байгууллагаас хийсэн судалгаагаар 64 мянган хүн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн тоо бас байдаг юм билээ.

Нэг хэсэг манай иргэдээр харийнхан хар тамхи зөөлгөж байсан бол өдгөө хямд үнээр “мөс” нийлүүлэн донтуулж байна. Эрүүгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нөхөд хар тамхи хэрэглэчихээд цагдаагийнхны өөдөөс заазуур бариад дайрсан. Хэрэгт холбогдсон хүний гэм буруутай, эсэхийг нь нотолж, шүүх хуралд төрийн нэрийн өмнөөс оролцох ёстой прокурор хүн “цагаан тахал”-ын хэрэглэгч болчихоод, хавтаст хэрэг нуун дарагдуулж, эцэс сүүлдээ хэргээ завааруулах болов.

Энэ мэтээр “цагаан тахал”-д сайхан залуус идэгдэж дууслаа. Хар тамхины хэрэгт манай урлагийн од гэх залуус, хамтлаг, дуучид холбогдон шалгуулж, шүүхээр ял шийтгүүлж байсан 2006-2007 оны үеэс хатуу бодлогоор тэмцэж чадсан бол, тухайн үеэс л шинжлэх ухааны ололтыг амьдралд нэвтрүүлэх арга хэмжээ авч, донтогчдыг эмчилж эхэлсэн бол ингэж олноороо “цагаан тахал”-ын дайрлагад өртөхгүй байсан нь лавтай.

Өнөөдөр манайд хар тамхитай тэмцэх нэгдсэн бодлого алга, хил, гааль, тагнуул цагдаагийнхан хэрхэн ажиллах, ерөнхий боловсролын сургуульд түүнээс урьдчилан сэргийлэх хичээл орох хуулийн заалт байдаг ч БСШУСЯ нь тэр талаар ганц ч үг ган хийдэггүй, шүүх, шүүгч нар нь мансууруулах бодистой холбоотой хэргийг хэрхэн шийдэх талаар нэгдсэн ойлголт байдаггүй гээд төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо үгүй нь мансуурлын далайд монгол залуус хөл алдах нэг шалтгаан болоод байна.

Ерөнхийлөгч “Хар тамхитай хатуу тэмцэнэ, тэдэнд өршөөл үгүй” гэж хэдэн жилийн өмнө сүржигнэсэн. Түүний томилдог субъект болох шүүгч нар нь хар тамхичдыг өөгшүүлээд л “Гялгар уутанд хэчнээн грамм мансууруулах бодис байсныг тогтоо” гэх мэтийн ямар ч биелүүлэх боломжгүй даалгавар бичиж, хавтаст хэрэг буцааж завхруулаад л. Тагнуулынхны гүйцэтгэх ажлын шугамаар авсан мэдээллийнхээ дагуу сэжигтэй этгээдийн биед үзлэг хийж олсон мансууруулах бодисыг нотлох барим тын шаардлага хангахгүй гэх мэт үл ялих зүйлээр шалтгаалан, хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдэж байна.

Энэ нь шүүх хар тамхичдыг өөгшүүлж байгаагийн тод жишээ. Хилээр хар тамхи оруулж ирж буй эмэгтэйчүүдийн тухай мэдээллийг Тагнуулынхан гүйцэтгэх ажлын шугамаар авч, хил дээр саатуулан биед нь үзлэг хийж. Бүсгүйчүүдийн эд зүйл нуух шалгарсан арга нь хөхний даруулга, дотоожиндоо хийх байдгийг хууль сахиулагчид мэддэг учраас тэндээс нь гаргаад иржээ. Гэвч хуульд зааснаар эмэгтэй хүний биед үзлэг хийхийн тулд ижил хүйснийх нь хууль сахиулагч ажиллах ёстой ч эрэгтэй хүн ийм ажиллагаа явуулснаараа хууль зөрчсөн болж, шүүгдэгчийн талд ашигтай шийдэгдсэн жишээ бий.

Энэ мэт байдлаас болоод тагнуулынхан хар тамхи илрүүлэх чиглэлд төдийлөн хүч гаргахгүй болжээ. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг дээ. Илрүүлсэн хэрэг нь ийм байдлаар шүүхэд очоод “цавчигдаж” байхад хэн ч дуртай байх билээ. ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн, прокурорууд ч шалгаж тогтоосон олон хэргийг нь шүүх эцэслэн шийдэхгүй байгаад харуусдаг.

Энэ мэтээр хар тамхичдыг өөгшүүлсээр байтал “даварсаар даварсаар Дагвын орон дээр гарна” гэгч болж байна. Харийнхан манай улсаар дамжуулж, хар тамхи зөөдөг байсан. Түүний 20-иод хувь нь манай оронд үлддэг гэсэн статистик тухайн үед гарч байв. Тэр 20 хувийн гор өнөөдөр маш аймшигтайгаар гарч байна. Ээж нь хүүгээ дагуулаад хар тамхи зарж байгаа нь эмгэнэл биш гэж үү. Амар хялбар аргаар мөнгө олж, амьдралаа дээшлүүлнэ гэж буруу зүйл рүү тэмүүлсэн нь ээжид ч, хүүхдүүдэд нь ч хар толбо болж үлдэх нь гарцаагүй.

Хар тамхийг баян айлын хүүхдүүд л олж авч хэрэглэдэг гэсэн 10 жилийн өмнөх ойлголт үеэ өнгөрөөснийг монголчууд бид бүгд сайтар ойлгох хэрэгтэй болж. Ээж нь хилээр оруулж ирэн, хүүхэдтэйгээ нийлж худалдаж байсан хэргийг цагдаагийнхан илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Сэжигтнүүдийн амьдрал ядуу тарчиг, хоногийн хоолоо арай гэж залгуулдаг гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэлсэн. Эндээс харахад “цагаан тахал” монголчуудыг баян ядуу, мөнгөтэй, эрх мэдэлтэй гэж ялгалгүй дайрчихаад байна.

Цагдаагийнхан нэг хэсэг өөрсдийнхөө хүч бололцоогоор орон нутагт ажиллаж, каннабис хэмээх олсны төрлийн мансууруулах ургамлыг устгаж байлаа. Эдийн засгийн хямрал, байцаан шийтгэх ажиллагааны зардал гэх мэт хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаас болоод энэ ажил тасарчээ. Үүнийг нь далимдуулж, каннабис түүж бэлтгэн борлуулах, боловсруулан “шавар” буюу “гашиш” гэх хүчтэй үйлчилгээтэй бодис гарган авч хэрэглэх явдал сүүлийн үед эрс нэмэгдсэнийг цагдаагийнхан хэлсэн.

Хөдөө хээр л ургадаг, ялангуяа, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн нутгаар ургаж, эдгээр аймгийнхан “инээлгэдэг өвс” хэмээн нэрийдэх болсон каннабис хотын төвд, зун болгон хүч хөрөнгө хаяж ургуулдаг зүлэг дунд соёолох боллоо. Аймшиг биш гэж үү. Цагдаагийнхан өнгөрсөн намар өвс хэрэглэж байсан хэдэн залууг саатуулан шалгахад нийслэлийн ногоон байгууламжийн зүлэг дунд өнөөхөө ургуулчихсан байсан нь тогтоогдсон юм билээ.

“Цагаан тахал”-ыг хяналтаасаа алдаж буй жишээ ганц үүгээр дуусахгүй. Хар тамхины хэргээр шийтгүүлэн, хорих ангид ял эдэлж буй нэгнийгээ эргэхээр очихдоо хар тамхи хүргэж өгсөн тохиолдол гарлаа. Одоогоос хоёр сарын өмнө Говьсүмбэр аймаг дахь ШШГЕГ-ын харьяа хорих 425 дугаар ангид ял эдэлж буй нэгнийгээ эргэхээр найзууд нь очсон байгаа юм. Хорих ангийн албан хаагчид аваачиж өгч буй эргэлтийн эд зүйлд нь хууль журмынхаа дагуу үзлэг хийхэд дотроос нь “мөс” гарч иржээ.

Барууны адал явдалт кинонд л гардаг шиг шоронд хар тамхи нууцаар оруулахыг завдсан найз нар нь мөн л энэ төрлийн хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл байна. Өдгөө Говьсүмбэрийн Цагдаагийн газраас ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс рүү энэ хэргийг шилжүүлэн шалгуулж эхэлсэн гэнэ.

Байдал хүнд болж байгаагийн илрэл энэ биш гэж үү. Шоронг хар тамхины орон болгох гэсэн оролдлого байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан харуул хамгаалалт, хяналтаа улам чангатгах хэрэгтэй болжээ.

Нэгэнт энэ бодист донтсон хүн дахин дахин хэрэглэх гэж оролддог талаар нийтлэлийнхээ эхэнд дурдсан. Шоронд хорьсноор хар тамхинд донтох өвчнийг эдгээж чадахгүйн жишээ дээрх тохиолдол гэж үзэж болох юм. Мөн энэ төрлийн хэргээр баривчлагдсан, цөөн жилийн хорих ял эдлээд гарч ирсэн залуус дахиад л мансууруулах бодис бэлтгэсэн, хэрэглэсэн, хууль бусаар олж авсан гэмт хэрэгт холбогдон шалгуулж буй тохиолдол цагдаагийн байгууллагад олон байна. Тиймээс нэгэнт донтох эмгэг туссан өвчтөнийг хохирогч гэж үзэн эмчлэх хэрэгтэй болжээ.

Манай Сэтгэцийн эмнэлэгт хордлого тайлаад л гаргахаас өөрөөр юу ч хийдэггүй. Өнөөдөр дэлхий дахинд мансууруулах бодист донтох өвчтэй болсон хүмүүсийг эмчилдэг арга, технологи, орлуулагч зүйл хүртэл гарчихаад байна. Манайд өнөөдөр түүнийг судлах, оруулж ирэх, нэвтрүүлэх чармайлт алга. Дургүйд хүчгүй гэгчээр хүчин чармайлт алгаас гадна эдийн засгийн хүндрэл гээд хөрөнгө санхүү ч төр, засаг гаргаж өгөхгүй байгаа билээ. Тиймээс нэгэнт хар тамхийг хүчрэхээ больсон юм чинь хэрэглэгч орон болсноо зарлаж, хар тамхитай тэмцдэг олон улсын байгууллагуудаас хандив тусламж гуйн донтогчдоо эмчлэх арга, технологи Монголдоо оруулж ирвэл яасан юм бэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)